Хүний гавьяат эмч П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл шүүхээс оногдуулсан ялын зүйлчлэл нь хуулийн хэрэглээ талаас П.Батчулуун эмчийн гаргасан үйлдэлтэй нийцэхгүй буюу амьгүй донороос эд, эрхтэн авсан тохиолдолд шийтгэх ялын зүйлчлэл Эрүүгийн хуульд байхгүй атал буруу зүйлчлэлээр ял оноосон хэмээн хуульчид байр сууриа илэрхийлж эхэлжээ.
"Нас барсан хүнийг хууран мэхэлж, айлган сүрдүүлж эд эрхтэнийг нь авна гэх ойлголт хуульд байхгүй"
Хуульч Ө.Эрдэнэ-Очир: Шүүхийн мэдээний цахим хуудаст оруулсан П.Батчулуун эмчтэй холбоотой шийдвэрийн тоймыг уншихад Эрүүгийн хуулийн 15.3.2-р зүйлчилсэн юм байна. Гэтэл 15.3 “хүний цус, эд, эрхтэн”-г тухайн хүнийг хууран мэхлэх, хүч хэрэглэх, заналхийлэх байдлаар өөрөөс нь эд эрхтэн авсан тохиолдолд гэмт хэрэг гэж тооцож ял шийтгэхээр заасэн байна. Тус гэмт хэргийн хохирогч нь эд эрхтэнээ алдсан “хүн”, хууран мэхлэх, хүч хэрэглэх эсхүл заналхийлэх үйлдэл тус өөрийн эд эрхтэнийг алдаж байгаа хүний эсрэг чиглэгдэхээр байна. Тухайлбал тухайн хүнийг айлган сүрдүүлэх байдлаар нэг бөөрийг нь авчихсан хохирогч нь амьд байгаа хүн.
Харин П.Батчулуун эмчийн тохиолдолд нас барсан хүн өөрөөр хэлбэл цогцосноос эд эрхтэн авсан. Нас барсан хүнийг “хүн” гэж үзэхгүй нь ойлгомжтой биз дээ. Нас барсан хүнийг хууран мэхэлж, айлган сүрдүүлж эд эрхтэнийг нь авна гэх ойлголт байхгүй. Нас барсан хүний ар гэр нь өөрийн эд, эрхтэнээр хохироогүй.
Тус гэмт хэргийн хохирогч нь эд эрхтэнээ алдсан хүнээс өөр хэн ч биш. Зөвшөөрлийн хуудсыг ар гэрээс нь авсанаас нэмж эд эрхтэнийг авсан нь мэдээж зүй бус үйлдэл мөн боловч 15.3-д заасан гэмт хэрэг лав биш. Магадгүй эмчийн ёс зүй, Донорын хуулийг зөрчсөн зөрчил бол мөн байх. Харин Эрүүгийн хуульд донороос зөвшөөрөлгүй эд, эрхтэн авах гэх зүйл анги лав алга. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл хүн гэснийг нас барсан хүн гэдэгтэй төсөөтэй хэрэглэж болохгүй. Ингэвэл маш том зарчмын алдаа болно. Дээд шүүх хууль хэрэглээний энэ алдааг нь засах байлгүй дээ.
"Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн тухай хуулийн 10.6.6-р зүйлээр буруутгаж шийтгэх байсан"
Хуульч О.Батхүү: П.Батчулуун эмчийг Эрүүгийн хуулийн 15.3-д заасан "Хүний цус, эс эд, эрхтнийг хууль бусаар авах" гэдгээр ялласан байна. Гол маргаан хүний бие гэдэгт амьд хүний биеийг оруулах уу эсвэл нас барсан хүний бие буюу цогцсыг оруулж тооцох уу гэдэгт байгаа.
Эрүүгийн хуулийн 15.3-т заасан зүйлээр ял ногдуулахын тулд хохирогч өөрөө хүч хэрэглүүлэх, хууран мэхлэгдэх, заналхийлүүлэх боломжтой байх буюу амьд байх ёстой. Харин амьгүй бие буюу цогцост эдгээр үйлдлийг хийх боломжгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүний бие, цогцос гэдэг ойлголтыг ялгамжтай авч үздэг.
Донорын тухай хуульд ч мөн амьд донор, амьгүй донор гэдэг ойлголтыг ялгаатай байдлаар оруулсан байдаг. Уг хэргийн хувьд Донорын тухай хуулийн 3.1.3-т заасан "амьгүй донор" буюу тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцосын талаар юм.
Ингэхлээр эмчийг ялласан зүйлчлэл Эрүүгийн хуулийн 13.5-д заасан амьд хүний биеэс эс эд, эрхтэн авсан тухай биш, Донорын тухай хуульд заасан амьгүй донор буюу цогцос-оос эс эд, эрхтэн авах тухай зүйлчлэлд хамаарах ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн тухай хуулийн 10.6-р зүйлийн 6-р буруутгаж шийтгэх ёстой байсан юм.
Эрүүгийн хуульд амьгүй донор буюу цогцосоос эс эд, эрхтэн авсан бол ямар ял оноох талаар заалт байхгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй зарчмын дагуу амьд хүний биеийг цогцостой адилтгаж яллахгүй учир "торгох"-оос өөр арга байхгүй. Энэ асуудлаар хэн нэгний талд орох гэсэнгүй. Зөвхөн хууль хэрэглээний талаас бичсэн болно.
Сэтгэгдэл (18)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!