Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулна хэмээн багтсан байдаг. Тэгвэл тус төвийн талаар ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболдоос тодрууллаа.
-Манай улс өвчний хяналтын төвтэй болно гэх мэдээлэл гарсан. Тус төвийг хэзээ байгуулах вэ, судалгаа хийгдэж байгаа юу?
-Эрүүл мэндийн яаманд ажлын хэсэг байгуулагдан гадаад улс орны болон дотоодын нөөц бололцоо дээр тулгуурлан тодорхой ажиллагаа, судалгаануудыг хийж байна. Ер нь маш яаралтай хугацаанд байгуулахаар зорин ажиллаж байгаа.
-Тус төв нь яг ямар үндсэн чиг үүргийн хүрээнд ажиллах вэ гэдэг нь иргэдэд сонирхолтой байгаа болов уу. Мөн өвчний хяналтын төвтэй болохын ач холбогдлыг та бүхэн юу гэж харж байгаа вэ?
-Өвчний хяналт сэргийлэлтийн төв гэдэг нь Монгол улсад бүртгэгдэж буй өвчлөлүүдийн тандалт судалгааг хийх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хийх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчний эрт илрүүлэг оношлогоог хийх зориулалт бүхий байгууллага юм.
Энэ чиглэлээр манайд маш олон байгууллага ажиллаж байна шүү дээ. ХӨСҮТ, НЭМҮТ, ЗӨСҮТ, улсын томоохон төв эмнэлгүүд дээр тандалтын нэгжүүд энэ чиглэлийн үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллагууд маань салангид тус тусдаа ажиллаад байна шүү дээ. Тиймээс нэгдсэн байдлаар өвчний өвчний тохиолдол, статистикийг бүрэн хянаж байдаг, түүн рүү чиглэсэн хариу арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байгууллага байгуулна гэсэн үг юм.
Ялангуяа коронавируст халдварын үед энэ байгууллага маш хэрэгтэй болох нь харагдлаа шүү дээ.