"Элсэлтийн ерөнхий шалгалт-2022"-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэл өглөө. Баян-Өлгий аймгаас ЭЕШ-д оролцож буй шалгуулагчид монгол хэл, бичгийн шалгалтыг жил бүр хангалтгүй өгч, хамгийн сүүлийн байранд ордог. Тэгвэл боловсролын байгууллагуудаас энэхүү асуудлыг анхааралдаа авч, холбогдох арга хэмжээг авч эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээс онцлох эшлэлийг хүргэж байна.
- Баян-Өлгий аймагт монгол хэл, бичгийн шалгалтын 400 оноогоо даваагүй 450 хүүхэд байгаагаас 74 нь огт шалгалтдаа ирээгүй.
- Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй шалгуулагчдын дунд наймдугаар сард дахин шалгалтыг зохион байгуулна.
- Баян-Өлгий аймагт бага боловсролын монгол хэлний жишиг хөтөлбөрийг 2-5 дугаар ангид боловсруулж, энэ жилээс хэрэгжүүлж эхэлнэ. Тухайн хөтөлбөрөөр суралцсан эхний хүүхдүүд долоон жилийн дараа төгсөнө.
- Баян-Өлгий аймагт хос хэлний бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хоёр удаагийн туршилтыг хийсэн. Бүх багш нарыг монгол хэлний сургалтад хамруулж байна.
- Баян-Өлгий аймгийн багш нарын боловсролын баримт бичгүүдийг шалгах ажлыг эхлүүлсэн. Мөн багш нарын түвшнийг тогтоож ахиулах бодлогын арга хэмжээ эхэлсэн.
- МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний ангийг нээх хөтөлбөрийг боловсруулсан. МУБИС-д хос хэлний багш бэлтгэх бодлого хэрэгжинэ.
- Баян-Өлгий дэх Багшийн коллеж МУБИС-ийн харьяанд очно. Энэ хүрээнд 3+1, 1+3, 2+2 гэсэн зэрэгцсэн хөтөлбөрүүд хэрэгжинэ.