Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд Монголын талаас авах арга хэмжээ нүүлгэн шилжүүлэлтээс бусад арга хэмжээ бүрэн дууссан. Хятадын талд зээлийн тусгайлсан хэлэлцээ хийх хэлцэл хийгдэж байна.
250 сая ам.доллараас дээш Хятадын ЗГ-аас олгогдож байгаа зээлийг Төрийн зөвлөлөөр оруулдаг журамтай юм байна. Тиймээс Төрийн зөвлөлийн хурлаар оруулахаар дотооддоо бэлтгэл ажлаа хийж байгаа гэсэн мэдээлэл бий.
Мөн 271 өрхөд 1210 иргэн нөлөөлөлд автсан байна. Одоо байгаа хуулиар нөлөөлөлд автсан иргэдийн хохирлыг барагдуулахдаа зөвхөн үндсэн хөрөнгөд нөхөн олговор олгож байгаа. Энэ нь хөдөө орон нутагт, ялангуяа малчин иргэдэд тохирохгүй байгаа. Тиймээс биет бус нөлөөллийн нөхөн олговрыг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд автсан иргэдэд олгуулах саналыг Эрчим хүчний яамнаас гаргаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн дэмжигдсэн. Нэг иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сартай тэнцүүлж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Энэ нь 15 сая 100 мянган төгрөг болно" гэлээ.