Өнөөдөр XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байна. Бар жилд залууст сайн, дунд шатны төрийн алба эрхэлдэг хүмүүст маш сайн жил гарах бөгөөд нялхас, ард иргэдэд дунд зэрэг байх талаар зурхайд буужээ. Бар жил гарч буйтай холбогдуулан бар хэмээх амьтны талаар сонирхолтой арван баримтыг хүргэж байна.
1. Бар маш сайн сонсох чадвартай. Тэр 5 милл буюу 8 км цаанаас дуу чимээг сонсож чаддаг ажээ.
2. Бусад махчин араатныг бодвол бар өл даах чадвар маш сайн. Тэр 14 хоног хоолгүй явж чаддаг амьтан.
3. Цагаан барыг бие даасан төрөл гэж эндүүрэх нь бий. Гэтэл энэ нь 10 мянган бар тутамд нэг тохиолдох ховор онцгой гень ажээ.
4. Барс нэгнийхээ шээсийг үнэрлэж маш их мэдээлэл авдаг ажээ. Тухайлбал эмэгчин барын ороо орсон эсэх, мөн нэгнийхээ нас, хүйсийг тэд ийм аргаар тодорхойлдог ажээ.
5. Бар бол муурын омог дотроо хамгийн том биетэй төрөл нь юм.
6 Нас бие гүйцсэн бар 3.3 метр урт 300 кг жин хүртэл аварга том болох нь бий.
7. Сэлмэн соёот буюу барын өвөг дээдэс болох төрөл нь хамраас ууц хүртлээ 175 см урттай байсан ажээ.
8. Бар шөнийн цагаар маш сайн хардаг. Байгалиасаа шөнийн дурантай төрсөн гэхэд болно. Багцаалбал тэр шөнийн цагт хүнээс 6 дахин илүү сайн хардаг ажээ.
9. Бар ихэвчлэн үүрээр эсвэл шөнө дунд ангаа олзолдог.
10. Ов мэх, ухаалаг байдлаараа чоныг ч дагуулахгүй, хүчирхэг том атлаа хөнгөн хурдан энэ араатныг дэлхийн олон оронд үндэсний бэлэг тэмдэг болгон дээдэлдэг. Тухайлбал Энэтхэг, Бангладеш, Өмнөд ба хойд Солонгос, Индонез зэрэг улсын үндэсний бэлэгдэл нь бар юм.