2022-2023 оны хичээлийн жил эхлэхэд 3 долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Гэтэл сургууль, цэцэрлэгийн засварын ажил есдүгээр сарын 01-тэй зэрэгцэх шахуу дуусдаг нь жил бүр л тохиолддог хэвшмэл зүйл. Энэ жил Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14 сургууль, дүүргийн төсвийн хөрөнгөөр 21 сургууль, цэцэрлэгийг их засварт хамруулахаар төлөвлөөд байсан. Одоогоор сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил 61 хувьтай үргэлжилж байгаа ба дүүргийн удирдах ажилтнуудын зүгээс уг ажлыг эрчимжүүлэх, есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгах үүргийг холбогдох албаныханд өгсөн аж.
Монголчуудын дутагдалтай тал нь цагийн юмыг цагт нь хийдэггүй гэх ам дамжсан яриа бий. Үүнийг батлах мэт олон бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсаар. Эл байдлаас шалтгаалан үүсэх үр дагавар нь ч дааж давшгүй болсоор байна. Үүний нэг жишээ нь сургууль, цэцэрлэгийн их засварын ажил юм. Хаяанд ирсэн намрыг буцааж болохгүйгээс хойш хичээл эхлэхээс өмнө заавал засварын ажлыг дуусга гэх албаны үүрэг ажилчдад "ял" болон иржээ.
Тэгвэл засварын ажил тойрсон зарим асуудлаар Нийслэлийн боловсролын газрын санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргын түр орлогч О.Бадамсэрээждээс тодруулга мэдээллийг авлаа.
-Засварын ажил эхлээгүй 1, ажил нь үргэлжилж байгаа 8, тендер зарлагдсан хэдий ч ажил нь эхлээгүй байгаа гурван сургууль бий-
-Нийслэлийн хэмжээнд энэ жил хэдэн сургууль, цэцэрлэгт засварын ажил хийж байна вэ. Одоогоор хэдэн хувийн гүйцэтгэлтэй явж байгаа вэ?
-Одоогоор засварын ажил нь бүрэн дуусчихсан хоёр байгууллага л байна. Тендер нь зарлагдаж амжаагүй буюу засварын ажил эхлээгүй 1, ажил нь үргэлжилж байгаа 8, тендер зарлагдсан хэдий ч ажил нь эхлээгүй байгаа гурван сургууль бий.
Засварын ажил нь үргэлжилж байгаа сургуулиудын хувьд наймдугаар сарын 15-н гэхэд дуусах төлөвлөгөөтэй байна.
Засварын ажлыг эхлүүлэх тогтсон хугацаа байхгүй. Хүйтний улирал эхлэхээс өмнө буюу халаалт ирэхээс өмнө бид ажлаа дуусгахыг хичээн ажилладаг. Дээд албаны хүмүүсээс яаралтай тендерээ зарлаад ажлаа эхлүүлэх л үүрэг өгдөг.
Баянгол дүүргийн 161 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Олонцэцэг "Манай цэцэрлэг энэ жил дээвэр болон сантехникийн засвар хийсэн. Дээврийн засвар нь наадмын дараа эхэлсэн. Долоо хоногийн дотор ажил нь дууссан. Одоогоор дотор заслын ажил үргэлжилж байна. Цэцэрлэг, сургуулийн засварын ажил долдугаар сард эхэлдэг. Урьд жилүүдийг бодвол ажил их хурдан, шуурхай явагдаж байна. Манай цэцэрлэг 280 хүүхдийн ортой. Гэхдээ жил бүр 450 хүүхэд авдаг. Нийт 12 бүлэг, 43 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг" гэлээ.
Тус цэцэрлэгийн хувьд 75 сая төгрөгийн санхүүжилттэй дээврийн засварын ажил нь бүрэн хийгдэж дуусаад байна. Харин дотор заслын ажил наймдугаар сарын 25-н гэхэд бүрэн дуусгаж, хүүхдүүдээ хүлээж авах аж.
-77 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ: Дээвэр болон цахилгааны засвар үргэлжилж байна-
UBN сайтын сурвалжлах баг үргэлжлүүлэн Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийг зорилоо. Биднийг үүдээр нь ороход дотор засварын ажил эрчимтэй өрнөж байсан бөгөөд эмульс, замаск, будагны үнэр хамар цоргиж байлаа.
Засварын ажлын явцын талаар 77 дугаар цэцэрлэгийн нярав Ж.Эрдэнэтуяагаас тодруулахад "Манай цэцэрлэгийн дээвэр болон цахилгааны засвар үргэлжилж байна. Дотоод заслыг өөрсдийн төсөв хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Ажлын явц 70 хувьтай үргэлжилж байгаа. Дээврийн засварын ажил дууссан. Засварын ажил долдугаар сард эхлээд наймдугаар сарын сүүлээр дуусдаг. Манайх 430 хүүхэд хүлээн авах чадалтай. Гэвч жил бүр 500 хүүхэд бүртгэж авдаг" хэмээв.
"Сургууль, цэцэрлэгүүд засварын ажил дууссанаас хойш нэг сарын дараа хүүхдүүдээ хүлээж авах шаардлагатай"
Засварын ажил хичээл эхлэх өдрүүдтэй зэрэгцэн дуусдагаас сурагчид будаг нь хатаж амжаагүй байранд хичээллэх болдог. Тэгвэл энэ байдал нь сурагчдын эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй талаар НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Сувдаас тодрууллаа.
-Сургууль, цэцэрлэгийн засварын ажил одоо ч үргэлжилж байна. Будаг нь хатаж амжаагүй байранд хүүхдүүд удаан хичээллэх нь эрүүл мэндийн хувьд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Будаг нь хатаагүй барилгад удаан хичээллэснээр хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь ямар дэгдэмхий органик нэгдлийг агуулсан барилгын материал, будаг ашигласан зэргээс хамаарна. Тухайлбал, бензол, формальдегид агуулсан барилгын материал байвал хавдар үүсгэх, толуол, этилбензол нь нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд, стирол нь элэг, бөөрийг хордуулах, ксилолууд сонсголын эрхтэнд сөргөөр нөлөөлнө. Харин дэгдэмхий органик нэгдэлд өртөхөд тэр даруй тухайн хүнд толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, нүд улайх, нус гоожих, хоолой хорсох, ядрах шинж тэмдэг илэрдэг.
-Засвар хийхэд хэрэглэдэг материалиуд хүний биед ямар хор хөнөөл учруулдаг вэ?
-Барилгын материал болох будаг, лак, будаг шингэлэгч, өнгөлөгч, цэвэрлэгч шингэн, эмульс, замаск, бүрхүүл үүсгэгч, хавтан нь барилгын дотоод орчны агаарт дэгдэмхий органик нэгдлүүдийг ялгаруулж агаарын чанарыг муутгадаг. Олон улсад барилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтийг зохицуулахдаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг, хавдар үүсгэгч, цочроох үйлчилгээтэй химийн бодисуудыг чухалчлан авч үзэж хянадаг.
Тухайлбал, АНУ, Европын холбооны улсууд барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах нийт дэгдэмхий органик нэгдэл, хагас дэгдэмхий органик нэгдэл, формальдегид, ацетилальдегид болон бусад органик бохирдуулагчдад хяналт тавьж дотоод орчны агаарт ялгарах зөвшөөрөгдөх дээд хэмжээг нь тогтоосон байдаг.
-Тэгвэл засварын ажил дууссанаас хойш хэдий хэр хугацааны дараа хүүхдийг анги танхимд нь хүлээж авах шаардлагатай вэ?
-Сургууль, цэцэрлэгийн цонхийг бүрэн нээлттэй байлгахад дэгдэмхий органик нэгдлүүд агаарт дэгдээд тодорхой хэмжээгээр дотоод орчинд хуримтлагдах нь буурна. Иймээс засварын ажил дууссанаас хойш ядаж нэг сар агаар сэлгэлт хийж цонх хаалгаа бүрэн нээлттэй байлгасны дараа хүүхдийг оруулах шаардлагатай. Тэгэхдээ хүүхдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг дотоод орчинг хэт халуун байлгахын хэрээр дэгдэмхий органик нэгдлүүд ялгарсаар л байхыг үгүйсгэхгүй. Иймээс агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвших, дотоод орчны агаарын температурыг 18-22 градусаас ихгүй байлгах хэрэгтэй. Цаашид боловсролын байгууллагын удирдлага, багш нар дотоод орчны агаарын чанарын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, хүүхдийг дотоод орчинд өртөхөөс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж хэвших шаардлагатай" хэмээлээ.
-ОРОН НУТГИЙН СУРГУУЛИУДЫН ЗАСВАРЫН АЖИЛ ХЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ВЭ-
Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг тухайн аймаг, сумдын боловсролын газар болон захиргаа нь хариуцан ажилладаг. Увс аймаг энэ жил орон нутгийн төсвөөр дөрвөн сургууль, хоёр цэцэрлэг урсгал засвар хийж байгаа бөгөөд наймдугаар сарын 20-н гэхэд дуусах аж.
Харин Дорнод аймгийн хувьд дөрвөн сургуулийн засварын ажил дуусаагүй байгаа бөгөөд наймдугаар сарын 15-н гэхэд аймгийн комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Түүнчлэн Дархан-Уул аймгийн хувьд сургууль, цэцэрлэгийн засварын ажил 75 хувьтай үргэлжилж байгаа талаар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас мэдээлсэн байна.
Энэ мэтчилэн хүүхдүүд будаг нь хатаж амжаагүй байранд удаан хугацаагаар хичээллэснээр эрүүл мэндийн хувьд олон асуудал дагуулах эрсдэлтэй. НҮБ-ын Хүүхдийн сан хот, хөдөөгийн 44 сургууль, цэцэрлэгийг хамруулсан судалгаа хийхэд манай улсад дотоод орчны агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байна гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Үүнд будагч бодис, чанарын шаардлага хангаагүй барилгын материал гол нөлөө үзүүлдэг ба Монгол Улсад сүүлийн жилүүдэд хавдрын тоо өссөн нь үүнтэй холбоотой хэмээн дүгнэжээ.
Тиймээс Нийслэлийн Боловсролын газар болон холбогдох албаныхан эл асуудалд онцгой анхаарч засвар үйлчилгээний ажлын хугацааг шинжлэх ухааны судалгаанд үндэслэн тогтоож, хугацаандаа багтаан дуусгах чиглэлд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.