"Чингис хаан" музейн барилгын ажил эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээ "Байгалийн түүхийн музей"-н суурин дээр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн санаачилгаар санаачилгаар хэрэгжиж буй “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд биечлэн оролцож, үг хэлж, барилгын сууринд шүншигийг байршуулж, гүйцэтгэлийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Уг ёслолд төр, нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо. “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, төв сууринаа оршоох шүншигт Монгол төрийн тахилгат арван хайрхан болон тахилга шүтээнт уул, нуруудын хөрс шороон эрдсийн дээж, таван өнгийн торго, таван тансаг идээ, таван тансаг идээний нэгэн болох нуур, гол, мөрөн рашаан, усны дээж, таван үрийн дээж, таван үнэртний дээж, таван эмийн дээж, есөн эрдэнэс тэргүүтнийг Монгол орны 4 зүг, найман зовхис 21 аймаг, нийслэлээс бүрдүүлэн өргөсөн байна.
“Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм.
Музей нь сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижин дэвжих учиртай. Музейн бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж байгаа баг, ажлын хэсгээс Монгол хүн эх орон, үндэс угсаагаараа бахархах үндэсний үзлийг сэргээн бадраах, Монголчууд бидний өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн гайхамшиг, их цадиг, түүхийн үнэнийг дэлхий дахинаа сурталчлан таниулах, олон улсын музейн хөгжлийн чиг хандлага, цаг үетэйгээ нийцсэн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон тав тухтай өнгөрөөх орон зай бүхий орчин үеийн музейг байгуулахаар зорин ажиллаж байна.
Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй соён гэгээрлийн цогцолбор болно. “Чингис хаан” музейг 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.