Хил гааль хаалттай бараа таваарын гацаатай энэ цаг үед бид туйлын хүнд эдийн засагтай нүүр тулж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь иргэдийн амьдралд хүнд тус, арга ядсандаа залуус жагссан юм. Гэвч байдал төдийлөн өөрчлөгдсөнгүй.
Харин өнгөрсөн долоо хоногийн жагсаалаас хойш Ардын нам дотор битүүхэндээ Миеэ Энхболд даргаа эргэн санагалзагчид “ургаж” эхэлцгээв. Тэд нам дотроо ярихаас гадна твиттер, фэйсбүүкээр “М.Энхболдыг л аваад хаячихвал бүх зүйл сайхан болно гэсэн яасан бэ. Улам дордлоо” гэх агуулгыг нэлээдгүй сэвсэн. Ер нь урд хөрштэйгөө бид төдийлөн хэл амаа ололцохгүй байгаа нь үнэн. Хэдийгээр наанаа бүх зүйл асуудалгүй байгаа мэт боловч нэдэр дээрээ урд хөрш биднийг битүүхэндээ “боосоор” байна. Үүнийгээ тэд үгээрээ биш үйлдлээрээ харуулсаар удлаа.
Хэрэв санаж буй бол Ерөнхий сайд хил гаальтай холбоотой асуудлыг Хятадын Ерөнхий сайдтай цахимаар уулзаж ярилцаад, хэл амаа ололцлоо гэтэл маргааш өглөө нь хилээ улам чангалчихсан. Монголд валют оруулж ирдэг гол экспорт болох нүүрсээ ч бид гаргаж чадахгүй байна. Яг жилийн өмнөөс эхэлсэн нүүрсний экспортын хязгаарлалт одоо бүр утгаа алдаж байна. Өдөртөө 300 хүрэхгүй нүүрс ачсан машин хилээр гарч байна. Энэ эрчээрээ явбал бидний энэ жил 36 сая тонн нүүрс экспортлох зорилт үлгэрийн далай болно. Ядаж Цагаан хад дээр хуримтлагдаад байгаа өнгөрсөн жилийн нүүрсээ гаргаж дийлэхгүй байна шүү дээ. Энэ эрчээрээ явбал зунаас нааш Цагаан хад дээр байгаа 5 орчим тонн нүүрсээ гаргаж дийлэхгүй.
Тэгвэл Хятадын талтай харилцаа ойлгомжгүй болсныг улс төрийн хүрээнийхэн тайлбарлахдаа Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил намын дарга байхдаа 100 жилийн ойгоороо мэдэгдсэн мэдэгдэл. Далай ламыг 2017 онд авч ирсэн. Мөн улс төрийн өндөр албан тушаалтнууд Далай ламтай саяхан очиж уулзсан асуудал. Эдгээрээс гадна М.Энхболд тэргүүтнийг авч хаяад Хятадыг эсрэг үг хэл гаргаж явдаг нөхдүүд эрх мэдлийн гол зангилааг атгасантай холбож буй юм. Бүр Ардын намынхан дунд Хятадын асуудлыг шийдвэрлүүлэхээр М.Энхболдыг эргүүлээд оруулж ирье гэх өнгө аяс, дуу хоолойг гаргаж буй хүмүүс ч байна. Хэрэв санаж буй бол М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах процесс өрнөх үед тэрбээр “Ахыгаа ингэж унагаж болдоггүй л юм даа. Та нар энэ улс орныг хоолтой, ундтай байлгаж чадах юм уу” гэх алдартай үгээ хэлсэн гэж улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийцгээдэг.
Нээрээ ч өнөөдөр ковид гэх нэрийн дор Хятадын талаас орж ирдэг бүх бараа бүтээгдэхүүн хязгаарлагдаж, нарийн ногоо хүртэл тасарч байв. Ер нь М.Энхболд Хятадын талтай харилцаа сайтай. Хувь иргэний хувиар очсон ч Хятадын тал тун хүндэтгэлтэй хүлээж авдаг гэдэг.
Тиймээс өнгөрсөн жагсаал цуглаанаас хойш Ардын нам дотор М.Энхболд даргыгаа эргээд бодитойгоор санагалзаад эхэлсэн гэнэ. Эдийн засаг хүндэрч, өдрөөс өдөрт үнийн өсөлтөд “алуулж” байгаа нь дараагийн сонгуулиар намд сайн нөлөө үзүүлэхгүй тул уг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй гэх байр суурь МАН-д хөвөрч эхэлжээ. Мэдээж уг асуудлыг шийдэж, Хятадын талын ойлгомжгүй хүйтэн харилцааг эерүүлж чадах хүн бол М.Энхболд байх гэнэ. Уг асуудлыг намын дарга тэргүүтэй эрх мэдлийн зангилааг атгаж буй эрхмүүд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байх. Гэхдээ энэ хэвээрээ явбал улс төр яаж эргэх бол гэдэг нь сонирхолтой.
Л.Баяр