Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТ: Эрүүл мэндийн сайд С.Энхболд 117 тэрбум төгрөгийн ЗӨРЧИЛТЭЙ ажиллажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
20 минут 4 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2023 оны төсвийг батлах хугацаа хаяанд иржээ. Үүнтэй холбогдуулан Төсвийн шууд захирагчийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар илэрсэн алдаа, зөрчлүүдийг эргэн сануулья.

Энэ удаагийн дугаарт С.Энхболд сайдын төсвийн ерөнхийлөн захирдаг Эрүүл мэндийн яамны 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаас илэрсэн алдаа, зөрчлийг хүргэж байна.

Аудитаар илэрсэн зөрчлүүдийн санхүүгийн тайланд үзүүлэх үр нөлөө материаллаг бөгөөд түгээмэл тархсан тул СӨРӨГ санал дүгнэлт өгчээ.

- "15 тэрбум төгрөгийг мөнгөн гүйлгээний тайланд орлогыг дутуу тусгасан"

- "Унгар улсын Засгийн газрын хандиваар нийлүүлэгдсэн 5 тэрбум төгрөгийн 33 иж бүрдэл амьсгалын аппаратыг давхардуулан бүртгэсэн"

- "Үнэ төлбөргүй шилжүүлсэн бараа материал данснаас Ремдисивир эмийг тушаалын дүнгээс 48 сая төгрөгийн зөрүүтэй хуваарилсан"

- "Хөрөнгийг данс бүртгэлд 9 тэрбум төгрөг тусгаагүй"

Дээрх дөрвөн зөрчлийг аудитын явцад залруулсан байна.

"Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг байгууллагаас олгосон байна"

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 181/ШШ2021/00045, 181/ШШ2021/01699 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт нийт 30 сая 254 мянган төгрөгийг байгууллагаас олгосон байна.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

"ЭМДС-аас тайлант онд 368 тэрбум 618 сая 174 мянган төгрөгийн Ковид-19-ын эмчилгээний төлбөрийг төр, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байхад 93 тэрбум 647 сая 571 мянган төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, нэг удаагийн хамгаалах хэрэгслийн худалдан авалтыг ЭМЯ хийж, эрүүл мэндийн байгууллагуудад давхардуулан хуваарилсан байна"

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2021 оны “Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” 67/А/268, А/387/99 дугаар хамтарсан тушаалаар ЭМДС-аас тайлант онд 368 тэрбум 618 сая 174 мянган төгрөгийн Ковид-19-ын эмчилгээний төлбөрийг төр, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байхад Эрүүл мэндийн яам давхардуулан 93 тэрбум 647 сая 571 мянган төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, нэг удаагийн хамгаалах хэрэгслийн худалдан авалтыг ЭМЯ хийж, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилсан байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг хэмнэлттэй, үр ашигтай байхаар төлөвлөж зарцуулах”, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2021 оны 67/А/268 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” журмын 3.7 “энэхүү журмын 3.1-3.5-д заасан санхүүжилтэд эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, эм, урвалж бодисын зэрэг шууд зардал болон Эрүүл мэндийн яамны 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын тайлан АХГ-2022/381/НА-СТА-ТШЗ 22 холбогдох бусад шууд бус зардал багтана” гэсэн заалтууд, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангахгүй байгаа юм.

"Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ашиглахад зориулж 4 төрлийн эм бэлдмэл худалдаж авахад нийт 26 тэрбум 151 сая 544 мянган төгрөг зарцуулсан. Тайлант онд 13 тэрбум 190 сая 388 мянган төгрөгийн эмийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар төр, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн газруудад хуваарилж 12 тэрбум 961 сая 156 мянган төгрөгийн эмийн үлдэгдэлтэй байна"

Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ашиглахад зориулж 4 /Арбидол, Умифеновир, Тоцилизумаб, Ремдисивир/ төрлийн эм худалдаж авахад нийт 26 тэрбум 151 сая 544 мянган төгрөг зарцуулсан. Тайлант онд 13 тэрбум 190 сая 388 мянган төгрөгийн эмийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар төр, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн газруудад хуваарилж 12 тэрбум 961 сая 156 мянган төгрөгийн эмийн үлдэгдэлтэй байна. Эмийн үлдэгдлийн 55 хувийг 7 тэрбум 103 сая 625 мянган төгрөгийн Тоцилизумаб /400мг/20мл/, 41 хувийг 5 тэрбум 263 сая 932 мянган төгрөгийн Ремдесивир /100мг/ эм эзэлж байна.

Энэ нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 “Энэ хуулийн 7.1.15-д заасан нөөцөд байх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эд, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, нөөц бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, зарцуулах журмыг эрүүл мэндийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэсэн заалттай нийцэхгүй байна.

"Тайлант онд 64 тэрбум 441 сая 843 мянган төгрөгийн үнэ төлбөргүй шилжүүлсэн эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, урьдчилж олгосон зардлыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй байна"

Тайлант хугацаанд эрүүл мэндийн салбарын бусад байгууллагуудад хуваарилсан 62 тэрбум 888 сая 763 мянган төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор иргэдийг дархлаажуулалтын 3 дугаар тунд хамрагдахыг уриалах, дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдол,түүнд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн сурталчлах, олон нийтэд хүргэх арга хэмжээнд зориулан хэвлэл, мэдээллийн байгууллагуудад урьдчилж олгосон 1 тэрбум 553 сая 080 мянган төгрөг, нийт 64 тэрбум 441 сая 843 мянган төгрөгийн үнэ төлбөргүй шилжүүлсэн эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, урьдчилж олгосон зардлыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 “Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ”, 20.2.6 “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалт, үнэлгээ ба хуваарилалт, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлүүдийг хангахгүй байна.

"Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр хураамж зардлын данснаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 181/ШШ2020/01216 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 сая 208 мянган төгрөгийг хариуцагч Эрүүл мэндийн яам төлсөн байна"

Энэ нь Төсвийн тухай 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” гэсэн заалт, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангахгүй байна.

"Эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтын зөвлөмж, өмнөх оны аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулаагүй"

Эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтаар өгсөн зөвлөмж, өмнөх оны аудитаар өгсөн "Хан-уул дүүргийн 300 ортой амаржих газрын барилгын ажлыг гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн яамны 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын тайлан АХГ-2022/381/НА-СТА-ТШЗ 23 байсан аж ахуйн нэгжийн 4 тэрбум 141 сая 626 мянган төгрөгийн нэхэмжлэлийн дагуу тус яамны эд хөрөнгийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 181/ШЗ2018/04116 дугаартай захирамжаар битүүмжилснийг шийдвэрлүүлэх" талаарх зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулаагүй, хэрэгжилт хангалтгүй байна.

Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 “Шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтан нь энэ хуулийн 20.2-т заасан зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд мэдэгдэнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

"Анх нийлүүлсэн барааг өөрчлөн нэмэлт гэрээгээр 4 тэрбум 303 сая 180 мянган төгрөгийн шууд худалдан авалт хийсэн байна. Өндөр өртөгтэй тоног төхөөрмжийн засварын гэрээний дүнгээс 159 сая 262 мянган төгрөгийн илүү санхүүжилт олгосон"

Мөнхийн тун ХХК-аас 2020 онд байгуулсан 416 дугаар "Нэг удаагийн амны хаалт", 412 дугаар "Үзлэгийн бээлий", 408 дугаар "Нэг удаагийн халад", 406 дугаар "Нэг удаагийн улавч" худалдан авах гэрээнүүдийн нийт үнийн дүнгийн 20 хувьд 2021 онд 89, 91, 92, 93 дугаар "Нэг удаагийн комбинзон" нийлүүлэх нэмэлт гэрээг шууд байгуулан 4 тэрбум 303 сая 180 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Саммит медикал ХХК-тай "Өндөр өртөгтэй тоног төхөөрөмж Phillips: Соронзон резонанст томографын аппарат засвар"-ын 340 сая төгрөгийн үнийн дүн бүхий 433 дугаартай гэрээ байгуулсан боловч 499 сая 262 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

Энэ нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.3 “нэмэлт нийлүүлэлт нь анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол”, 41 дүгээр зүйлийн 41.1 “худалдан авах гэрээнд дараах өөрчлөлт хийхийг хориглоно”, 41.1.2 “энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх” гэсэн заалтуудтай тус тус нийцэхгүй байна.

"Тайлант онд нэмэлт төсвийн дансаар санхүүжүүлж байгаа төслийн хөрөнгөөр худалдан авасан хөрөнгө, тоног төхөөрөмжийг данс бүртгэлд тусгаагүй, шууд худалдан авалтыг хуулийн дагуу зохион байгуулаагүй"

Тайлант онд нэмэлт төсвийн дансаар санхүүжүүлж байгаа Глобал сангийн ДОХ/Сүрьеэгийн төслийн хөрөнгөөр 77 сая 200 мянган төгрөгийн үнэтэй эхоны аппарат, хүн амын дунд мэдээлэл сурталчилгаа хийх 45 сая 760 мянган төгрөгийн шууд худалдан авалт, Глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр худалдан авсан 21 сая 484 мянган төгрөгийн компьютер, тоног төхөөрөмж, оффисын тавилга, эм, эмнэлгийн хэрэгслийг данс бүртгэлд тусгаагүй. Орбис төслийн санхүүжилтээс Силвер дизконс ХХК-аар хэвлэлийн ажил гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээний нэмэлтийг үндсэн гэрээний 20 хувиас хэтрүүлэн 8 сая 535 мянган төгрөгөөр байгуулсан байна.

Энэ нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.3 “Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно”, 34 дүгээр зүйлийн 34.1.3 “нэмэлт нийлүүлэлт нь анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 “нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ”, 14.4.2 “бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

"ТӨБЗГ-ын 2021 оны 361 дүгээр тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан 31 сая 960 мянган төгрөгийн үлдэх өртөгтэй Тоёота Ландкруйзер-200 маркийн автомашиныг балансаас балансад шилжүүлэн авсан. Тайлант онд уг автомашины урсгал засварт 28 сая 195 мянган төгрөгийг зарцуулсан"

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалт, Нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангахгүй байна.

"Тооцооны дансаар дамжуулалгүй шууд зардалд бүртгэж тайлагнасан"

Тайлант онд бичиг хэргийн материалын 23 сая 101 мянган төгрөгийн худалдан авалт, шуудан холбоо интернэтийн төлбөрт төлсөн 1 сая 068 мянган төгрөгийн гүйлгээг тооцооны дансаар дамжуулалгүй шууд зардлаар бүртгэж тайлагнасан байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө”, 20 дугаар зүйлийн 20.2.3 “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах” гэсэн заалтууд, Үнэлгээ ба хуваарилалт, Нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлүүдийг хангахгүй байна.

"Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тайлант онд 173 мэдээллийг ил тод байршуулахаас 1 мэдээллийг байршуулаагүй, 70 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн, өмнөх оны аудитаар өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, алдаа зөрчлийг давтан гаргасан байна"

Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст тайлант онд 173 мэдээллийг ил тод байршуулахаас 1 мэдээллийг байршуулаагүй, 547 тэрбум 443 сая 799 мянган төгрөгийн 70 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн, өмнөх оны аудитаар өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, алдаа зөрчлийг давтан гаргасан байна.

Энэ нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх”, 4.1.3 “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх", 6 дугаар зүйлийн 6.4.5 “цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.4 “төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах" гэсэн заалтуудтай нийцэхгүй байна

"Тайлант онд нийт 4 ихнаяд 872 тэрбум 748 сая 500 мянган төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг захиалагчаас шалтгаалан гэрээнд заасан хугацаанаас 1-65 хоног хоцроосон байна"

Тайлант онд нийт 4 ихнаяд 872 тэрбум 748 сая 500 мянган төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг байгууллагуудад тараах хуваарийг нийлүүлэгчдэд баталж өгөөгүй, гэрээ дүгнэсэн актыг тухай бүр үйлдээгүй, гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн тухай албан бичгээр заавар өгөөгүй, гэрээг хэрэгжүүлэх боломжит арга замыг тодорхойлоогүй зэрэг захиалагчаас шалтгаалан гэрээнд заасан хугацаанаас 1-65 хоног хоцроосон байна.

Энэ нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 Захиалагч дараах үүрэг хүлээнэ, 351.1.2 “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.4 “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна

"Урвалж оношлуур худалдан авах гэрээ байгуулахаас өмнө барааг хүлээн авч данс бүртгэлд тусган, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн"

Пролианс ХХК-аас 1 тэрбум 573 сая 200 мянган, Шинэ Сэгэ Мед ХХК-аас 207 сая төгрөгийн урвалж оношлуур худалдан авах гэрээ байгуулахаас өмнө барааг хүлээн авч данс бүртгэлд тусган, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.

Энэ нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна.

Дээрх Эрүүл мэндийн яамны 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын тайлангаас нийт 117 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрчээ.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 ААН-д зөрчлийн хэрэг үүсгэжээ
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 ААН-д зөрчлийн хэрэг үүсгэжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.