Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус компани гангийн үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийг бий болгоход 700-800 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан ба өнөөдрийг хүртэл эл хөрөнгө оруулалтыг хэрхэн хохиролгүй болгох чиглэлд төр дорвитой шийдвэр арга хэмжээ авахгүй байгааг “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир хэлж байна.
Тэрбээр "Засгийн газрын тогтоол гарч Концессын гэрээг цуцалчихсан байгаа. Цуцалсан процесс нь өөрөө зөв зүйтэй явсангүй гэж бид үзээд байгаа. Бид нарыг энэ зөндөө олон ажлыг хийчихсэн байхад юу ч хийгээгүй байна гэж зогсоочихсон учраас ажил хурдан явуулж байсан хүмүүсийн хувьд жаахан гомдолтой байгаа.
Нөгөө талаараа мэдээж төр хувийн хэвшил байхгүй биш өөрөө цаашаа авч явна гэдэг шийдэл гаргаж болно шүү дээ. Тэгвэл энэ хугацаанд Кью Эс Си компани ийм олон хөрөнгө оруулалтуудыг хийчихсэн, зөндөө олон хөдөлмөр цаг зарцуулчихлаа. Тэгэхээр үүнийг нь буцааж яаж хохиролгүй болгож өгөх юм бэ гэдэг асуудлаа яриад хурдан дуусгачихмаар байгаа. Гэтэл энэ асуудлыг алийг нь ч ярихгүй хаалгаа хаачихаад байгаа учраас одоогоор шүүхэд хандсан байдалтай байгаа" гэв.