Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга хоёр сонгуульд хоёр “ЦЭРЭГТЭЙГЭЭ“ өрсөлдөж байна

Ангилал
Улс төр Спорт
Огноо
Унших
4 минут 15 секунд

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшигчдийн нэрс өнөөдөр /2022.03.22/ тодорлоо. Хачирхалтай нь, энэ дунд АН-ын даргад нэр дэвшиж буй экс Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын нэр тууж явна. Хоёр сунгаанд нэрээ дэвшүүлсэн түүний эл үйлдлээс сонирхолтой гэмээр нэгэн зураглалыг харж болохоор байна.

Тодруулбал, Х.Баттулга АН-ын даргын сунгаанд өөрийн “цэрэг” тэр тусмаа улс төрд нэг фракц үүсгэж явсан Ж.Батсуурьтай өрсөлдөж байгаа. Үүнийгээ ч Ж.Батсуурь нэр дэвшигчийн батлах авах үеэрээ илэрхийлсэн. Үнэн хэрэгтээ, Ж.Батсуурь бол аймгийн дарга байхаасаа эхлээд л Х.Баттулга талд явсаар ирсэн хүн. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээнд энэ хоёр эрхэм ойрын харилцаатай улс.

Ерөнхий сайдын зөвлөх Х.Баттулгын хувиар улс төрд хийж буй түүний хоёр дахь нүүдэл нь МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сунгаа болж таарлаа. Ингэхдээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед өөрийнх нь зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир болон одоогийн МҮОХ-ны Ерөнхийлөгч Баттүшиг нартай өрсөлдөж буй юм. Экс Ерөнхийлөгчийн оролцож буй хоёр сунгааг харахад, тэрбээр бараг л өрсөлдөгчгүй шахуу өрсөлдөж байна.

Тэгвэл сунгааны ҮР ДҮН ямар байх бол гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг ихээхэн татсаар байна. Улс төрийн хүрээнийхний таамаглаж буйгаар, Х.Баттулга Ардчилсан намын даргын сунгаанд ялалт байгуулж, улс төрд ил гарах боломж нь бий. Нөгөө талдаа Х.Баттулгыг тохироо хийсэн байж магадгүй гэх хардлага олон нийтийн дунд байгаа. Учир нь, өнгөрсөн хугацаанд АН-ын талцал маргаантай холбоотой асуудалд О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нарын хүмүүс нэг талдаа зогсож ирсэн. Хөшигний цаана Х.Баттулга байгаа талаар С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар тэргүүтэй нөхөд хэлдэг. Тиймдээ ч АН-ын сунгаанд Х.Баттулга нэр дэвшихээ зарлахад С.Эрдэнэ “Муур багш ил гарч ирлээ” хэмээн цоллоод амжсан. Хийсэн тохирооных нь дагуу Ж.Батсуурь ялалт байгуулсан ч өөрийнх нь хүн намын дарга болно гэдэг утгаараа Х.Баттулгад ашигтай. Товчхондоо, АН-ын даргын суудлыг гартаа авч байгаагаас өөрцгүй.

Нөгөө талдаа, Ерөнхий сайдад спорт, олимпизмын чиглэлээр зөвлөх болсон Х.Баттулга намын даргад нэр дэвшихээ зарласнаас өнөөдрийг хүртэл хугацаанд зөвлөхийн албан тушаалаа хүлээлгэн өгөөгүй. Энэ талаар дурсах ч үгүй байгаа. Экс Ерөнхийлөгчийг зөвлөхөөр томилогдсон цагаас Олимпын хорооны Ерөнхийлөгчид нэр дэвших байх гэх таамаг яригдаж эхэлсэн. Энэ нь ч өнөөдөр бодит биелэлээ олж, тэрбээр нэрээ дэвшүүлсэн байна. Ингэхдээ МҮОХ-ын сонгуульд өрсөлдөж буй Э.Мөнх-Очир нь холбооны одоогийн Ерөнхийлөгч Б.Баттүшигийн багийн үйл ажиллагаа, арга хэмжээнд шүүмжлэлтэй хандсаар ирсэн нэгэн. Магадгүй Х.Баттулга Б.Баттүшигийн хүчийг Э.Мөнх-Очироор сулруулсаны үндсэн дээр өөрөө сонгогдох тактикийг хэрэгжүүлж байхыг үгүйсгэхгүй.

АН-ын даргад басхүү МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэгэн зэрэг нэрээ дэвшүүлсэн Х.Баттулгын үйлдлийг түүний улс төр дэх хараа хэмээн дүгнэж болохоор байгаа юм. Ингэхдээ тэрбээр хоёр сонгуульд өөрийн хоёр “цэрэг”-тэйгээ өрсөлдөж байна. Магадгүй АН-ын даргад Ж.Батсуурь сонгогдсон ч цаад ялалт нь Х.Баттулгынх байх болно. Харин тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгч болоод дуусахыг үгүйсгэхгүй. Эцэстээ, АН-ыг ч, МҮОХ-г ч гартаа атгах бодлого нь Х.Баттулгын хувьд улс төрд эргэн ирэх хамгийн нөлөө бүхий үйлдэл байж таарлаа.

ТАНИЛЦ: Хөгжлийн банкны 2016 оны НУУЦААС гаргасан шалгалтын ДҮН
ТАНИЛЦ: Хөгжлийн банкны 2016 оны НУУЦААС гаргасан шалгалтын ДҮН
 
“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ
“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.