Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга” уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Чуулга уулзалтын онцлог, гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд ямар ажил арга хэмжээ авч буй талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.
-Энэ удаагийн чуулга уулзалтын онцлогийн талаар яриагаа эхлүүлье. Цар тахлын нөхцөл байдлаас хойш гадаад харилцааны хувьд зохион байгуулагдаж буй томоохон хэмжээний чуулга уулзалт болж байна шүү дээ?
-Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Нийт 67 орны ТББ-ын төлөөлөл дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж оролцож байна. Хилийн чанадад байгаа Монголчууд маань өөрсдийнхөө санаачилгаар нийт 180 ТББ байгуулсан байдаг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 40-50 орчим байна.
Эдгээр байгууллагууд нь 170 мянга орчим Монголчуудын эрх ашгийг төлөөлж буй учраас Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах саналыг байнга тавьсаар ирсэн. Энэ жилийн хувьд эл асуудлыг онцгойлон авч үзэж, тус чуулга уулзалтыг нэлээн өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Эдгээр ТББ-ууд нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний нутагт жаргал, зовлонг туулж, олон олон амьдралын шаардлага сорилтууд дээр тулгуурлаж байгуулагдсан гэж би ойлгодог. Энэ хугацаанд хилийн чанадад байгаа Монголчууд маань хувсан өөрчлөгдөж, хөгжин дэвшиж, зарим нь эх орондоо буцан ирж суурьшин ажиллаж амьдарч байгаа. Эх орондоо эргэн ирж ажиллаж амьдрахад хүртэл олон янзын сорилтууд тулгарч байдаг. Үүнийг ТББ-ууд маань цогцоор нь авч үзэж, төр засагтайгаа нэгдэж ажиллах санаачилгыг Монгол Улсын ГХЯ дэмжиж байгаа.
Энэ хүрээнд өнгөрсөн жилээс эдгээр тус төрийн бус байгуулагуудын төлөөлөл буюу Улаанбаатар хотод ажиллаж буй ажлын албадуудыг ГХЯ дээр байрлуулсан. Ингэхдээ тодорхой зохион байгуулалттай, байгууллагын бүтэц, хүний нөөц талаас нь анхаарсан. Үр дүнгээ өгсөн гэж харж байгаа.
-Энэ чиглэл дэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхэд тулгамдаж буй гол асуудал нь юу байна?
-Нэлээдгүй олон асуудал бий. Хамгийн түрүүнд, хилийн чанадад ажиллаж буй иргэдийн нийгмийн даатгал, хөдөлмөрлөх орчин хэр байна, аюулгүй нөхцлөөр хангагдаж чадаж байгаа эсэх, Монгол улсын иргэнийхээ хувьд шаардлагатай төрийн үйлчилгээг авч чадаж байна уу, төрийн одон медалиар хөдөлмөрөө үнэлүүлж чадаж байгаа юу гэх мэт асуудлыг дурдаж болно.
Жишээлбэл, явцын дунд Алдарт эхийн одонг олгох журмыг өөрчилсөн. Учир нь одон олгох нь дотооддоо маш олон процетур дамждаг. Дүүрэг, нийслэлийн ИТХ, ЕТГ зэрэг газруудаар олон бичиг баримт шаарддагтай адил бүхий л салбарт хөдөлмөрөө үнэлүүлэхэд хүндрэл байдаг. Тэгэхээр Алдарт эхийн одонг ЭСЯ-аар дамжуулан бүхий л тусгай төлөөлөгчийн газруудаар олгож байгаа. Өнгөрсөн жилээс цахим засаглалтай холбоотой хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд маань 40 гаруй төрлийн төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон.
Мөн гадаадад өсөн торниж буй хүүхдүүдээ Монгол хэл, түүх соёлд сургахад маш их асуудал үүсдэг. Энэ асуудлыг ч шат дараатай шийдвэрлээд явж байгаа. Ялангуяа энэ тал дээр 2022 онд тодорхой өөрчлөлт, дэвшлүүд гарсан тул гадаадад байгаа Монголчууд маань сэтгэгдэл өндөр байна. Үүсч байгаа хэрэгцээ шаардлагаа нарийн тодорхойлж, нийтийн эрх ашгийн төлөө шат дараатай арга хэмжээнүүдийг авч шийдвэрлэх боломжтой. Зарим асуудлыг шийдвэрлэхэд тухайн улс орны хууль, дүрэм журамтай зөрчилдөх, иргэншил аваагүй, оршин суух зөвшөөрөл аваагүй зэрэг нөхцлөөс шалтгаалсан хүндрэлүүд бий. Тэгэхээр эл асуудлуудыг ГХЯ маш нарийн авч үзэж, судална. Маргааш чуулганы үндсэн уулзалт болно. Тус хуралдаанаар асуудлаа нарийвчилж ярилцана.