Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Rapper Pacrap: Зүгээр дуулаад өнгөрөхгүй, бодит үр дүнд хүрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 50 секунд

Өөрийгөө Монгол дахь Tupac-ийн хамаатан хэмээн тодорхойлдог rapper Pacrap-тэй ярилцлаа. Тэрээр "Give me justice" дуугаараа олонд танигдаж, саяхан гаргасан хүүхдийн хүчирхийллийн сэдэвтэй "So many tears" дуу нь олон хүнд хүрэн, нэгийг бодогдуулсан уран бүтээл болсон юм.


Rapper Pacrap буюу Х.Ундрах. Тайзны нэрний тухайд Tupac-ийн Pac, rapper гэдгийн Rap нийлүүлэд Pacrap гэж нэрлэсэн. Тэрээр өөрийгөө Монгол дахь Tupac-ийн хамаатан гэж тодотгодог хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, Pacrap Tupac-ийг сонсож рэп урсгал руу гүн орсон, үзэл санаа адилхан, шүтэж, хайрладаг. Мөн Tupac 1996 оны 9-р сарын 7-нд Лас Вегаст буудуулж амиа алдсан бол, Pacrap яг энэ оны энэ өдөр Улаанбаатар хотод төрсөн. Гэвч тэрээр үүнийг өөрийгөө Tupac-ийн хамаатан гэж тодорхойлсныхоо дараа, сүүлд мэдсэн байна.

Ингээд түүнтэй хийсэн уран бүтээлийн талаарх ярилцлагыг хүргэж байна.

Түлхүүр:

  • Сүүлд гарсан "So many tears" уран бүтээлийг байгууллагуудтай хамтарч бодит ажил хэрэг болгоно.
  • "Give me justice" дуу гарснаас хойш  хүмүүс залгаж дарамт шахалт үзүүлэх, эсвэл намайг нэг нэгэн рүүгээ далайлгах зэвсэг болгон ашиглах гэж оролдсон. 
  • Дуугаа хийхийн тулд хоёр, гурван ч сургууль хаялаа, олон ч хүнтэй ам муруйлаа. Нэг зүйлээ удаан хийсэн хэрнээ амжилт гаргахгүй байхаар гэр бүл, хамаатан садан ч гайхаж, яаж амьдрах гэж байгаа юм бэ гэж хэлдэг үе байсан.
  • Хип хоп дуу хүнийг босгох чадалтай. Зохиолын дуу сонсоод хэн уурлаж, бухимдах юм бэ? Харин хип хоп дуугаар нийгмийг илэрхийлснээр хүмүүсийг босгож чадна.
  • Нийгэмд байгаа бүх асуудлыг хөндөхийг хичээнэ. Нэг ч асуудал үлдээхгүй.
  • 7-10 хоногийн дараа өөрийн дүү рэппэр 290-тэй хамтарсан шинэ уран бүтээл гарна.
  • Вирус намжихаар өөрийн анхны биет цомог "Монгол дахь Tupac-ийн хамаатан" цомгоо гаргана.

 -Хэзээнээс уран бүтээл хийж эхэлсэн бэ? Одоо урын сандаа хичнээн дуутай болоод байна?

-2017 оноос хойш уран бүтээл тууштай хийж эхэлсэн. Одоогоор 20-30 дуу, 10-аад клип, нэг аудио альбом гаргаад байна.

-Сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцбал? Саяхан аав болсон байсан?

-Тийм. 12-р сард аав болсон. Одоо 4 сар хүрч байна.

-Дөрөв, тавхан хоногийн өмнө хүүхдийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн “So many tears” гэх шинэ уран бүтээл тань цацагдсан. Энэ сэдвийг аав болохоосоо өмнө бодож байв уу, эсвэл аав болчихоод хүүхдийн асуудалд илүү эмзэг ханддаг болсноос уг сэдвийг хөндөв үү?

-Аав болохоосоо өмнө гаргахаар төлөвлөчихсөн байсан. Манай продюсер ах ийм сэдвээр дуу хийе гэж санал болгоод, хамт аяаа ярилцаж, ая бүтээд, 3-4 сарын өмнө дуу маань гарсан. Тэгээд саяхан клипээ хийхэд тусалж дэмжсэн, хамтарсан хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс маань бас хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг тул ерөнхийдөө хамтрал нь бүрдээд клип маань бүтсэн. 

-Сая аяаа эхлээд бүтээсэн гэж хэллээ. Түрүүлж аяа зохиогоод хэмнэлд нь тааруулж үг бичих, үгээ биччихээд тохирох ая оруулах хоёр ялгаатай байх? Таны хувьд аль нь илүү давуу вэ?

-Бид нар ер нь ихэвчлэн санаагаа ярилцчихаад, аяа хийдэг. Аяны дараа үг бүтнэ. Цаашлаад хоолой бичлэг, микс мастер, клип гэх зэрэг шат дараатайгаар явдаг.

Аян дээрээ тааруулж үг бичих нь илүү амар л даа. Учир нь нэг аяны дотор өөрт нь санаа нь явж байх жишээний, тиймэрхүү өгүүлэмж сайтай аянууд байдаг. Зүгээр сонсоход л энэ аян дээр ийм үг бичвэл болох юм байна гэж санаа төрөх, эсвэл өмнө нь бодож байсан санаатай маань таарах тохиолдол ч гардаг.

-Энэ дууг та өөрийн фейсбүүк хуудас дээр түгээхдээ “Асуудал болгон дээр дуугарах болно. Зүгээр нэг дуу биш, бодит зүйлд хүрнэ” гэж бичсэн байсан. Тэгвэл хэрхэн бодит үр дүнд хүрэхээр төлөвлөж байна вэ?

-“So many tears” дуун дээр хамтарч ажилласан хэд хэдэн байгууллага байгаа. Бид хамтран мөнгө нийлүүлж, “Хүүхдийн тусламжийн 108” төвд машин авч өгөх зэрэг ажлууд хийхээр төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн удахгүй хүмүүст мессеж өгөх инфлюнсер нэвтрүүлгүүд ч цацагдана. Ерөнхийдөө дуундаа хөндсөн сэдвэрээ бодит үр дүнд хүрэхийг хичээж байгаа.

Rapper Pacrap студи дээрээ дараагийн уран бүтээлээ гаргахаар бэлдэж байна. Гэрэл зургийг: Kai De

-Ер нь таныг "Give me justice" дуунаас хойш асуудал хөндсөн, нийгмийн сэдэвтэй дуу хийдэг гэж хүмүүс харах боллоо. Цаашдаа энэ чиглэлээ барья гэж бодож байгаа юу?

-Би цаашдаа янз бүрийн чиглэлээр дуу хийнэ. Хүмүүс намайг сүүлийн үед нийгмийн дуу хоолой гэх зэргээр ярьж байна л даа. Тиймээс намайг өөр сэдвээр дуулвал муугаар хүлээж авах л байх. Энэ өөрчлөгдчихлөө гэдэг ч юм уу. Гэхдээ би онгодоо л дагана. Миний сэтгэл юу хийхийг хүснэ түүнийгээ л хийнэ. Түүнээс биш би яг л нийгмийн сэдвээр дагнадаг реппэр гэж өөрийгөө хэлэхгүй. Энийг хүмүүс сайн ойлгож уншаасай гэж хүсч байна.

-Ихэнх хүмүүс "Give me justice" дууг таны анхны уран бүтээл гэж ойлгодог. Анхны уран бүтээлээ хийгээд, шууд олонд танигдаад л, нэг л амархан гараад ирсэн гэж хараад байх шиг. Гэтэл үүнээс өмнө та олон дуу гаргаж, өнөөдрийн хэмжээнд хүрэх гэж багагүй хугацаа зарцуулсан байна. Энэ бүх хугацаанд шантрах үе байв уу?

-Байгаагүй. Мэдээж хэцүү үе байсан, гэхдээ шантрах зүйл нэг ч байгаагүй. Яахав энэ хугацаанд олон хэцүү зүйл тохиолдож, олон ч зүйлийг золиослосон. Дуугаа хийхийн тулд хоёр, гурван ч сургууль хаялаа, олон ч хүнтэй ам муруйлаа. Нэг зүйлээ удаан хийсэн хэрнээ амжилт гаргахгүй байхаар гэр бүл, хамаатан садан ч гайхаж, яаж амьдрах гэж байгаа юм бэ гэж хэлдэг үе байсан. Гэвч тухай бүрт нь эвтэйхэн аргалаад л өнгөрдөг байснаас өөрөө хэзээ ч сэтгэлээр унаж байгаагүй. Би энийг л хийх ёстой гэж бодоод л хийсэн.

-Ингэж шантралгүй тууштай байхад тань юу нөлөөлсөн бол?

-Надад барууны уран бүтээлүүд их нөлөөлсөн байх. Бас Монголын нийгэм, стресс ч нөлөөлсөн. Би өөрөө их эмзэг хүн. Гадуур явахдаа юм бүхнийг харж, эмзэглэж явдаг, нулимс ойртой хүн. Тийм ч учраас дуугаараа энэ бүхнийг засчих юм сан, нэг хүн ч болов миний дууг сонсоод өөртөө ямар нэг өөрчлөлт хийгээсэй гэсэндээ дуу хийхийг зориод өдий хүртэл үргэлжлээд явж байна. Одоо бол дөнгөж эхлэл. Цаашдаа нийгэмд буй бүх асуудлыг хөндөхийг хичээнэ. Нэг ч асуудал үлдээхгүй гэж бодож байна.

-"Give me justice" дуу таны өмнөх уран бүтээлүүдээс илүү хүмүүст хүрсэний учир юу вэ? Магадгүй та сэдвээ өөрчлөв үү, эсвэл дуулалтын арга барилаа өөрчлөв үү?

-Яг үнэндээ Give me justice миний өмнөх дуунуудаас илүү гарахаар дуу биш. Энэ дуун дээр арга барилаа ч, сэдвээ ч өөрчилсөн юм байхгүй. Бид чинь яг л онгодоороо явдаг. Түүнээс биш одоо ингээд өөрчилчихье, ингээд чанаржуулъя гэж бодож хийсэн юм байдаггүй. Яахав, мэдээж дуу болгон дээрээ чанарыг хүснэ, гэхдээ тухайн үеийн онгод л бүхнийг шийднэ.

Гэрэл зургийг: Kai de

-Ямар үед таны онгод ордог вэ? Өөрөөр хэлбэл, дуу бичихэд хамгийн тохиромжтой үе?

-Ганцаараа байх үед. Эсвэл бүр олон хүнтэй газар. Заримдаа шоудаж байх үед ч тохионо. Ер нь янз бүр. Гэхдээ бодоод байхад ихэвчлэн ганцаараа байх үед илүү тохиромжтой. Аяаа сонсоно, өөр дуунууд сонсоно. Ялангуяа дээр үеийн, нийгэм рүү чиглэсэн дуу хийдэг байсан барууны уран бүтээлчдийг сонсож, яаж үгээ хүргэж байна гэдгийг нь хардаг. Мөн яруу найраг уншдаг. Ялангуяа Р.Чойномд их дуртай.

-Яагаад Р.Чойномыг онцолж уншдаг вэ? Шууд хэлдэг, хурцаар шүүмжилж чаддаг нь нөлөөлөв үү?

-Би Монголоос бол Р.Чойном, гаднаас Tupac-ийг маш их хүндэлж, шүтэж явдаг. Миний хувьд өөрөө зураг зурдаг учраас энэ хоёрыг өрөөнийхөө ханан дээр томоор зураад, доор нь сэтгэлд хүрсэн шүлгүүдийг нь бичдэг.

Р.Чойном тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, дарамтад шахагдаагүй байсан бол ихийг хийж туурвих гоц хүн байсан. Даанч өөрийнх нь хэлснээр цагаа олж төрөөгүй л хүн байх. Хэрэв ардчилсан нийгэмд байсан бол түүнийг хэн ч яаж ч чадахгүй байсан биз.

-Хэрэв та тэр хаалттай нийгэмд амьдарч байсан бол ингэж зоригтой дуугарч чадах байсан болов уу? Р.Чойном шиг?

-Чадах байсан. Яадаг ч байсан уран бүтээлээ хийгээд л явна.

-Ардчилсан нийгэмд амьдарч буй танд Р.Чойном шиг дарамт шахалт ирсэн тохиолдол байна уу? Ялангуяа "Give me justice" дууны дараа?

-"Give me justice" гээд ер нь сүүлийн дуунууд гарснаас хойш хүмүүс залгаж дарамталсан тохиолдол олон гарсан. Эсвэл намайг нэг нэгэн рүүгээ далайлгах зэвсэг болгон ашиглах гэж мөнгө амлах ч юм уу. Ийм дуу хий, 10, 20 саяыг өгье гэх мэт. Гэхдээ би тэгж худалдагдахгүй. Худалдагддаг хүмүүсийг ч гайхдаг. Харин ганцхан би өөрөө үзэл бодол нийлж байвал уран бүтээлээрээ мөнгө олдог хүний хувьд хамтарч болно. Би аль болох залуучуудыгаа дэмжинэ.

-Өмнөх асуултад дууны санаа янз бүрийн орчин, нөхцөлд гэнэт төрдөг гэж та хэлсэн. Тэгвэл тэдгээрээс хамгийн сонирхолтой байдлаар бүтсэн дуу аль нь вэ?

-Give me justice дууны:

Өнөөдөр сэтгэл нэг л тавгүй

Тархин дотор бодол завгүй

Өөрийн хүнээ цагдаад баригдсаныг сонсон өглөө сэрлээ. Энэ хэсгийг дуу бүтэхээс гурван жилийн өмнө бичиж байсан. Манай нэг хүн цагдаад баригдаад, гүтгүүлсэн. Тэрний дараа өглөө сэрэхэд энэ мөртүүд орж ирж байсан юм. Сонирхолтой ч гэх нь юу юм, гэхдээ энэ мөртүүд илүү сэтгэлд ойр байна. Тэгээд тэр мөрөн дээрээ 2, 3 жилийн дараа үргэлжлүүлэн үг бичиж, дуу бүтсэн нь Give me justice юм.

-Та сая хүмүүст хамгийн их хүрсэн "Give me justice" дууг өмнөх уран бүтээлүүдээс тань онцгойрох зүйлгүй гэж хэлсэн. Тэгвэл таны өөрийн тань сэтгэлд хүрсэн, хамгийн сайн боллоо гэж бодсон уран бүтээл аль нь вэ?

-Homie have to change. Яагаад ч юм энэ дуундаа цаанаасаа хайртай. Дууны дүрсжүүлэлтээ би өөрөө хийсэн. Дээр үед дүүгээсээ авсан камераараа дүрсээ аван, эвлүүлээд хийж байсан. Миний хувьд их сүнслэг дуу шиг санагддаг.

-Та урлагийн тэр дундаа хип хоп-ын нийгэмд үзүүлэх нөлөө, гаргах өөрчлөлтийг хэр өргөн хүрээнд харж, үнэлдэг вэ?

-Урлаг өөрөө дэлхийд том өөрчлөлтүүдийг авчирсан жишээ олон байдаг. Жишээ нь, хонхны дууг дурьдаж болно. Дуу хүнд маш их нөлөөлдөг. Ялангуяа хип хоп дуу хүнийг босгох чадалтай. Түүнээс биш зохиолын дуу сонсоод хэн уурлаж, бухимдах юм бэ? Харин хип хоп дуугаар нийгмийг илэрхийлснээр хүмүүсийг босгож чадна.

Гол нь үг. Репперүүд өөрсдөө үгээ бичнэ, нийгмийг дуулдгаараа ялгарна, шууд хэлдгээрээ ялгарна.

-Дараагийн уран бүтээл хэзээ гарах вэ? Нууц биш бол юуны тухай өгүүлэх бол?

-Дөрөвдүгээр сарын 23-наас зураг авалт эхэлнэ. Тэгэхээр 7-10 хоногийн дараа шинэ уран бүтээл гарна. 290 гээд реппертэй хамтарсан байгаа. Манай дүү байгаа юм.

-Ойрын зорилго, төлөвлөгөөгөө хуваалцбал?

-"Хараал идсэн коронавирус" арилчихвал цомгоо гаргана даа. Эхний цомог маань биет бусаар гарсан. Тиймээс хүнд нэг их хүрээгүй. Гэвч миний тухайн үеийн сэтгэл зүйг тэр чигтээ шингээсэн байгаа. Ерөнхийдөө сэтгэл гутралын талаар альбом юм. Миний youtube суваг дээр байгаа. Та нар сонирхоод үзээрэй.

Харин одоо гарах нь "Монгол дахь Tupac-ийн хамаатан" цомог байгаа. Тэр бол биетээр гарч буй эхний цомог бөгөөд миний интро, танилцуулга цомог гэж хэлж болно. Pacrap гэж хэн бэ, яагаад өөрийгөө Tupac-ийн хамаатан гэж нэрлээд байгаа юм, энэ хүн юу хүсч, юуг шүүмжилж, дуугаараа юу хүргэхийг хүсээд байгаа вэ гэдгийг энэ цомгоороо харуулахыг зорьж байна даа.

- Ярилцсанд баярлалаа.

Э.Энхболд: Хөдөө, орон нутгаас ирж буй иргэдийг 01:00 цаг хүртэл нэвтрүүлнэ
Э.Энхболд: Хөдөө, орон нутгаас ирж буй иргэдийг 01:00 цаг хүртэл нэвтрүүлнэ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.