Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОГНОЗ: Л.Оюун-Эрдэнийн шинэ танхимд багтах магадлалтай “давхар дээлтэй” САЙДУУД

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 36 секунд

Ардын намынхан өрсөлдөгчийнхөө голомтоо асаасан баярын өдөр нь том хурлаа хийж муухай даапаалж байна. Цагаан байрныханы “хайрцагласан” зааланд улс орны ирээдүйн гурван жилийн амьдрал шийдэгдэхээр бүх зохиол нь бэлэн болжээ. Энэ хурлын өдрүүдэд хийгдэх гол тохироо бол хэн сайд болох, аль яамыг ямар фракцид хуваарилах тухай л асуудал битүү яригдана. Даргаа батламжлах, хүний эрхийг дээдэлдэг нам болох энтэр бол зүгээр шоу. Угаасаа Ардын нам хүний эрхийг дээдэлдэг болно гэхээр аймаар утгагүй уншигдаж байгаа биз дээ. За гол асуудалдаа оръё.

АН-ын Г.Адьшаа, Н.Ганибал гэх сайхан сэтгэлтэй, тусч хоёр “алиалагч”-ийн ачаар эрх баригчид цэцээр дамжуулан ҮХ-иа өөрчилнө. Ингэж өөрчлөхдөө Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн цаг хугацаанд өөрт нь утгаараа шавар хааж байсан “дан дээлтэй” сайдуудаасаа сална. Гэхдээ заримыг нь үлдээнэ. Тэгвэл УИХ-ын гишүүдийг өргөн фронтоор танхимд багтаах талаар дараах таамаг прогнозыг гаргаж болохоор байна. Харин засгаа тохинуулах өөр нэг хувилбар байгааг нь дараагийн удаад өгүүлье.

Тодруулбал, гишүүн биш 11 сул сайд нараас БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХНХ-ын сайд А.Ариунзаяа гурвыг үлдээх яриа гарсан талаар эх сурвалж мэдээлэв. Үлдээх шалтгаан нь ойлгомжтой. Нэгд, энэ гурав танхимын тэргүүндээ ус хүргэхээс илүүтэй тус хүргэсэн. Хоёрд, улс төрийн татлаа түлхээ. А.Ариунзаяа бол генсектэй маш ойр. Генсекийг улс төрд оруулж ирсэн хүн нь А.Ариунзаяа сайдын өвөө гэгддэг. Тиймээс МАН-ын том фигур өөрийн хүнээ тийм ч амархан мултлуулчихгүй. Б.Мөнхбаатар аль ч төрд нүүртэй. Аль нэг тийшээ орж хэтрүүлж хувираад байдаггүй. Төвийг сахидаг бурхан лугаа адил улс төрийн дүр нь түүнийг Ардын намын аль ч фракц засаглаж явахад сайд, дэд сайд, ямар нэгэн даргын албан тушаалаас буулгаагүй. Гэхдээ мань эрийн суурь үндсийг нь сөхвөл яалтчгүй хуучин хотын фракцын чимээгүй хэрнээ нөлөөтэй төлөөлөл. Н.Тавинбэх сайдыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талын хүн гэх яриа Ардын намынхан дунд яригддаг.

Засгийн газар 14 яам болон Шадар сайд, Хэрэг эрхлэхийг оруулаад 16 сайдтай. Үүн дээр нэмж Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хоёрыг оны дараанаас байгуулна. Ингээд Л.Оюун-Эрдэнэ дараагийн Засгийн газартаа 18 хүнийг сайдаар томилох, эрх мэдлийн хуваарилалт хийх даалгавар хүлээж байна. Сул гурван сайдаас гадна, “давхар дээлтэй” 4 сайд суудалдаа бүгд үлдэнэ. Ц.Нямдоржийг явуулж чадвал С.Амарсайхан ЗГХЭГ-ын даргаар томилогдох хувилбар яригдаж байгаа. Гэхдээ энэ бол богино тойргийн гаргалгаа. Ц.Нямдоржийг хөдөлгөх хүч одоохондоо байхгүй биз.

Ийнхүү Ерөнхий сайд өлөнтөж яваа УИХ-ын гишүүд дотроосоо 11 сайдыг олох эрэлд мордоно. Уг эрлийн хөдлөхгүй ганц дүрэм нь "Хоёроос дээш сонгогдсон гишүүдийг сайдаар томилох. Байнгын хороодыг багадаа жилээс илүү хугацаанд удирдсан. Удирдахдаа сайн гэж үнэлэгдэхээр удирдсан хүмүүст боломж олгоно. Мөн саяхан сайдаас буусан хүмүүсийг энэ удаад өнжөөнө" гэж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд айлдсан гэж эх сурвалж мэдээлэв. Тойргийн гадна үлдсэнд нь ТӨҮГ, агентлаг, яамдын хурган дарга нарын сэнтийг бэлэглэнэ.

Тэгвэл уг аргачлалын дагуу Ардын нам дотор яригдаж буй сайдуудын хувилбарын талаар товчхон прогнозыг урьдчилсан байдлаар гаргая.

Эдийн засгийн хөгжлийн сайдад Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нар өрсөлдөнө

Шинээр байгуулагдах, аюулын эрх мэдэл, цар хүрээтэй уг яамыг яамдын яам гэж тодорхойлвол зохилтой. Тиймээс улс төрийн хувьд хамгийн “бяртай” нэгэн сайдаар нь томилогдох учиртай. Одоогоор Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар болон Б.Чойжилсүрэн гэх луугаруудын нэр яригдаж байна. Гэхдээ Ч.Хүрэлбаатарыг саяхан сайдаас буусан тул нэг удаадаа өнжүүлэх бодлого баримталж буй гэх мэдээлэл байна. Харин гол өрсөлдөөн Б.Чойжилсүрэн болон Ж.Ганбаатар хоёрын дунд өрнөж Б.Чойжилсүрэн нь сайдаар очих магадлал илүү уншигдаж байгаа. С.Бямбацогтын хувьд өөр салбарын сайдад үзэж буй ч, ранкаараа нэр нь энэ яам дээр нь яригдаж байна.

Батлан хамгаалахын сайдад Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Б.Бат-Эрдэнэ нар яригдах байх

Энэ яамны сайдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар болон Ш.Раднаасэд нар яригдаж магадгүй. Б.Бат-Эрдэнийн хувьд өмнө нь тус яамыг толгойлж байсан тул салбартайгаа очоод танилцах уулзалт хийхгүй гэж өөрийгөө пиардана. Л.Мөнхбаатар гишүүний хувьд хуулийн чиглэлийн хүн. Хууль зүйн яаманд мэргэжилтнээс эхлээд газрын дарга хүртлээ ажилласан намтартай. Ш.Раднаасэд гишүүн ч мөн адил хууль хүчний чиглэлд ажиллаж, энэ тал руу өнгөрсөн хугацаанд амбицаа илэрхийлж ирсэн хүмүүсийн нэг. Чухам хэнийг нь сонгож аль хоёрыг нь хоосон үлдэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ хувь таамгаар бол гол өрсөлдөөн Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд хоёрын хооронд л өрнөх болов уу.

Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.Дэлгэрсайхан, эсвэл түүний төлөөний хүнийг тавих уу

Яг одоо байгаа Засгийн газрын хамгийн эмзэг цэг бол Зам, тээврийн салбар. Дарханы замын асуудал энэ яамны хамгийн жижиг асуудал болж хувирсан гээд л бод. Хил гааль, бараа таваар бүгд гацаж, улсаараа хомстолд орчихгүй тулд чардааж байна. Тиймээс асуудал шийдэх хэмжээний санхүүгийн баталгаатай, улс төрийн “бяртай” хүнийг тавих бодлогыг Ерөнхий сайд эргэцүүлж буй. Сонирхолтой нь тийм хүнээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханг нэрлэж байгаа аж. Тэр олон жил том хэмжээний зах зээл дээр бизнесменийн дүрээр тоглосон. Энэ хэрээрээ урд, хойд хөршийн бизнесийн хүрээлэлтэй харилцаа сайтай. Тиймээс энэ салбарыг мань хүнд атгуулах яриа дарга нарын дунд яригджээ. Магадгүй түүний эсрэг босч ирэх ганц коммент бол ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудал. Хоосон хоцрогчид үүнийг хорсолтойгоор сөхвөл мань эр төлөөний хүнээ томилуулах байх. Үгүй бол өөрөө зүтгэж мэдэх л юм.

Хүнс хөдөө аж ахуйн сайдад “хөдөөний” хоёр гишүүний нэр яригдаж байна

Эдийн засагчдын “алалцаж” байгаа шинэ яамны сайдын төлөөх тэмцлийн эхний раундаас шууд бууж ирэх хүн нь С.Бямбацогт байж магадгүй. Мань хүн гэсэн хэдий ч Хүнс хөдөө аж ахуйн сайдад Ж.Мөнхбатын хамтаар горилно. Эцэст нь орон нутгаас сонгогдсон гишүүдийн хэн хоншоортой нь сайд болох нигууртай. Сүүлийн үед малчдын амьдрал, хөдөө аж ахуйг арай илүү яриад байгаа нь Ж.Мөнхбат байх шүү.

Ц.Мөнх-Оргил хуучин яамандаа томилогдож магадгүй

МАН-ын улс төрд чимээгүй “амьдардаг” хэрнээ хамгийн хожоотой фракцийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайдад зүтгэх байх. Фракц нь ч галын дэмжлэгийг сайн үзүүлэх биз. Энэ томилгооны талаар олон зүйл ярих шаардлагагүй. Гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан, гадаад боловсрол эзэмшсэн түүнтэй сайдын суудлын төлөө шууд өрсөлдөөнд орох хүн Д.Цогтбаатараас өөр байхгүй. Гэхдээ Д.Цогтбаатар сайдаас буугаад удаагүй гэх шалтгаанаар үлдэх байх.

Соёлын сайдад Г.Мөнхцэцэг яригдаж байна

Бурхан барих ажлаас эхлээд л баахан шүүмжлүүлсэн Ч.Номин сайдын оронд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг орж ирэх гэнэ. Магадгүй шинээр сайдад яригдаж буй хүмүүсээс хамгийн баттай нь тэр ч байж мэднэ. Соёлын чиглэлээр бичиж, туурвиж ирсэн баялаг намтар нь түүнд давуу тал болох биз.

Эрүүл мэндийн сайдад М.Оюунчимэг яригдаж байна

Нийгмийн бодлогын байнгын хороо өнгөрсөн цар тахлын жилүүдэд МАН-ын хамгийн анхаарал хандуулсан байнгын хороо байсан. Энэ хороог ахалж байсан түүний хувьд сүүлийн үед эрүүл мэндийн салбарт маш их анхаарч, энэ салбарын асуудлыг хөндөж харагдаад буй. Хэдийгээр мэргэжлийн бус ч гэсэн энэ салбарын бодлогыг 2017 оноос хойш УИХ дээр базаж яваа тэрбээр эмэгтэй сайдын квотоор Эрүүл мэндийн салбар руу явах магадлал өндөр уншигдаж байна. Мөн түүний нэр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ч яригдах боломжтой гэх шуум байна.

Байгаль орчны асуудалд анхаарч яваа Б.Саранчимэгт эмэгтэй сайдын квот оногдох уу

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ салбарыг удирдаж мэдэх юм. Агаарын бохирдол, байгаль орчны асуудлыг голчилж ярьж, анхаарал хандуулж яваа. Саяхан гэхэд л хуш модны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж, санал хүргүүлж яваа харагдсан. Өнгөрсөн хугацаанд дэд хорооны дарга, бүлгийн дэд даргаас гавиагүй түүнд энэ удаад нам нь боломж олгож сайдаар томилох бололтой.

Г.Тэмүүлэн уул уурхай салбарын амбицаа биелүүлж, сайд болох уу

Ашигт малтмалын газраас улс төрийн гараагаа эхлүүлсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Уул уурхайн сайдад яригдах гэнэ. Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Эрдэнэс МГЛ-ийн гүйцэтгэх захирал, Уул уурхай яамны дэд сайд зэрэг уул уурхайн салбарын хамаг том местэд заларч явсан тэр улс төрийн ирээдүйн гол амбицаа уул уурхайн салбарт тавьдаг. Тиймээс Оюутолгойн асуудалтай холбоотой байр сууриа эрс шийдэмгий эрэлхийлж ирсэн. Дашрамд сануулахад, түүний аав Б.Ганзориг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан түүх бий.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал томилогдоно

Залуу үеийн төлөөлөл болсон түүнээс өөр энэ яамны сайдад өрсөлдөх УИХ-ын гишүүн байхгүй. Бараг байсан ч салбараа ойлгохгүй. Ядаж байхад шинэ байгуулагдаж буй яам учраас маш их бодлогын ажлууд хийгдэнэ. Тэр Иновацци, цахим бодлогын байнгын хороог 2020 онд шинээр байгуулуулж даргаар нь өнөөдрийг хүртэл ажиллахдаа энэ салбарын олон хуулийг УИХ-ын босгыг давуулж, үндсэн концепцыг гаргаж байгаа нэгэн юм.

Ийнхүү хоёроос дээш сонгогдсон, яг энэ цаг үед УИХ болон салбар салбарынхаа бодлогыг зангидаж яваа эдгээр гишүүдээс Ерөнхий сайд танхимаа сонгож бүрдүүлэх бололтой. Өнгөрсөн хугацаанд түүний Засгийн газрыг сул харагдуулж байсан хүмүүс нь гаднаас томилогдсон сул сайдууд байсан. Тэгвэл тэднийг эдгээр гишүүдээр сэлгэн томилсон цагт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үнэхээр аймаар повертай болно. Магадгүй өнгөрсөн түүхэнд ийм хүчтэй бүрэлдэхүүнтэй Засгийн газар бараг байхгүй. Хэрвээ иймэрхүү байдлаар Засгийн газраас бүрдүүлж чадвал дараагийн сонгууль болтол ганхана гэж би лав бодохгүй байна. Гэхдээ энэ бол зөвхөн хэлэлцээрийн шатанд яригдаж буй дүр зураг. Цэц шийдвэрээ гаргаад, шинэ танхим бүрдэхэд хэн нь хэнээрээ солигдсон байхыг бурхан ч таахгүй аргагүй. Хамгийн сүүлд ЭМ-ийн сайдад бичигдсэн Б.Цогтбаатарын нэрийг нэг шөнийн дотор Т.Мөнхсайхан болгож засаад оруулж ирж билээ. Юу болохыг хамтдаа ажиглацгааж л байя.

Г.Лхагвадорж

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.