Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд зарим төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхгүй юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал МХЕГ-ын үйл ажиллагааг шүүмжиллээ. Тэрбээр "МХЕГ байгууллага бол дампуурсан байгууллага болсон. Тэнд байгаа боловсролын таван байцаагч нь диплом шалгахаас өөрийг мэдэхгүй. Тэр хүмүүс чинь зөвлөж тусалж чадахгүй, оюуны потенциал байхгүй. Хүнд өгөгдөл байхгүй учраас хүсээд ч чадахгүй. МХЕГ-т эмийн лаборатори байгаа гэсэн. Тэнд нь малын эмч зогсчихоод хүний эмийг идэвхт бодис гэх мэтээр ангилаад, шалгаад дүгнээд зогсоно гэж байхгүй.
Хяналт шалгалт явуулна гэдэг чинь агуулга төвтэй биш хүн төвтэй болсон. Зөвлөн туслах гээд гоё уриа дэвшүүлж байгаа ч потенциал байхгүй. Бага бүрэлдэхүүн байхгүй. Зөвлөн туслах биш зөөллөн дарамталдаг байхгүй юу. Хяналт шалгалт явуулаад зөвлөн туслана гэдэг нь байцаагч нар "надтай сайхан харьц" гэсэн л хэлбэртэй. Би хувийн хэвшилд байхдаа мэргэжлийн хяналтынханд олон жил дарамтлуулж явсан учраас хэлээд байна. Наад нөхдүүдэд чинь тийм оюуны потенциал байхгүй. Та бүхэнд цаашдаа зөвлөн туслан үйлчилгээ хийх боломж байна уу. Зөвлөн туслах үйлчилгээ гэдэг бол ядаж хажуудаа судалгааны байгууллагатай, бодлого боловсруулдаг юм. УИХ-ын даргын хэлж bigdata дээр анализ хийдэг чадвартай хүмүүстэй байж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг юм" хэмээлээ.