Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 19 секунд

“Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.06.28) Төрийн ордонд зохион байгууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Нийгэм, эдийн засгийн гол асуудлуудын үндсэн зангилаа нь төлбөрийн тэнцэл болсон. Манай улс сүүлийн 10 гаруй жилийн турш төлбөрийн тэнцэл, урсгал дансны хос алдагдалтай явж ирсэн нь эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгож, өр үүсэх үндсэн шалтгаан болсон.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.8 хувиар агшжээ. Экспортын 92 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Энэ нь манай эдийн засаг анхан шатны, боловсруулаагүй түүхий эдээс хэт хамааралтайгаас шалтгаалж байна. Нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүний экспорт багатай. Түүхий эдээс хэт хамааралтай байдал нь эдийн засгийн өсөлтийг тогтворгүй болгож, энэ нь дундаж давхарга үүсэх, ядуурал буурахгүй байх, уул уурхайн бус үйлдвэрлэл, бизнес хөгжихгүй байх үндсэн шалтгаан болж байгаа.

Монгол Улсад үүсээд буй төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал, үүнээс үүссэн гадаад өрийн эмзэг байдлыг шийдэх гарч бол Үндэсний хуримтлал болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн цогц бодлого юм. Үүнийг хэрэгжүүлэхэд засаглалыг бэхжүүлэх тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал. Үүнд эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх, хариуцлага ил тод байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Улсын төсөв бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдээ зөв эрэмбэлэх шаардлага тулгарч байна. Үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зөвлөлдөх ардчиллыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хууль, эрх зүйн шинэчлэл хийх замаар бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж чадсанаар дотоодод ажил эрхлэлт, үйлдвэрлэл нэмэгдэхэд түлхэц болно. Ингэснээр үндэсний хуримтлал бүрдэж, макро эдийн засаг тогтворжино. Улмаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, өсөлт илүү хүртээмжтэй болж, ядуурал буурах боломж бүрдэнэ” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байгаа.

Засгийн газраас мөчлөг сөрсөн өрийн удирдлагын менежментийг хэрэгжүүлнэ. Ялангуяа донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана. Одоо байгаа зээлүүдийн ашиглалтынх нь үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого чиглэл барьж байна. Олон талт хөгжлийн түншүүдээс авах зээлийн хөтөлбөр, зээлийн ашиглалтыг зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан хөрөнгө оруулалт, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баталсан хөрөнгө оруулалтуудын хүрээнд л ашиглана гэсэн хатуу бодлого баримтална " гэлээ.

Засгийн газраас 2012 оноос хойш 3-10 жилийн хугацаатай Чингис, Дим сам, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Номад, Сенчири зэрэг нийт долоон бонд гаргасан байдаг. Засгийн газрын өр 2021 онд 26.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнийг өнөөдрийн үнэ цэнээр тооцвол ДНБ-ий 50.8 хувьтай тэнцэх болжээ. Өрийн бүтцийн хувьд 2016 онд Засгийн газрын өрийн 52 орчим хувь нь арилжааны нөхцөлтэй зээл байсан бол 2021 оны байдлаар 33.6 хувьд болтол бууруулжээ. Харин Засгийн газрын зээлийн ашиглалтыг авч үзвэл 40 орчим хувийг барилгын салбарт, 26 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад, 14 орчим хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байгаа бол 13 орчим хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулжээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат "Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийжээ. Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3 хувиар, 2019 онд 14.3 хувиар, 2020 онд 28.9 хувиар тус тус өсжээ. Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан бол 16.5 хувь нь зам тээвэр, 7.2 хувь нь эрчим хүч, 5.3 хувь нь усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6 хувь нь эрүүл мэнд, 2.5 хувь нь боловсролын салбарт зарцуулагджээ. Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагын зээлээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх эрх зүйн зохицуулалт бүрэн бүрдээгүй. Төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг батлан хэрэгжүүлсэн нь нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бууруулсан, бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдахгүй байгаа" гэв.

БҮТ: МУБИС-д хос хэлний багш бэлтгэх бодлого хэрэгжинэ
БҮТ: МУБИС-д хос хэлний багш бэлтгэх бодлого хэрэгжинэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.