Цар тахалтай зэрэгцээд дэлхий даяар хуурамч мэдээллийн давалгаа түрж, энэ үзэгдлийг “infodemic” буюу “мэдээллийн цар тахал” хэмээн нэрлэх боллоо. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хуурамч мэдээлэл вируснээс хурдацтай тархаж, илүү их аюул учруулж буйг анхааруулж байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Дэлхий даяар айж түгшсэн хүмүүс дүүрэн байна. Шинжлэх ухаанд суурилсан баримт мэдээллийг хазайлгаж, албаар үл ойшоохгүй байх хандлага нь олон хүний амь насыг эрсдэлд хүргэх хор болж буй” гэж мэдэгдлээ.
Тэрбээр цар тахал, түүнийг дагалдан тархаж буй хуурамч мэдээллийн аюулыг дарахад шинжлэх ухаан ба эв нэгдлийн чухлыг онцлон тэмдэглэв. Хуурамч мэдээллийн дотор Ковид-19 туссан хүмүүс өөрсдийгөө эмчлэх талаарх аюултай, эрүүл мэндэд хор хөнөөлтэй эмчилгээний аргууд, түүний дотор могойн тосны талаарх мэдээллийн талаар анхаарууллаа. Гутерриш юун түрүүнд шинжлэх ухаанд итгэхийн чухлыг цохон тэмдэглээд сошиал медиа болон бусад хэвлэлээр тархаж буй хуурамч мэдээг илрүүлж буй сэтгүүлчид, баримт нягтлагчдад талархаж буйгаа илэрхийлэв.
Бусад нийтлэлүүд унших:
- Хар хун уу? Саарал хирс үү?
- Манайхан - онлайн мэдээллийн сайт ажиллуулж эхэллээ
- Эмнэлэгт ажиллаж буй хүмүүст санаа авах зүйлс
- Гэрийн хорионд сууж буй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ, онлайн хичээл зааж буй багш нар оюутан сурагчидтайгаа...
- Их дээд сургууль бүр өөрсдийн онцлогоосоо болоод зайны сургалтад шилжих технологи нь бэлэн боловч заах арга зүй нь өөр өөр түвшинд байна
Дэлхий дахиныг хэрсэн сошиал медиа, технологийн сүлжээгээр тарж буй хуурамч мэдээллийг ганц нэгэн байгууллага, мэргэжилтнүүд барьж илрүүлэх аргагүйд хүрч байна. Иймээс хиймэл оюун ухаан, машин сургалтын арга, компьютерийн програмчлалын тусламжтайгаар хуурамч мэдээг илрүүлэх олон хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ талаар "Гүүгл", "Фэйсбүүк", "Твиттер", "LinkedIn", "Microsoft", "Reddit", "YouTube" зэрэг компаниуд ихээхэн хүч хөрөнгө зарцуулж, эрчимтэй ажиллаж буй. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн "Фэйсбүүк" компани өөрийн сүлжээгээр дамжин тархаж буй Ковид-19-тэй холбоотой хуурамч мэдээллийг цуглуулжээ. Эдгээрээс мэргэжлийн найдвартай баримт нягтлагчдын дүгнэлтээр вирустэй холбоотой хамгийн хор хөнөөлтэй, зургаан хэл дээр тарсан 104 мэдээг сонгон дүн шинжилгээ хийсэн байна. Эдгээр текст болон видео мэдээг нэгдүгээр сарын 27-оос дөрөвдүгээр сарын долооны хооронд дэлхий даяар ойролцоогоор 117 сая хүн харсан гэдэг нь Фэйсбүүкийн views гэдэг хэмжүүр тул үүнээс ч олон хүнд хүрсэн байх магадлалтай. Эдгээр хуурамч мэдээний 65 хувийг Фэйсбүүкийн хамтрагч баримт нягтлалын албууд худал хуурмаг болохыг нь тогтоожээ.
Хэдхэн хоногийн өмнө "Фэйсбүүк" компаниас өөрийн платформ дээр Ковид-19-тэй холбоотой хуурамч мэдээлэлтэй ямар нэгэн байдлаар харьцаанд орж, лайк дарах, шэйр хийх, коммент бичсэн хүмүүсийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын хуурамч мэдээг нягтлах сайт руу орохыг санал болгоно хэмээн зарлалаа. Харвард Кэннэдийн Шорэнстэйний төв (Harvard Kennedy’s Shorenstein Center) нэг сарын өмнөөс эхлэн Ковид-19 вирусний эмчилгээний талаар "Твиттер" компанийн хөрөнгө оруулагчдын дунд тарж буй цуу яриа, хуурамч мэдээллийг цуглуулан судалгаа хийжээ. Стэнфордын Анагаах Ухааны Сургуулийн судлаачийн зөвлөж удирдсан гэх нэгэн судалгааны тухай Гүүгл баримтыг Элон Маск тараасан байна. Ковид-19-ийг 100 хувь эдгээх “hydroxychloroquine” эмийн талаарх тэрхүү судалгааг хийсэн гэх хүний талаар маргааш орой нь "Фокс Ньюс"-ийн сурвалжлагч Такэр Карлсон ярьжээ. Тэгэхдээ уг эмчилгээг Францад туршсан жижиг хэмжээний судалгааг үндэс болгон тайлбарласан байна. Хэдхэн хормын талаар өнөөх эмийн талаар төрөл бүрийн үгээр олон сая хүмүүс Интернэтээс хайлт хийж эхэлжээ. Хэрэв уг эмийг дэлгүүрт чөлөөтэй зардаг байсан бол маш олон хүн авахад бэлэн байсан нь ойлгомжтой. "Фокс Ньюс"-ийн мэдээг үзсэн Стэнфордын их сургуулийнхан өнөөх судалгааны зөвлөх тэднийхтэй огт холбоогүй гэж мэдэгдсэн байна. Гэвч нэгэнт түймэр шиг хурдан тарсан энэ аюулт хуурамч мэдээг зогсоох аргагүйд хүрсэн байв. Твиттер Бүгд Найрамдах Намынхны их дагадаг нэлээд олон хүний “hydroxychloroquine” эмийн талаарх жиргээг устгасан ч нэмэр болсонгүй. АНУ-ын ерөнхийлөгч Трамп цар тахлын талаарх олон нийтэд мэдээлэл өгөх арга хэмжээнийхээ үеэр гайхамшигт эмний тухай дурдсан нь маш олон хүнд итгэл үнэмшил төрүүлсний уршгаар Тексас мужид нэг гэр бүлийн хоёр өнөөх эмийг уугаад, эмнэлэгт хүргэгдсэн ч нөхөр нь амь насаа алдсан. Энэ бол хуурамч, шинжлэх ухаанаар найдвартай батлагдаагүй судалгаанд итгэж, өөрсдийгөө эмчлэх оролдлогын гашуун туршлага.
Хуурамч мэдээ, мэдээлэл гэдгийн дор яг юуг оруулах, хэрхэн яаж таних, засах, зогсоох, олон сая хүний тархи оюуныг халдварлуулахаас хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж байна. Англи хэлээр “misinformation” гэдэг нь бичиж, тарааж буй хүн нь худал гэдгийг нь мэдэлгүй, бусдыг мэхлэх зорилго агуулалгүй түгээсэн ташаа мэдээлэл. Монгол хэлний тайлбар толинд ташаа үг (хүний санамсаргүй буруу хэлсэн үг, алдаатай хэлсэн үг), ташаа хэрэг (нөхцөл байдлыг буруу ухаарснаас үүдсэн хэрэг явдал) гэжээ. Харин “disinformation” нь бусдад хор хөнөөл учруулах зорилгоор санаатай бэлтгэж тараасан үнэн бус мэдээлэл. Өөр нэг чухал нэр томьёо нь “malinformation” бөгөөд бусдад хор хөнөөл үзүүлэх гэж зориудаар бэлдсэн жинхэнэ бодит мэдээлэл. Үүний дараа элэглэсэн, хошигнол мэдээ (satire) орно. Элэглэсэн мэдээ, мэдээлэл нь хуурамч мэдээний хамгийн нийтлэг хэлбэрийн нэг. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий гэдэг. Энэ логикоор бодвол ямарваа мэдээ, түүнд дурдагдаж буй баримт мэдээллийг үнэн юмуу худал хэмээн хар цагаанаар шууд ялгаж боломгүй. Хоёр туйлын хооронд саарал өнгөөр дүрслэгдэм эргэлзээтэй мэдээлэл ч их. Аливаа мэдээ мэдээллийг үнэн худлын хэмжүүрээр хэн дэнслэн шалгаж, дүгнэх вэ? Тэр үнэлэлт дүгнэлтийн цаана улс төр, эдийн засгийн сонирхол байна уу гэдэг бас бодох асуудал.
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш Д.Идэржаргалын хамт сүүлийн хэдэн жил монголчуудын дунд сошиал медиагаар тарж буй хуурамч мэдээ мэдээллийн талаар хийж буй судалгааны ажлынхаа үр дүнгээс долоо хоног бүр цуврал материал болгон бичих ажил эхэлж байна. 2018 онд Фэйсбүүкээр монгол хэлээр тарсан 200 орчим хуурамч мэдээний сэдэв, агуулга, хэлбэр, түгээгдсэн байдлыг шинжилж, тэдгээр нь нийгэм цаг үеийн асуудлуудтай хэрхэн холбогдож байна, ямар зорилгоор түгээгдэж байна, олон нийт түүнийг хэрхэн хүлээж авч байна, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар хэрхэн мэдээлэв зэрэг асуудлуудад хариулахыг зорьсон судалгааны үр дүнгээс https://ikon.mn/opinion/1sag хаягаар орж уншиж болно.
Цар тахал гарснаас хойш сошиал медиагаар монгол хэл дээр тарсан хуурамч мэдээнүүд агуулгын хувьд өргөн хүрээг хамарч байна. Дэлхий нийтээр тарж буй хуурамч мэдээний орчуулгаас гадна зөвхөн монголчуудад хамааралтай цуу яриа, шинжлэх ухааны үндэслэлгүй ташаа мэдээлэл ч их харагдлаа. Аюулт вирусний гарал үүсэл, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга, халдвар тархаж буй байдал, оношлууртай холбоотой мэдээлэл их байна.