Усан паркийн бүтээн байгуулалт болон эм, эмнэлгийн хэрэгсэлд хийсэн аудитын хяналт шалгалтын талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тодруулга мэдээлэл өглөө.
-Усан парк барихтай холбоотой газрын асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан зүйл бий юу?
-Бусад улс оронд байдаг шиг усан цогцолбор бий болно гэж ойлгосон. Газрыг нь ийм зориулалтаар ч авсан юм билээ. 2008 онд нийслэлийн удирдлагууд шийдвэрээ өөрчилсөн байж болзошгүй зүйл яригдаж байна. Гэхдээ ингэж болохгүй. Би өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Туул гол орчмыг хамгаалахын төлөө тэмцэж байсан, тодорхой үр дүнд ч хүрсэн. Шүүхийн шатанд гацсан зүйл байсан хэдий ч шүүхийн шинэчлэлийн хүрээнд зарим зүйлийг болиулсан. Миний бие өчигдөр тус газартай холбоотой ямар шийдвэрүүд гарсан талаар баримт материалыг хүргүүлж, хамтарч ажиллах албан бичгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн. Тухайн газарт усан парк л босох ёстой. Орон сууц, оффис баригдах ёсгүй.
-Нийслэлийн ямар удирдлагуудын үед ийм шийдвэр гарч, зөвшөөрлийг нь өөрчилчихсөн хэрэг вэ?
-Би энэ талаар мэдээллийг өгөх боломжгүй байна. Албан ёсоор гарсан тушаал, шийдвэрүүдийг авч танилцсаны дараагаар хэлж болно.
-Өчигдөр мэдээлэл өгөхдөө шүүхээс барилга барих зөвшөөрлийг олгосон гэх мэдээллийг өгсөн. Зөвшөөрөлтэй тохиолдолд шүүх хурлын шийдвэрийг цуцлах боломжтой юу?
-Шүүхээс шийдвэр гарсан л бол цуцлах ёстой. Шүүхийн шинэчлэлийг ингэж л хийсэн. Ямар шүүгч, хаана, ямар үндэслэлээр шийдвэр гаргасан эсэхийг ШЕЗ, шүүхийн хяналтын хороо зэрэг УИХ-аас томилсон хүмүүст хандана.
-Эмийн дүн 10 дахин өссөн, тэтгэвэрийн насны хүмүүс тэтгэврийн мөнгөө эмэнд зарцуулж байна гэх шүүмжлэл их гарсан. Эмийн үнэ ханш, эмийн сангуудад ямар нэгдсэн зохицуулалт хийж байж үнийг хязгаарлах боломж бүрдэнэ гэж та харж байна вэ?
-Манай улсад төрийн зүгээс эмийн тал дээр авч хэрэгжүүлж буй бодлого байхгүй, Филиппин, Индонез зэрэг улс шиг эмийн мафи Монгол Улсад цэцэглээд удаж байна. Шинэ сайдууд томилогдон очиж аль эсвэл бидний зүгээс эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчилсэн найруулгыг оруулж тогтолцоогоор нь өөрчлөх гэхэд маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаад долоон сарын хугацаа өнгөрч байна. Хаврын чуулганаар хэлэлцүүлье гэсэн боловч нөхцөл байдал амаргүй байна. Бид гүйцэтгэлийн аудит хийлгэхэд манай улсын зах зээл дээр байгаа эмийн үнэ дэлхийн зах зээлээс 10-15 дахин өндөр байгаа юм. Хамгийн хямдыг нь шалгаруулдаг гэх мөртлөө энэ маань дэлхийн зал зээл дээрх Герман, Япон, БНСУ зэрэг улсуудад зарагдаж буй эмээс 10-15 дахин их байна. Азийн Хөгжлийн банкиар манай нийгмийн бодлогын байнгын хорооноос 2019 онд судалгаа хийлгэж байсан. Ингэхэд дэлхийн тухайн өрхийн орлогын 15 хувь нь л эм, эмнэлгийн хэрэгцээндээ зарцуулагдаж байвал боломжийн гэж үздэг. Гэтэл манай улсын нэг өрх эмийн хэрэгцээндээ өрхийн орлогын 35 хувиас давчихаад байна. Тэгэхээр эм тарианд зарцуулж буй мөнгө нь айл өрхийг ядууралд хүргэх нэг шалтгаан болж байна. Басхүү хямд гэсэн мөртлөө эмнүүдийн үйлчлэх чанар маш муу. Ингэснээр тухайн эмийг олон дахин худалдан авч, эмийг хоол шиг иддэг болж өвчин нь эдгэрэхгүй байсаар хохироод үлддэг асуудал байна. Тус асуудалд маш яаралтай бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эмийн хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийг Эрүүл мэндийн сайд, эмийн зөвлөлийг ТНБД удирддаг. Монголын зах зээлд эм ханган нийлүүлж буй 102 аж, ахуйн нэгж байгууллагын 2-3 нь л нийт эмийн 60-70 хувийг хангаж байгаа. Монополь байдал ч бий болсон байна. Гадаадаас сайн чанарын эм оруулж ирэхээс илүүтэйгээр бодисыг нь оруулж ирээд Монгол дахь үйлдвэрүүдэд үйлдвэрлэдэг. Тухайлбал, манай улс гурван сая хүн амтай хэрнээ 44 эмийн үйлдвэртэй. Эмийн үйлдвэрийн ганцхан нь олон улсын стандартын зохих дадлыг хангасан байдаг. Харин монголын өөрийн стандартыг хангасан үйлдвэрүүд байгаа гэдэг боловч тэнд чанарын шаардлага огт хангаагүй нөхцөл байдал байгаа. Ийм нөхцөлд хүний эрүүл мэндийн сахин хамгаалах эмийг үйлдвэрлэж болохгүй. ДЭМБ-аас олон улсын стандартыг хангаагүй үйлдвэрүүдийг хаадаг. Гэтэл манай улсад энэ төрлийн хяналт байхгүй. Гаж эм үйлдвэрлэж байна уу гэдгийг тогтоох лаборатори ч байхгүй байна. Өнгөрсөн жилээс нэг лабораторийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар салбар яамных нь ТНБД хэлж байна лээ. Тиймээс энэ асуудалд яаралтай өөрчлөлт хийхгүй бол ард түмэн эрүүл мэндээрээ хохироод дуусах эрсдэл байна.