Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Энэрэл: Би урлаг дундаа амьдарсаар л яваа

Ангилал
Нийгэм Ярилцлага Ubn story
Огноо
Унших
15 минут 14 секунд

"Ubn story" булангийн ээлжит дугаарт МУСТА, жүжигчин Т.Энэрэлийг онцолж байна.

-Таны хувьд өөрийнхөө намтрыг хамгийн товчоор хэрхэн илэрхийлдэг вэ?

-Ер нь Түмэнгийн Энэрэл гэдэг хүний намтрыг бичих гэхэд их л товч бөгөөд тодорхой зүйл л байдаг. Нийслэлийн 97 дугаар сургуульд суралцаж төгсөөд СУИС-ийн жүжигчний ангид 2006-2011 онуудад суралцсан. Төгсөнгүүтээ Төв аймгийн Монгол туургатан театрт ажилд орж байлаа. Одоо ч театртаа ажилласан хэвээр байгаа. Кино уран бүтээлээр маань олон нийт илүүтэй хардаг байх. Гэхдээ би төрийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Бусдын л адил нийгмийн даатгал төлдөг ажилтан хүн шүү /инээв/

-Хэдийгээр урлагийн байгууллага боловч төрийн алба гэдэг утгаараа илүү их хариуцлага дагалддаг болов уу гэж бодож байна. Тэгвэл төрийн байгууллагын ажлын хуваариа дэлгэцийн уран бүтээл, зураг авалтад зарцуулах цаг завтайгаа хэрхэн уялдуулдаг юм бэ?

-Өөрийнхөө ажилладаг Төв аймгийн Монгол туургатан театрын талаар ярих боломж тэр бүр олдоод байдаггүй л дээ. Асууж байгаад чинь баярлалаа. Манай театрынхан маш халуун дулаан уур амьсгалтай, товчхондоо хэлэхэд миний гэр бүл шиг л хүмүүс. Театрын маань драм анги бол миний оюутан цагийн найзууд. Бид СУИС-д нэг ангид суралцаж төгсөнгүүтээ Төв аймгийн театр луу ангиараа ажиллахаар явж байсан. Тиймдээ намайг ямарваа нэг дэлгэцийн уран бүтээлд ажиллах, зураг авалтад оролцох болоход тэд нар маань намайг нөхөж, урам зориг хүч болж байдаг. Намайг үргэлж дэмжиж байдаг театрынхандаа талархаж явдгаа энэхүү ярилцлагаар дамжуулан хэлмээр байна.

-Дан ялангуяа эмэгтэй уран бүтээлчид хувийн амьдрал зохиогоод л урлагаас хэсэгтээ хөндийрдөг гэх явган яриа байдаг л даа. Энэ яриа өөрийг тань ч тойроогүй. Уран бүтээлээс хэсэгтээ завсарлага авчихсан байв уу аль эсвэл Т.Энэрэл чимээгүйхэн уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүрэв үү?

-Энэ тал дээр тайлбар хиймээр санагддаг. 2018 онд Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” киноны гол дүрийн эмэгтэйгээр шалгарч, Шанхайн кино наадамд оролцсон. Харамсалтай нь тэрхүү кино маань Монголд нээлтээ хийгээгүй. 2020 онд Германы топ таван наадмын нэг болох кино наадамд Алтан судал киногоор оролцсон. Алтан судал кино маань ч Монголд нээлтээ хийгээгүй. Ер нь уран бүтээлч миний хувьд амарсан, уран бүтээлээсээ холдож засварлага авсан зүйл байхгүй. Би яг л жүжигчин хүний замналаар пробоо өгөөд тэнцвэл тоглоод л явж байгаа. Сүүлийн жилүүдэд их л олз омогтой байлаа. Харамсалтай нь тоглосон хоёр маань хоёулаа Монголд нээлтээ хийгээгүй болохоор үзэгчид намайг засварлага авсан мэтээр ойлгосон байж болох юм.

-Саяхан өөрийн тань гол дүр бүтээсэн "Сүрэг" кино нээлтээ хийлээ. Киноны тухайд?

-Нэлээн хэсэг хугацааны дараа Монголдоо өөрийн гол дүрд тоглосон киногоо нээх гэж байгаад баяртай байна. “Сүрэг” киноны хувьд маш сайн зохиолтой, чадварлаг найруулагч баг хамт олон ажилласан. Тиймдээ ч маш сайхан уран бүтээл болсон гэдэгт хувийн зүгээс ч итгэлтэй байна. Үзэгчид маань Монгол кино үзэхээр тиймхэн санагддаг гэх мэтээр хандлага гаргах нь бий. Гэхдээ тэрхүү хүлээлтийг эвдэж гарч чадахуйц уран бүтээл болсон гэж хувийн зүгээс амлах байна.

-Би жүжигчин хүн биш учраас дүр бүтээхийн хүнд хэцүүг тодорхойлоод хэлж чадахгүй л дээ. Гэхдээ таны хувьд дүр бүтээнэ гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Хэрвээ жүжигчин гэх мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулж ажиллавал хамгийн сонирхолтой бөгөөд хүнд аз жаргал бэлэглэж чадахуйц мэргэжил л дээ. Би өнөөдөр кино нээлтэд оролцох мөртлөө хоёр хоногийн дараа өөр уран бүтээл оролцоод ч явж байж болох юм. Өөрөөсөө тэс ондоо салбарын ажил мэргэжлийг ч дүрээрээ мэдрэх боломжтой. Дүр бүтээхийн хувьд, өөрөөсөө тэс ондоо хүнийг бүтээхийг дүр бүтээх гэж би ойлгодог. Яг өөрөөсөө тэс өөр хүнийг харуулсан дүрийг одоохондоо бүтээгээгүй. Гэхдээ уран бүтээл бүртээ зүрх сэтгэлээ зориулж, аль болох үнэн байхыг хичээдэг.

May be a closeup of person and child

-Өөрөөсөө тэс "өөр" хүн бүтээх дүр таньд таарч байв уу?

-“Сүрэг” кинонд проб өгөхөөр очих үед 23-24 насны эмэгтэйн дүр таарсан. Тэр үед би үнэхээр айж байсан. Учир нь би чинь 23 настай биш шүү дээ. Гэхдээ кино зохиол нь өөрт маш их таалагдаж байсан учраас энэ дүр дээр ажиллачих юм сан гэсэн хүсэл байсан. Тиймдээ ч би яаж наснаасаа залуу харагдах вэ, хэрхэн дүрээ гаргах вэ гэдэг тал дээр намайг маш их шаналгасан, чадах болов уу гэж эргэлзэхэд хүргэж байсан шүү.

-Т.Энэрэлийг "Гурван найз"-ын дэггүй, хөгжилтэй, эрч хүчээр дүүрэн бүсгүйн дүрээр үзэгчид их хайрладаг байх. Тус цувралд тоглоход өөрөөсөө хэр их өөрчлөлтийг гаргасан бэ. Хошин жанрын уран бүтээл дээр ажиллахад хэр санагдаж байсан бэ тухайн үед?

-Бараг л 10 гаруй жилийн өмнө л дөө. Би тус уран бүтээл дээр ажиллаж байхдаа маш их зүйлийг сурч авсан гэж боддог. Хошин жанрын анхны уран бүтээл маань “Гурван найз” ОАУСК байсан. Эмоци продакшн гэх туршлагатай хамт олны дунд ганцаараа багтаж орсон. Чадахаасаа чадахгүй хүртлээ хэлүүлнэ гэдэг миний хувьд их өөрчлөлтийг дагуулсан. Би заавал үүнийг чадах ёстой, бууж өгөхгүй байх гэх мэтээр хувь хүний талаас маш их өөрчлөлтийг дагуулсан гэж боддог. Бүх зүйл л шинэ байсан. Маш их хичээсэн. Гэхдээ яагаад ч юм муу тоглосон юм шиг санагдаад киногоо бүтэн ч үзээгүй /инээв/

-Гэхдээ үзэхгүй болохоор алдаа дутагдлаа дүгнэхэд ч хэцүү биш үү. Өөрийгөө дэлгэцээр үзээд суух эвгүй санагддаг хэрэг үү?

-Ер нь өөрийгөө уран бүтээлээс харах хэцүү. Бичлэг хийгээд дараа нь сонсохоор эвгүй санагддагтай л адил. Жаахан муу тоглосон байвал өөрийнхөө өмнөөс санаа зовно, биеэ чангалах гэх мэт янз бүрийн л хариу үйлдэл гаргадаг. Ялангуяа олон анги киноны хувьд, гэрийнхэн хажууд үзээд суухаар их эвгүй санагдаад байдаг юм. Нэг ангит киноны хувьд мэдээж нээлтээрээ үздэг. Зарим чухал хэсэгт хэцүү санагдвал нүдээ аниад л өнгөрөөнө шүү дээ /инээв/

-Уран бүтээлдээ нөгөөтээгүүр эмэгтэй хүний хувьд гэр бүлдээ зарцуулах цаг хугацаагаа хэрхэн тэнцвэртэй барьж явдаг вэ?

-Би өөрийгөө маш азтай эмэгтэй гэж боддог. Нэгдүгээрт, би ажил дээрээ оюутан цагийн найзуудтайгаа ажилладаг учраас ямар нэгэн стресс, дарамт байдаггүй. Тэд нар маань намайг үргэлж дэмждэг. Хоёрдугаарт би урлагийн хүнтэй амьдралынхаа замыг холбосон. Тэр минь намайг үргэлж ойлгодог. Нэг киноны зураг авалтаас ирээд дараагийн уран бүтээлийн зураг авалт руу явж байсан үе надад бий. Энэ бүхнийг минь ойлгож, дэмждэг хүн бол миний хань. Хамгийн азтай зүйл нь юу гээч. Миний аав, ээж. Тэр хоёр минь миний сайн сайхны төлөө байдаг. Кино зураг авалтаар явахад бүх арыг минь дааж үлддэг. Аав ээж хоёр минь миний дэргэд байгаад, сайн хань сонгосондоо, ангийнхантайгаа үргэлж цуг байж тэд нар маань намайг түлхэх хүч болж өгдөгт баярлаж байна. Тийм учраас би өөрийгөө маш азтай эмэгтэй гэж тодорхойлно.

-Мэдээж эцэг, эх бүр цаг ямагт үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө байдаг хүмүүс. Т.Энэрэл өөрийгөө хэр сайн охин гэж дүгнэдэг вэ?

-Энэ үед аав, ээжийгээ гомдоож билээ гэх бодол толгойд минь буухгүй л байна. Магадгүй надад зарим зүйл дээр гомдож л байсан байх. Гэхдээ гомдоохоос илүүтэй баярлуулж байсан үе их байсан юм шиг ээ. Аав, ээж маань ч өөрсдөө хэлдэг л дээ. Жишээ нь дөнгөж их сургуулиа төгссөнийхөө дараахан Гэгээн муза авч байсан. Тухайн үед аав, ээж маань маш их баярлаж байсан. Хоёр ч олон улсын хэмжээний уран бүтээлд дүр бүтээж, кино наадамд оролцоод ирсэн. Тэр бүрт баярлаж байсан. Тогтвор суурьшилтай ажилтай, сайхан гэр бүл зохиогоод хоёр хүүхдийн ээж болсон байна. Аав, ээжийнхээ чихийг халууцуулахгүй, сэтгэлийг нь зовоохгүй амьдарч яваа гэж боддог доо.

-Арван жилдээ урлаг хөөгөөд байдаггүй хүүхэд байсан гэж сонссон. Гэхдээ жүжигчний мэргэжилтэй хэрхэн холбогдчихсон хэрэг вэ?

-Миний өвөөг олон нийт “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр нь мэддэг байх. Өвөө маань залуудаа нас барсан. Мэргэжлийг нь өвлөсөн хүн байгаагүй. Аавын талын хамаатан садан маань намайг жүжигчин мэргэжил сонгохыг зөвлөж, итгэл хүлээлгэсэн гэж боддог. Анх СУИС-ийн шалгалтад бэлддэг курст суралцаж байхад багш маань надад итгэл өгч байсан.

-Ер нь урлагийн хүнийхээ хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч баримталж явдаг зарчим бий юу?

-Жүжигчин хүн бол гүйцэтгэгч л дээ. Найруулагч юу хүснэ түүнийг гаргах хэрэгтэй. Би аливаа нэг уран бүтээл, амьдрал дээрээ ч гурван дүрмийг баримталдаг. Нэгд, хүнд лай болохгүй байх. Өөрийнхөө хэмжээнд бүх чадах зүйлээ гүйцэтгэж, бусдын ажлыг уяхгүй байх. Хоёрт, хүний аманд багтахгүй байх. Энэ нь алдаа гаргаж, бусдын ярианы сэдэв болохгүй байх гэсэн утгатай. Гуравт, ярихгүй, харахгүй, сонсохгүй гэсэн дүрмийг эрхэмлэдэг. Энэ нь бүх зүйл дээр төгс тус болдог юм шиг надад санагддаг.

-Ер нь өөрийн ахиц дэвшлийг хэрхэн хардаг вэ. Туршлага хуримтлуулаад ирэхээр ур чадвар ч дагаад нэмэгдэнэ биз?

-Манай мэргэжлийг хүн судлалын мэргэжил гэж ойлгож болно л доо. Мэдээж туршлага хуримтлуулж байгаа. Хуримтлуулсаар ч яваа. Тэглээ гээд ур чадвар нэмэгдэж байна уу гээд харахаар их сонин. Учир нь, туршлагагүй байхдаа сэтгэл зүрхээ тултал нь зориулж дүрдээ тоглодог байсан байж магадгүй. Гэтэл туршлага нэмэгдэхээр туршлагаа бариад үнэн сэтгэлээсээ хандах нь багасаж байж ч болох талтай. Одоо л болчихлоо гэх мэдрэмж жүжигчний мэргэжилд байдаггүй. Тиймээс ур чадвар нэмэгдэж байгаа эсэхийг үзэгчид маань л дүгнэх байх.

No photo description available.-Ер нь гэр бүл зохиосны дараагаар жүжигчний амьдралд тань гарч ирсэн, нөлөөлсөн өөрчлөлт юу байв?

-Цагийг илүү их ашигладаг болсон. Хүнтэй суухаасаа өмнө уран бүтээл бүрт ормоор санагддаг байсан байж болох юм. Гэр бүлтэй болсны дараагаар үр хүүхдэдээ, гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахад хэр тохиромжтой кино вэ гэдэг байдлаар цензур тавьдаг болсон. Миний ард гэр бүл минь байгаа учраас уран бүтээлийн хувьд баригдмал байсан зүйл байхгүй. Би хувийн амьдрал зохиосон ч гэсэн урлагийн байгууллагад ажилласаар л байгаа. Намайг хүмүүс театрын ажилтан гэдгээр маань тийм сайн мэддэггүй. Би урлаг дундаа байсаар л байгаа.

-Таны ойрын хугацаанд тавьсан зорилгыг сонсож болох уу?

-Үзэгчид намайг театрт хэр жүжиглэдэг бол гэдгийг мэддэгүй байх. Театрт Т.Энэрэл гэж хэн бэ гэдгийг харуулахын тулд зорилтот уран бүтээл хийнэ гэж бодож байгаа.

-Сонирхоод асууж байгаа юм шүү. Ер нь хүн бүрт хэзээ ч биелэхгүй юм шиг мөртлөө бодолд багтаад л байдаг мөрөөдөл байдаг шүү дээ. Таны хувьд тийм мөрөөдөл бий юу?

Харин мөрөөдөж явдаг зүйл бол аль болох хүрч болох өндөр дээрээс шүхрээр буухыг хүсдэг. Ер нь экстрем зүйлд дуртай шүү.

-Ярилцсанд баярлалаа.

ЧУУЛГАН: Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
ЧУУЛГАН: Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.