УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж МАН-ын хөтөлбөрт тусгагдсан байгаа. Нийт хэдээр нэмэгдүүлээд байгаа вэ?
-Зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэрийн тухайд 50 мгв-аар өргөтгөх ажил хийгдэж байгаа. 2023 ондоо багтаад ашиглалтад орох байх. Нөхцөл байдал хүндэрлээ гэхэд 2024 оны эхний хагаст ашиглалтад орох болов уу гэсэн тооцоолол байна. Баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэрийн тухайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гэрээ байгуулагдаад ажил нь явж байгаа.
-Эрчим хүчний салбар энэ өвөл нэлээн хүнд байх нь. Яаж зохицуулах вэ?
-Эрчим хүчний 2000-2022 он хүртэлх хэрэглээг судалж үзлээ. Жилд дунджаар 4.6 хувиар цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсч байна. Тэгэхээр энэ жилийн тухайд оргил ачааллын цагаар 1422 мгв орчим болох болов уу гэсэн тооцоолол байна. Магадгүй, 1422 мгв эрчим хүчний хэрэглээ үүссэн тохиолдолд ОХУ-аас оргил ачааллын цагаар буюу 11, 12, 1, 2, 3 дугаар саруудад оройн 17-22 цагийн хооронд цахилгаан эрчим хүч экспортолно.
-Шинээр баригдах орон сууцнуудыг төвийн шугамд холбох уу. Ачааллаа дийлэх үү?
-Ачааллаа дийлэхгүй болсон байна. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд ярьж байна шүү. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар дулааны хангамжийн тархмал эх үүсвэр буюу таван байрлалд том урт шугамын төгсгөлд эд оргил ачааллын үед эх үүсвэрт залгахаар судалгаа хийгээд явж байна. Эхний байдлаар 560 орчим төгрөг болно. Шинэ эх үүсвэр холбож ашиглалтад оруулсны дараа орон сууцнуудын асуудлыг шийднэ. Шинээр ашиглалтад орох орон сууцнуудыг төвийн шугамд холбоход хүндрэл бэрхшээл бий. Зарим газруудад боломж бий.