Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл омикрон хувилбарын шинжилгээ болон тус хувилбарт зориулсан вакцин, өвчний нууц үеийн талаар асуулаа.
ЭМ-ийн сайд С.Энхболд "Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой. ХӨСҮТ дээр шинжилгээний аппаратыг суурилуулаад, хувилбаруудыг тодорхойлдог болсон. Дэлхийн зарим улсуудад дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаж байгаа. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт омикрон хувилбарын тархалтын түвшинд тодорхой хувиар нөлөөж байгаа гэсэн судалгаанууд гарч байна.
Зөвхөн омикронд зориулсан вакцины судалгааг олон улсад хийж байгаа юм билээ. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа одоогоор 2.5 хоног байна. Энэ бол маш богино хугацаа" гэв.