Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Түүхий нүүрсний шаталтаас ялгарах “хүхэрлэг исэл“ элэгний ХОРТ ХАВДАР үүсгэдэг нь БАТЛАГДСАН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 44 секунд

Түүхий нүүрсэнд агуулагдах хүхрийн исэл элэгний хорт хавдар үүсгэгч болж буй талаар Олон улсын хамтарсан судалгааны дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.

-Та ХСҮТ-ийн эмч байхдаа элэгний хорт хавдар үүсгэгч хүчин зүйлсийг Олон улсын судалгааны байгууллагатай хамтран судалсан байдаг. Саяхан судалгааны дүн гарч, утаанаас үүдэлтэй хүхрийн исэл элэгний хавдар үүсгэгч нэг хүчин зүйл гэж тодорхойлсон байсан. Энэ талаар тодруулбал?

-Тиймээ. Бид 5 жилийн өмнө элэгний хорт хавдар үүсгэгчийг молекул, генетикийн түвшинд авч шинжилсэн нэлээд том судалгааг Испанийн судалгааны багтай хамтарч хийсэн. Тодруулбал, 200 гаруй элэгний хорт хавдартай өвчтөнүүдийн материалд молекул, генетикийн түвшинд яг элэгний хорт хавдар үүсгэж байгаа шалтгаанууд нь юу байгааг нарийвчлан судалсан. Судалгааны үр дүн сая АНУ-ын томоохон Кансресурч гэдэг том сэтгүүл дээр хэвлэгдсэн байна.

Үүнээс гарсан үр дүнгээс танилцуулбал, Монгол Улсад элэгний хорт хавдар үүсгэгч нь B, C вирус мөн, түүн дотроо B вирус D вирустэй хавсарсан байх нь элэгний хорт хавдруудыг үүсгэдэг генийн мутациуд гол нөлөөлөх хүчин зүйл болж байгааг тэмдэглэсэн. Тиймээс D вирусийн хавсарсан халдвартай байгаа хүмүүс элэгний хорт хавдраар өвдөх магадлал өндөр байдаг гэдгийг молекулын түвшинд баталсан.

Шинэ нээлт маягийн өөр нэг зүйл судалгаагаар нотлогдсон нь хүнд металын хордлогын нөлөөтэй молекулын мутациуд бий болсныг тогтоосон. Үүнийг нарийвчлан судлаад үзэхээр хүхрийн исэлтэй холбоотой байсан. Хүхрийн исэл нь түүхий нүүрс шатааснаас үүсдэг зүйл. Тиймээс хавдар туссан 4 хүн тутмын нэгд энэ шалтгаан давхар байгааг судалгааны дүн баталсан.

Тиймээс судалгааны дүнг үндэслэж, химийн хүрээлэн болон НЭМҮТ-ийнхэнтэй ярилцсан. Хүхрийн ислийн асуудлаар тодруулахад ихэвлэн түүхий нүүрсний шаталтаас ялгардаг. Ялангуяа Улаанбаатар хот хуучин түүхий нүүрс түлдэг байхад саарал хөшиглөсөн утаа тогтчихдог байсан. Түүнийг хүхрийн исэл гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байсан. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед түүхий нүүрсийг хориглож гэр хорооллын айл өрх, ААН-үүдийн дулааны хэрэглээнд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс агаар дахь утаажилт шингэрч, тунгалаг болсон. Энэ нь хүхрийн ислийг бууруулж байгаа нэг үр дүн байсан гэж хэлж болно.

Харин сүүлийн үед буцаад агаарын бохирдол огцом нэмэгдэж, түүхий нүүрс түлж байсан үеийн хэмжээнд хүртлээ чанаргүй байгаа асуудлыг салбарын мэргэжилтнүүд анхаарч судлах ёстой асуудал. Гол асуудал нь түүхий нүүрс түлснээр элэгний хорт хавдар үүсгэх нэг том шалтгаан болж байна гэдгийг цаашид анхаарах шаардлагатай.

-Судалгаанд 200 гаруй элэгний хорт хавдартай хүмүүсийг хамруулсан гэж ярилаа. Олон улсын түвшинд харьцуулсан судалгааг яаж гаргасан бэ?

-Олон Улсын түвшинд цагаан арьстнуудтай харьцуулж үзсэн. Тодруулбал, элэгний хорт хавдраар өвдчихсөн, генетикийн түвшинд генийн мутациудыг харьцуулдаг л даа. Үүнд нарийн өндөр технологи шаарддаг. Дээр нь өндөр түвшний компьютерын программчлалаар хийдэг судалгаа гэдгээрээ ялгаатай. Генийн түвшинд олон кодуудыг математик аргаар хиймэл оюун ухаан ашиглаж хийж байгаа зүйл шүү дээ.

Ингээд үзэхэд цагаан арьстай хүмүүст нүүрсний шаталтаас үүсдэг хүнд металлын хордлогын шинж байхгүй байсан. Тиймээс үүнийг шинэ нээлт гэж үзэх нэг шалтгаан болж байгаа юм. Учир нь гадаад орнуудын цагаан арьстнууд нүүрс түлдэг орчинд амьдардаггүй учраас гаднын мутацийн ойлголт байхгүй.

Харин Монголд энэ төрлийн үүсгэгч батлагдсан учраас шинэ мутаци түүхий нүүрснээс ялгарах хүхрийн ислийн хувилбар байгааг нээлт гэж үзээд байгаа юм.

Маргааш өдөртөө -21 хэмийн хүйтэн
Маргааш өдөртөө -21 хэмийн хүйтэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.