УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүдийн санаачилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэн найруулсан хуулийн төсөл батлагдлаа. Эл хууль батлагдахаас өмнө шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын дунд цөөгүй жил маргаан өрнөж байлаа. Өөрөөр хэлбэл, зарим хуульчид тухайн гэмт хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь буруу гэж байхад нөгөө хэсэг нь зөв гэх байдлаар 2017-2018 онуудад цөөнгүй маргалдсан юм.
Харамсалтай нь, тухайн үед шүүх байгууллагаас шууд онилоод хэлбэл, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын лобби ихээхэн орсон юм.
Тиймдээ ч хэргийг шүүхээс буцаахгүй байх хуулийн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж чадалгүй алдаж байлаа.
Тэгвэл Б.Энхбаяр тэргүүтэй гишүүдийн санаачилсан хуулийн төсөл батлагдсанаар шүүхээс тухайн гэмт хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүй буюу “НОТОЛ эс бөгөөс ЦАГААТГА” гэдэг зарчмаар ажиллах боломжтой боллоо.
ХУУЛИЙН САЙН ТАЛ НЬ ЭНЭ
Прокуророос тухайн хэргийг “НОТЛОГДЛОО” гээд шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс “Дахиж шалгаж ир”, “Нотлох баримт хангалтгүй байна”, “Гэрчээс дахин мэдүүлэг ав” гэх зэргээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж ирсэн юм. Энэ бол шүүгч өөрийн дураар, үзэмжээр хандаж буй хэрэг бус. Харин 2022 оны өнөөдрийг хүртэл үйлчилж ирсэн хуулиар шүүгч нар ийм бүрэн эрхтэй. Бүр тодруулбал, мөрдөгчийн ажлыг өмнөөс нь хийдэг сайн дурын гэмээр ажилтай байв. Яг ийм зарчмаар шүүгч нар хэргийг мөрдөн байцаалтад буцаах замаар зарим иргэдийг залхаан цээрлүүлдэг, эс бөгөөс хээл хахуулийн хэрэгт холбогдсон этгээдийн хэргийг дундаа шидэх замаар цаг хугацаа хожиж, ял завшдаг, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хаадаг явдал гаарсан юм.
Монгол Улсын хэмжээнд шүүхээс мөрдөн байцаалтад буцсан нийт хэргийн 10 гаруй хувь нь цагаан захтанд хамаарах хэрэг. Эдгээр цагаан захтнуудад хамаарах зарим хэрэг гэхэд 10 гаруй жилийн хугацаанд шүүх дээр яг ийм байдлаар гацсан байдаг. Энэ ч утгаараа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хэргийн нотлох баримт хангалтгүй гэх зэрэг шалтгаанаар багахан ял авсан болоод өнгөрдөг нь ял завшиж буйн тод илрэл юм.
Тэгвэл Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэргийн ирээдүйг шийддэг том малгайтан нь ШҮҮГЧ нар бус харин ПРОКУРОРУУД боллоо.
ПРОКУРОРУУДАД ТУЛГАМДАХ АСУУДАЛ НЬ ЭНЭ
Хуулийн шинэчилсэн найруулгаар прокуророос тухайн хэргийг нягтлаад шүүх рүү ямар баримт шилжүүлнэ. Тэр үзэмжээр шүүгч нар хэргийг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн прокурор хэр чадамжтай, хэр мэргэшсэн, хэр ёс зүйтэй байхаас тухайн гэмт хэргийн ирээдүй хамаарна гэсэн үг юм.
Угтаа бол дэлхийн бүхий л улсад тухайн гэмт хэргийг шүүхээс нэг бол хэрэгсэхгүй болгодог. Үгүй бол ялладаг зарчим үйлчилдэг. Гэхдээ тэдгээр улс орнуудын хувьд хуулийн салбар маш хатуу сахилга баттай байхын сацуу хүний нөөцийн хувьд хангалттай төвшинд байдаг. Гэтэл манай улсад 500 гаруйхан шүүгч, түүнтэй ижил тооны прокурор байдаг. Энэ утгаараа тухайн прокурор нэг хэргийг барьж аваад эцсийг нь хүртэл баримтжуулаад шүүх рүү шилжүүлэхэд багагүй цаг авах нь тодорхой. Яг энэ утгаараа прокуророос шүүх рүү шилжих хэргийн тоо цөөрөх эрсдэлтэй юм. Хэдий ийм ч гэлээ, урт хугацаандаа буюу мөрдөгч нарын, прокурорын чадамж, хүрэлцээг нэмэгдүүлж чадвал дээрх хуулийн үйлчлэл нийгэмд асар их үр шимээ өгөх сайн талтай. Үүнийг ганц сэтгүүлч миний бие хэлээгүй, нэр бүхий маш олон судлаачид хэлсэн гэдгийг цохон тэмдэглэх нь зүйн хэрэг байх.
ТЭГВЭЛ СУЛ ТАЛ НЬ ЮУ ВЭ?
Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэргийн ирээдүйг шийддэг том малгайтан нь ШҮҮГЧ нар бус харин ПРОКУРОРУУД боллоо гэж зүгээр ч нэг хэлээгүй ээ. Учир нь тухайн прокурор гаднын нөлөөнд орж хэргийн нотлох баримтыг дарагдуулах, хавтаст хэрэгт авагдах ёстой нотлох баримтыг хангалтгүй цуглуулах эрсдэлтэй юм. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл шүүхэд боож хүргүүлсэн нотлох баримтын хүрээнд гэмт хэргийг үнэлэх учир гэмт этгээд жинхэн утгаараа ял завшиж, хэргээ цагаатгуулах эрсдэлтэй. Тиймээс л прокурорт тулгамдах хүчин зүйлийг дээр цухасхан дурдсан нь энэ. Хэдийгээр хууль санаачлагдын зүгээс хэргийг дутуу шалгаж шүүхэд шилжүүлснээс үүдэж гэмт хэрэгтэн хэргээс мултрах юм бол тухайн прокурортой хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Тэгвэл прокурорын хэрэг дээр дутуу ажилласан, бүр нарийвчилбал, санаатайгаар хэргийг дутуу хянаснаас нь болж хэрэгтэн цагаадсан гэдгийг хэн шалгаж, нотлож, тогтоох юм бэ. Магадгүй Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үүнтэй холбоотой заалт тусгаж өгөх байх. Гэхдээ тийм ч төгс төгөлдөр хэлбэрээр нь тусгана гэдэгт итгэлгүй байгаагаа нуух юун.
Ямартай ч, шинэчлэн найруулсан хуулийн төслөөр хэргийг шүүхээс буцаах эрхгүй боллоо, шүүгч нар.
Бараг л шүүгчдийн жонглёрыг арилгасан ч, ПРОКУРОРЫН “цавчаа“-г нэмэгдүүлэх эрсдэлтуй хууль батлагдлаа гэхэд болно. Энэ ч утгаараа энэ цаг үеэс прокурорууд улам хариуцлагатай байх цаг үе ирлээ. Тэднийг мэргэжлийн ёс зүйтэй байж, өргөсөн тангарагтаа үнэнч байна гэдэгт найднам.
ИНГЭЭД ОЛНЫ АНХААРАЛД ӨРТӨЖ БАЙСАН ЯМАР ЯМАР ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭС МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЖ БАЙСАН ГЭДГИЙГ ТОЙМЛОН ХҮРГЭЕ.
- Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, генерал П.Дашид холбогдох хэрэг.
- Кёкүшюзан Д.Батбаяр нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг хэрэг сүүлийн 10 жил тасралтгүй хуулийн хаалга сахисан хэргүүдийн нэг юм.
- Э.Бат-Үүлийг батлан даалтаар суллаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
- С.Баярцогтод холбогдох хэрэг.
- Шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан. Гэвч шүүхээс гэм буруутайг тогтоож, улмаар тэрбээр магадлангаар суллагдсан.
- Тээврийн прокурор Х.Тамир нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцааж байсан. Улмаар түүний гэм буруутайг нотлож, шүүхээс ял өгсөн.
- 2008 оноос хойш олны анхааралд байсан “Анод” банкны хэргийг шүүхээс хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Уг хугацаанд тус банкад холбогдох 149 хавтаст хэрэг бүрдүүлсэн гэнэ. Улмаар хэрэгтүүдийн зарим нь ял эдэлсэн.
- "Зоос" банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг болон Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэрэг.
- Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох
- Зам тээврийн сайд асан А.Гансүхэд холбогдох хэрэг
- Гишүүн асан Н Номтойбаярт холбогдох хэрэг
- Олимпын аварга Н.Түвшинбаярын хэрэг