УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.10/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэлж, ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Ажлын хэсэгт холбогдох яам, агентлагийн 329 мэргэжилтэн, 21 аймаг, 330 сумын 618 төрийн албан хаагч, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн 181 эрдэмтэн судлаач болон мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн 384 төлөөлөл, нийт 1512 хүн оролцож, нэг жилийн хугацаанд ажиллаа.
Энэхүү үзэл баримтлалын төсөлд саналаа өгч идэвхтэй хамтран ажилласан нийт ард иргэд, улс төрийн намууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад талархал илэрхийлье гэлээ.
Ирээдүйг илүү тод харахын тулд өнгөрснөө зөв дүгнэх шаардлагатай нь ойлгомжтой. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн бодлогод зохист дүн шинжилгээ хийхийн тулд Монгол Улсын сүүлийн 100 орчим жилийн хөгжлийн бодлогыг 5 үе шатанд хуваан авч үзсэн хэмээсэн.
Мөн 1914 оны “Монголор” хамтарсан нийгэмлэг, 1924 оны Баялагийг бадруулах хэлтэс, 1932 оны Шинэ эргэлтийн бодлого, 1945 оны Улсын төлөвлөгөөний комиссоос боловсруулсан 8 удаагийн 5 жилийн төлөвлөлт болон Монгол улсын Хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 зэрэг Монгол улсын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн тогтоол шийдвэр, хөгжлийн баримт бичгүүдэд нарийвчилсан шинжилгээ хийж, олон улсын байгууллагуудтай хамтарч нөхцөл байдлын дүгнэлт гаргасан.
Нөхцөл байдлын шинжилгээгээр Монгол улс өнөөдөр ижил гараанаас гарсан дэлхийн бусад орнуудаас хөгжлийн үзүүлэлтүүдээр хоцорсон хэвээр байна. Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар 136 орноос 102-рт, 1 хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд 1-рт жагсдаг ч газар тариалан, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180-рт, нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг ч малын түүхий эд, хүнсний экспортоор өнөөдрийг хүртэл дэлхийд эрэмбэлэгдэж чадаагүй байна гэлээ.
Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар 7 дугаар байрт байгаа ч, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт, хэрэглэх чадвараа хөгжүүлэх байдлаар 59 дүгээрт, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээр байрт орж байна. Их дээд сургуулийн өрсөлдөх чадвараар бид эхний 1000-д ч эрэмбэлэгдэж чадахгүй байна. МУИС гэхэд 3018-т жагсаж байна.
Монголчууд бид гуравхан саяуулаа ч хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийд 189 орноос 92-рт, боловсролын үзүүлэлтээр 103-рт, дундаж наслалтын үзүүлэлтээр 107-рт, өрсөлдөх чадварын индексээр 141 орноос 102-рт эрэмбэлэгдэж, төслөг 60 оронтой харьцуулвал Грек, Аргентин, Хорват болон Венесуэлийн өмнөхөн 57-т жагсаж байна.
Үндсэн шалтгааныг далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа их, уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй, уул уурхайгаас хэт хамаарал бүхий тогтвортой бус эдийн засагтайг мэргэжилтнүүд холбон тайлбарлаж байна.
Эрдэмтэн судлаачид, ажлын хэсэг, олон улсын байгууллагын зөвлөхүүд өнгөрсөн 30 жилд бий болсон хамгийн эмзэг асуудал бол орлогын тэгш бус байдал гэдэгт санал нэгдлээ. Экономист сэтгүүлээс эрхлэн гаргадаг Дэлхийн ардчиллын индекс 2020 оны тайланд ч олон улсын хэмжээнд ардчиллын томоохон сорилт бол тэгш бус байдал гэдгийг онцоллоо.
Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, бодлогын гол цөм нь Монгол хүн байх бөгөөд дэлхийн банкны аргачлалаар чинээлэг дундаж давхаргын суурь түвшинг 16.2% аар тооцож, 2050 он гэхэд 80% д хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний суурь түвшинг 4009 ам доллараар авч, 2030 онд 8299 ам доллар, 2040 онд 12,000 ам доллар, 2050 онд 15,000 ам доллар байхаар тооцож, дотоод нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ 6.1 дахин тэлж, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 168.3 их наяд хүрэхээр төсөөлөв.
Үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний аюулгүй байдал, байгаль орчны асуудлыг тус үзэл баримтлалд салбар дамнасан асуудал, нэвчих үнэт зүйлээр тусгасан бөгөөд асуудлын логик уялдаа, шалтгаант холбооны давхцлыг тодорхойлсон аргачлал ашигласан болно.
Эрүүл мэнд, Боловсролын салбарын чанар, орон сууц, орлогын түвшин, хүрээлэн буй орчин, баталгаат ажлын байр, амьдралын чанар, сэтгэл ханамжийн түвшин, нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах замаар хүний хөгжлийн үзүүлэлтийн суурь түвшинг 0.74 өөр тооцож, 2030 онд 0.8, 2040 онд 0.85, 2050 онд 0.9 д хүргэх зорилт тавьсан.
Эдийн засгийн дундаж өсөлт 6.0 хувь байхад энэ хөтөлбөр бүрэн хэрэгжих үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд эрсдлийн шинжилгээгээр эдийн засгийн суурь тооцооллуудыг хамгийн бага үзүүлэлтээр авч үзсэн.
Монгол улс 2030 онд 4 сая, 2040 онд 4.6 сая, 2050 онд 5.4 сая хүн амтай байхаар байна. Хүн амын төвлөрлийн эсрэг нэгдсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол Нийслэл Улаанбаатар хотын хүн 3.6 саяд хүрэх төлөвтэй байна.Тиймээс хот, хөдөөгийн зохист тэнцвэрийг тусгасан, эдийн засгийн жам ёсны хөгжлийн урсацтай уялдуулах байдлаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлов” хэмээн танилцууллаа.
Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Н.Оюундарь, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Батболд, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Т.Аюурсайхан, Б.Пүрэвдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.