Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Байрны гадна тоглож буй хүүхдүүд дундаас хүүхдээ хэзээ ч олж чадахгүйгээ ойлгоод уйлдаг“

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 53 секунд

Орон нутгийн зам. Жолооч нарын хувьд хамгийн дураараа “аашилж” болох газар нь. Өөрөөр хэлбэл, түгжрэлгүй, барагтай л бол хар замаар дардан зурайх зам дээр гараад жолооч нарын сэтгэл хөдөлж хурд хэтрүүлэх нь элбэг. Гэтэл урин дулааны улирал ирж амралт зугаалга эхэлсэн эл өдрүүдэд энэ байдал маш том эрсдлийг өөрт болон өрөөлд дагуулдаг. Ямар согтуу жолооч гарч ирээд бидний амь насыг эрсдэлд оруулахыг хэлж мэдэхгүй нийгэмд бид аж төрж байгаа хойно эл асуудалд санаа зовинохоос өөр аргагүй. Сүүлийн арван жилийн хугацаанд таван мянга орчим хүн зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар хорвоог орхисон. Нэг хүний эрдэнэт амь ч үнэтэй. Ийм атал таван мянга гэдэг бага тоо биш. Тэр байтугай энэ зуны гурван сарын хугацаанд 250-350 орчим хүний амь нас хохирч, 700-1500 хүн гэмтэж болзошгүй гэх тооцооллыг урьд жилүүдийн ерөнхий дүн, нөхцөл байдалтай харьцуулан албаныхан гаргажээ.

Уулын энгэрт таван мянга орчим улаан шаар салхинд хийснэ. Харин тэдэнтэй зэрэгцэн 500 орчим шар шаар байрласан. Улаан шаар бол сүүлийн арван жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоогоор үлээж байршуулсан шаар. Харин түүнтэй зэрэгцэн цаашид бид л сэргийлэхгүй бол улаан болгож ч мэдэх амийг шар шаараар төлөөлүүлэн тавьсан нь энэ юм. Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаатай улс орон даяар эхлэв. Аяны хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангах замын хөдөлгөөнд оролцоогүй жолооч нарыг илрүүлэх чиглэлд ажиллахаа ТЦА-наас мэдээлж байлаа.

ШАЛТГААН: Ахархан бодол түүндээ уягдах нь

Орон нутгийн замд болгоомжтой зорчихоос илүүтэй “Өглөө эртхэн гараад гэгээ тасрахаас урьд зорьсон газраа хүрье” хэмээх бодолдоо дийлдсэн жолооч нар байсаар байгаа цагт бид эл асуудлыг хөндөхөөс өөр аргагүй. Албаныханы мэдээлж буйгаар зам тээврийн ослын гол нөхцөл шалтгааныг хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, жолоочийн нойр дутуу ядарсан мөн түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, жолооч биш хүнд жолоо шилжүүлэх зэрэг шалтгаанууд эзэлдэг байна.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Орон нутгийн замд осол гарч буй гол шалтгаан нь ХУРД. Жолооч нарын хувьд хурдыг зам орчны нөхцөлд тохируулдаггүй. Орон нутгийн замд осолд орж буй тээврийн хэрэгслийг ангилан авч үзвэл, суудлын автомашин 85 орчим хувийг эзэлж байгаа юм. Түгжрэлгүй тул хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэрэг нь хамгийн том эрсдлийг бий болгож байна.

Хамгаалах бүс зүүгээгүй үед тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, аль эсвэл мөргөлдөх ослын үед зорчиж яваа хүүхэд аль эсвэл урд талын суудалд зорчиж явсан хүн цонхоор шидэгдэх тохиолдол маш их бий. Энэ жил 8 аймаг, Ерөнхий боловсролын 30 орчим сургууль ойн баярын арга хэмжээтэй. Үүнтэй холбоотойгоор хөдөө орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Энэ үед техникийн аюулгүй байдлыг хангах, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, зорчигчдын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Аажуу явбал маш олон баяр, арга хэмжээнд очиж чадна” гэв.

-Гурван сартай нярай зам тээврийн ослын улмаас амиа алдав-

Зам тээврийн ослын хамгийн том хохирогч нь хүүхэд. Тэд өөрсдийн бус өрөөлийн санамсар болгоомжгүйн байдлын улмаас амиа алдаж байгаа нь нууц биш. Энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 25 хүүхэд амь нас хохирсон. Эдгээр хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр авч үзвэл, 17 нь зорчигч хэлбэрээр оролцож байхдаа амиа алдсан байдаг. Насны ангиллаар авч үзвэл, хамгийн бага нь гурван сартай хүүхэд байсан аж. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Хүүхдийг өвөр дээрээ аль эсвэл хамгаалах бүс зүүлгэхгүйгээр сул чөлөөтэй хөдөлгөөнд оролцдог. Магадгүй тухайн жолооч хурд хэтрүүлэхгүй явж байж болно. Гэтэл өөдөөс нь хурд хэтрүүлсэн, жолоо барьсан согтуу жолооч тухайн машиныг мөргөхөд автомашин дотор зорчиж байсан хүүхэд гэмтэж бэртэж байгаа тохиолдол их бий. Орон нутгийн замд зорчихдоо автомашины ачааны хэсэгт ор засаж, тухтай байдлыг нь хангаж байна гэх нэрэн дор хүүхдээ эрсдэлд оруулж буй дүр зураг ч түгээмэл ажиглагддаг. Гэтэл хүүхдийн жин бага байдаг тул цонхоор шидэгдэх, тухайн тээврийн хэрэгсэл доторх хатуу биет мөргөх зэргээр гэмтэл авах нь элбэг. 2021 онд 51 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан” гэв.

МЭДҮҮЛЭГ: Байрны гадна тоглож буй хүүхдүүд дундаас хүүхдээ хайгаад хэзээ ч олохгүй гэдгийг ойлгоод сэтгэл дотроо уйлдаг

Ийнхүү зам тээврийн ослын улмаас үр хүүхдээ цаг бусаар алдсан эцэг, эхчүүд ослын дараа тайлбар мэдүүлэг өгөхдөө сэтгэл өвтгөм тайлбар мэдүүлэг өгдөг болохыг албаныхан хэлж байлаа. Тухайлбал, гэрт нь шөнө юм дуугарахад хүүхэд нь ороод ирчихсэн байх вий хэмээн цочиж сэрдэг гэх. Унадаг дугуйтай ганцааранг нь хөдөлгөөнд оролцуулж явуулсанаас автомашинд дайруулж амиа алдсан хүүхдийн эцэг эх “Байрны гадна тоглож буй хүүхдүүд дундаас өөрийн эрхгүй хүүхдээ хайдаг. Тэдгээр хүүхдүүд дундаас хэзээ ч өөрийн хүүхдээ олохгүй гэдгээ ойлгоод сэтгэлдээ уйлаад гэр лүүгээ ордог” хэмээн хэлж байжээ. Өмнө хэлсэнчлэн сүүлийн арван жилийн хугацаанд 4593 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсаны 30-40 орчим хувийг хүүхэд багачууд эзэлсэн. Ийнхүү ирээдүй болсон үрсээ цаг бусаар алдсаар байх уу. Энэ тоо цаашид нэмэгдэх эсэх нь жолооч таны хариуцлагаас үүднэ гэдгийг энд давхар сануулах нь зүй.

Туул голын салаа усанд боогдсон 7 иргэнийг АВАРЧЭЭ
Туул голын салаа усанд боогдсон 7 иргэнийг АВАРЧЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.