
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны тавдугаар сарын 18-22 ны өдрүүдэд 9 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүх 8 хүнд 1,6-9 жилийн хугацаатай хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Ял шийтгүүлсэн хүмүүсээс 2 нь эмэгтэй, 3 нь энэ төрлийн гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан байна.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.
-Э.С (43 настай, эрэгтэй) нь 2023-2025 оны хугацаанд НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор их хэмжээгээр олж авч, бусдад удаа дараа худалдан борлуулсан, хадгалсан,
Л.Г (37 настай, эрэгтэй,) Ц.Ц (33 настай, эрэгтэй) нар нь Э.С-ээс дээрх бодисыг олж авсан, бусдад худалдсан, Б.Б (44 настай, эрэгтэй), А.А (34 настай, эмэгтэй) нар нь олж авсан, хадгалсан, хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Э.С -г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жилийн хорих ял, Л.Г, Ц.Ц, Б.Б нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг олж, авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, А.А-д 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
-Т.А (42 настай, эмэгтэй) нь БНХАУ-ын иргэн Z.X (50 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Т.А, БНХАУ-ын иргэн Z.X нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Z.X-д 2 жил, 6 сар, Т.А-д 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
-Ц.С (49 настай, эрэгтэй) нь ... аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар ...тоот гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ц.С-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, нийт 3 жил, 10 сар, 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.