Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчний нөөц, эх үүсвэр нэгдсэн сүлжээ болон түлш шатахууны хангамж, нөөц, үнийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Монгол Улсын эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 63 зуухнаас өнөөдрийн байдлаар ажилд 23, 43 турбогенератороос 22 нь ажиллаж байна. Бэлтгэлд 26 зуух, 15 турбогенератор, засварт 14 зуух, 7 турбогенератор байгаа ба өнөөдрийн байдлаар системийн горим ажиллагаа хэвийн байгаа. Эрчим хүчний салбарын 33 үйлдвэр, компанийн хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл дунджаар 68.4 хувьтай байна. Үлдсэн хугацаанд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангахаар ажиллаж байна. Дулааны цахилгаан станцуудын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 60, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хэмжээнд 69, дулааны станц, дулааны сүлжээний хэмжээнд 81, уурхай, Тавантолгойн түлшний хэмжээ 58 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станц 294 мянган тонн нүүрс, 1460 тонн мазутын нөөцтэй байна. Энэ нь өвлийн их ачааллаар тооцвол 6-28 хоногийн нөөцтэй байна гэсэн үг. Холбогдох дүрэм, журмын дагуу бид өвлийн бэлтгэлд нүүрсний нөөцийн хэмжээг 14 хоногтой байлгах шаардлагатай байна. Сайжруулсан шахмал түлшний нөөц өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 90 мянган тонн байна. Энэ жил Засгийн газрын тогтоолоор 150-200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх шаардлагатай. 2022-2023 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 670 борлуулалтын цэг ажиллуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 430 цэг гэрээ байгуулсан, 140 цэгийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.
Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөг, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна.
Иймд цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28.0-30.0 хувиар нэмэгдүүлж бодит өртөгт нь нийцүүлэх шаардлага үүсээд байгаа.
Мөн хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдэж байна. Тухайлбал, Дулааны IV цахилгаан станцын зуух 2021 онд 66 удаа зогссон бөгөөд энэ нь зуухны экран хоолойг 1997 онд шинэчилснээс хойших хугацаанд засвар, шинэчлэл бүрэн хийгээгүйгээс ажиллах нормт хугацаа 14.2 хувиар хэтэрсэнтэй холбоотой байна. Мөн оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх, зээлийн санхүүжилтээр хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болох, шинэ эх үүсвэрүүд ашиглалтад ороход тэдгээрээс худалдан авсан цахилгааны төлбөрийг төлж чадахгүй болох нөхцөл үүсээд байна. БНХАУ-ын хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос шалтгаалан “ДЦС-3 болон ДЦС-4” ТӨХК-уудын үндсэн тоноглолын их засвар, “Чойбалсангийн дулаан цахилгаан станц”-ын 50 МВт-ын өргөтгөлийн төсөл, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн үндсэн магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлуудын тоног төхөөрөмж, материал сэлбэгийн тээвэр хилээр нэвтэрч чадахгүй байгаа нь засварын ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсгэж байна. Оросын холбооны улс болон Украйн улсын хооронд үүссэн нөхцөл байдлын улмаас Европын улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас шалтгаалан 2022 оны 03 дугаар сараас эхлэн ОХУ-ын банкууд хоригт орж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг боломжит валютаар төлж байна. Монгол банкнаас гаргадаг ам.долларын ханш оны эхнээс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 10.5 хувиар өссөн. Үүнээс шалтгаалж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөхдөө валютын ханшийн зөрүүнээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2022 оны эцэст 29.1 тэрбум төгрөг, Баруун бүсийн эрчим хүчний системд 6.3 тэрбум төгрөг буюу нийт 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа.
Эрчим хүчний нүүрс олборлогч (Багануур, Шивээ-Овоо болон Шарын гол) уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэсэлгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан уурхайнууд мөнгөн урсгалын дутагдалд орж, улмаар уулын ажил зогсох нөхцөл үүсэхээр байна. Тухайлбал, ”Багануур” ХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд хөрөнгө оруулалтын ажилд 8.7 тэрбум, нийгмийн даатгалын өр төлбөрийг бууруулахад 6.0 тэрбум, түлшний нөөц бэлдэхэд 15.0 тэрбум , тэсрэх материалын нөөц бэлдэхэд 1.0 тэрбум, сэлбэг материалд 2.0 тэрбум төгрөг буюу нийт 32.7 тэрбум төгрөг, мөн нүүрсний үнийг нэмэгдүүлээгүй тохиолдолд 2022-2023 оны халаалтын улиралд дулааны цахилгаан станцуудад 2.5 сая тонн нүүрс нийлүүлэхэд 33.7 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн дутагдал үүсэхээр байна. “Шивээ-Овоо” ХК нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан ба дизель түлш, тэсрэх материал болон бусад сэлбэг материал, түүхий эд, ажил үйлчилгээний зардал өсч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд дизель түлшинд 12,3 тэрбум, тэсрэх хэрэгсэлд 1.6 тэрбум, тос тослох материалд 0.28 тэрбум, цалинд 4.0 тэрбум, сэлбэг материалд 7.0 тэрбум төгрөг нийт 25.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. Үүнээс дизель түлш, тэсрэх материал, тос тослох материалын зардал болох 14.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. “Шарын гол” ХК нь үнийн өсөлтөөс шалтгаалан дизель түлшний үнэ 2.5 дахин, сэлбэг материалын үнэ 60 хувь хүртэл өсч дизель түлшний 6.7 тэрбум төгрөг, сэлбэгийн 7.9 тэрбум, татварын 7.1 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байна. 2022-2023 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг хангахын тулд 1.7 сая.м3 хөрс хуулж 800 мянган тонн нүүрс нээгдэх байсан ч дизель түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил зогсоход хүрээд байна" гэлээ.