Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2022.08.25/ улс төрийн мэдэгдэл хийлээ.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өчигдөр Монгол Улсад Үндсэн хууль, хууль байхгүй болсныг нотолсон үйл явдал боллоо. Эрх баригчид Үндсэн хууль дээгүүр гишгэж байна. Нөгөө талаасаа хууль дээдлэх зарчим булшлагдаж байна. Маш харамсалтай. УИХ-аас намын бүлгийн даргыг сонгохтой холбоотой хууль баталсан. Энэ хуулийн заалтад "Бүлгийн нийт гишүүдийн олонхоор бүлгийн даргыг сонгож, чөлөөлөх асуудал байгаа. Гэтэл зургаахан гишүүн оролцож, бүлгийн даргыг сонгосныг УИХ-ын индэр дээрээс Г.Занданшатар дарга баталгаажуулж, уншиж сууна. Нийт гишүүн гэдэг чинь бүлгийн бүх гишүүн оролцож, хүчинтэй болно. Гэтэл зургаахан гишүүн оролцсоныг яагаад нийт гишүүн гэж үзэж байгаа юм бэ. Эрх баригчид ийм байдлаар Ардчилсан намаар тоглодог гэдэг нь харагдаж байна.
Г.Занданшатар даргаа таны өмнөөс нүүр улайлаа. Хууль зөрчсөн тоглоомынхоо бүлгийн даргад амжилт хүсч, хуулийг дээдэлж ажиллаарай гэж захиж чадаж байна аа. Та нар Үндсэн хуулийн дээгүүр алхчихаад захиас сургааль айлдаад байгаа юм бэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар та өргөдлөө өгөөд огцрох ёстой. Та Үндсэн хуулиар болон Ардчилсан намын бүлгээр тоглож байна. Та өөрөө Үндсэн хууль дээгүүр гишгээд явж байгаа нь харамсалтай байна.
Хоёр сайдаа томилж чадахгүй байсан чинь одоо бүх сайдуудаа томилж чадахаа байлаа. Засаглалын хямрал руу орж байна. Бүх гишүүд нь сайд болох гээд Ерөнхий сайд, намын даргынхаа үүдийг сахиж байна.
Монголын төрөөр ингэж тоглож болохгүй. Одоо МАН-ынхан Үндсэн хуулийн цэцийн саналаар гэж хэлээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ. Тэр өөрчлөлтийг хийхэд АН-ын тоглоомын бүлэг хэрэгтэй байгаа. Тиймээс зориудаар тоглоомын бүлэг гаргаж, О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар баталгаажуулж байна. Хамтарсан Засаг жигшиг. Тэрэнд орох гээд зарим нэг нь юм горьдоод гүйж байгаа сурагтай. Тийм байж болохгүй ээ" хэмээлээ.