Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Х.Баттулга, А.Гансүх нарыг АНУ-ын хоригт оруулах хүсэлттэй холбоотой зүйл ЯРИАГҮЙ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
9 минут 43 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төсвийн тодотголын асуудлаар та байр сууриа илэрхийлээгүй. Сөрөг хүчний хувьд та төсвийн тодотголыг нэлээн шүүмжилж байсан гишүүдийн нэг шүү дээ?

-18.2 их наядын зарлагатай, 16 их наядын орлоготой төсөв байсан. Тэр нь 542 тэрбум төгрөгийг хэмнэсэн нэртэй боловч 240 орчим тэрбумыг л хэмнэсэн. УИХ бүр л дордуулчихсан. Өрийн тааз нь 60 хувьтай гэж байгаа. Хуулиараа 70 хувь гэж байна. Гэхдээ энэ бол зориуд томруулсан төсөв. Нүүрсний орлогыг 36 сая тонн тооцчихсон. Гэтэл өнөөдөр зургаан тонн нүүрс гаргасан уу, үгүй юу л байгаа. Хил гааль нь хаагдчихсан. Тээврийн зардал, хүнсний үнэ маш их өссөн. Үүнээс гадна хувийн хэвшлээ дэмжиж байгаа бодлого байхгүй байна. Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан өгнө гэж байгаа. Энэ нь ажилчдын өөрийнх нь мөнгө. Үүнийг төр засаг шийдээд байх ёсгүй. Уг нь ААН-үүдээ дэмжих ёстой. Хувийн байгууллага, хувь хүнийг дэмжих ёстой. ААН-үүд чанартай ажлын байр бий болгож, өндөр цалин өгч байж хямралаас гарна. Тэгэхэд нэг сая төгрөгөөс доошхи нь цавчаад хаячихсан. Монгол хүн нэг сая төгрөгөөс дээш цалинтай байж болохгүй юм шиг л. Нэг сая төгрөгийг өнөөдрийн ханшаар аваад үзэхэд 200 доллар хүрэхгүй л цалин. АНУ-д барилга дээр хар ажил нэг цаг хийхэд л 200 доллар авч байгаа юм. Нэг цагийн ажлын хөлсийг бүтэн нэг сар ажиллаж байж авч байна шүү дээ. Ийм байж болох уу. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ бусад улс орнуудтай харьцуулахад өндөр.

-Тодотголын төсөл УИХ-ын чуулганаар батлагдахдаа хэр өөрчлөгдсөн бол?

-Муудсан. Засгийн газар муу тодотгол оруулж ирснийг УИХ нь улам л муутгаад явууллаа. Миний бодож байгаагаар удахгүй Пүрэв, Баасан гарагаас тодотгол орж ирэх байх.

-АН-ын бүлгээс та өнгөрсөн аравдугаар сард гурван гишүүнийг хассан. Тухайн гишүүд бүлэгт байгаа юу. Одоогийн байдлаар бүлэгт албан ёсоор харъяалалтай хэчнээн гишүүн байна вэ?

-АН-ын бүлгийг байнга яриад байдаг. МАН-ын бүлгээс гишүүд нь түдгэлзэж, нам нь шийдвэр гаргаад явдаг зүйл зөндөө бий. Тухайлбал, өмнө нь Н.Номтойбаяр, Ц.Анандбазар зэрэг гишүүд байсан. Гишүүдийг бүлгээс хассан хүн би биш. Эрх бүхий субъект нь би биш. Тухайн намынх нь дүрмийн хороо шийдвэрээ гаргаад, намын дарга шийдээд, хяналтын хороо нь хянасан л зүйл.

-Хассан гэх мэдэгдлийг та өөрийн биеэр хийсэн шүү дээ. Мөн өнгөрсөн долоо хоногт С.Эрдэнэ дарга та хоёрыг Х.Баттулга, А.Гансүх нарыг АНУ-ын хоригт оруулж өгөх хүсэлтийг тавьсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гарлаа. Үнэн үү. Элчин сайдтай ямар зорилгоор уулзсан юм бэ?

-АНУ бол манай улс орныг дэмжиж ажилладаг. Хүнд хэцүү цаг үед гуравдагч хөршийн бодлогыг тууштай явуулж стратегийн түншлэлийн гэрээтэй улс шүү дээ. Дэмжиж ажиллах хүсэлтийг тавьсан. Мөн хүнд хэцүү үед Америк, БНСУ, Япон зэрэг улсууд Ковакс хөтөлбөрийн хүрээнд Файзер вакциныг оруулж ирж, коронавируст халдварыг багасгаж чадлаа шүү дээ. Нөгөөтээгүүр манай АН ардчилсан улс орнуудтай үнэт зүйл, үзэл баримтлал нэгтэй. Хүний эрхийг дээдэлдэг, хувийн өмчийг зөвшөөрдөг, олон намын системийг хүлээн зөвшөөрдөг, 30 жил бид ингээд л явчихсан улс. АН-ын дарга С.Эрдэнэ даргын хувьд юу ярьсан талаар өөрөөс нь асуу. Бид хамт уулзсан. Миний хувьд өөрийнхөө ярьдаг зүйлийг ярьсан. Тухайн хүсэлттэй холбоотой зүйл яриагүй.

-Төсвийн хэмнэлтийг ярьж байна. Улс төрийн намын тухай хуулиар УИХ-д суудалтай намуудад төсвөөс хэдэн төгрөгийн санхүүжилт өгдөг юм бэ. Санал өгсөн тоогоор тооцож жилд хэдэн төгрөгийн төсөв авдаг юм. 70 орчим тэрбум төгрөгийг санхүүжилтээр авсан гэх мэдээлэл байна?

-70 орчим тэрбум төгрөг эсэхийг мэдэхгүй. Эрх баригч намынхан л авсан байх. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгдөг зүйл байдаг байх.

-Танай намын хувьд?

-Тийм их зүйл байхгүй байх. Ер нь улс төрийн намыг авлигагүй, шилэн байх талаас бүх улс орнуудад ийм зүйл байдаг.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт МАН-ынханы дунд яригдаад байна. Хэрвээ орж ирлээ гэхэд яригдаад байгаа дөрвөн өөрчлөлтийн тал дээр АН, бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай нам болон миний хувьд тийм өөрчлөлтүүд байх ёстой л гэж үзэж байгаа. Өмнө аль эрт л хийчихсэн байх ёстой өөрчлөлтүүд. Сонгуулийн хоёр системийг оруулж ирэх ёстой. Жагсаалтаар болон шууд саналд үндэслэдэг байдлаас үүдэн сонгогчийн санал орхигдоод байна шүү дээ. 40-хөн хувийн санал аваад нэг нам 80-90 хувийн суудал авж байгаа. Хийж байгаа ажил нь ард түмний сэтгэлд хүрэхгүй. Ард түмний хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадахгүй байна. Нөгөө талаас сайн гээд тавьчихаар 76 тоотой жижигхэн парламентаас сайд нар олон гарчихвал хяналт нь багасаж, хуулийн хэлтэс шиг болчихно. Хуучин улаан булан болчихлоо гэж ярьдаг шиг УИХ цөөхөн тоотой, Засгийн газар нь олон сайдтай, нөгөө намын дарга нь толгойлоод байж байвал МАН-ын улаан булан шиг л зүйл болчихоод байна. Тэгэхээр ХҮН намын тоо ч өслөө. Тухайн хуулийг баталж байхад 1992 онд хоёр сая хүнтэй, нэг сая сонгогчтой байсан бол одоо гурван сая хүнтэй, 2 сая гаран сонгогчтой улс болсон байна. Тоон харьцаанаас харвал нэг жишиг гэж бий. Энэ байдлаас харвал тоог нь нэмэх шаардлагатай.

-АН-ын бүлгийн даргын албан тушаалыг таниас авах гэж байгаа гэх мэдээлэл байна. Эл мэдээлэлд та ямар байр суурьтай байгаа вэ. Танай нам дотор үнэхээр ийм мэдээлэл яваад байна уу?

-Ер нь бүлгийн даргыг чөлөөлөх талаар хуулийн зүйл заалт байхгүй юм билээ. УИХ-ын тухай хуулинд анх сонгох талаар заалт байдаг. Чөлөөлөх заалт байдаггүй л юм билээ.

-Хэрвээ таныг чөлөөлнө гэвэл та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой юм байлгүй. Тэр тусмаа манай нам хуваагдсан, үл ойлголцсон, ойлгомжгүй хэцүү үед хэл амгүй ч гэсэн нэг газар байж байвал зүгээр гэсэн бодолтой байна. Үүний дараа АН учир начираа олоод ойлгомжтой болно.

-Та өөрийн бүлгийн даргын ажилдаа хэр чанартай ажиллаж байгаа гэж бодож байгаа вэ. Өөртөө үнэлгээ тавьбал?

-Хүн өөрөө өөртөө үнэлгээ өгөх нь муухай байх. Би ямар нэгэн барьцаанд орсон зүйл алга. Ямар нэгэн шахаанд орсон зүйл ч байхгүй. УИХ-ын АН-ын бүлгийн 11 гишүүнээс дөрөв нь л 2-3 удаа сонгогдсон гишүүд байгаа. Хууль зүй, байнгын хорооны дарга олонх байхад би хийж байсан. Тодорхой хэмжээний туршлагатай. АН, ардчиллыг анхнаас нь авахуулаад 30 жил явж ирсэн түхтэй хүн. Энэ хугацаанд надтай холбоотой ямар нэгэн хэл ам гарч байсан зүйл байхгүй.

-Эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулаад таныг албан тушаалаас нь буулгавал та өгөхөд бэлэн байгаа юм байна. Тийм үү?

-Бэлэн байна. Аль эсвэл зохицуулалт гарах ёстой гэдгийг би мэдэхгүй юм.

-Ярилцсанд баярлалаа.

“Залуусын нислэг“ шоу тоглолт тавдугаар сарын 7-нд болно
“Залуусын нислэг“ шоу тоглолт тавдугаар сарын 7-нд болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.