Халдварын тархалт идэвхтэй үед манай улсын төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд улаан бүс болж халдвартай өвчтнүүдийг хүлээн авч байсан. Тэгвэл манай улсад өнгөрөгч долоо хоногт тохиолдлын тоо 26.3 хувиар буурч, ПГУ шинжилгээнд эерэг илрэх хувь 18.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан болохыг албаныхан мэдээлсэн юм. Тэгвэл ирэх Даваа гараг буюу 11 дүгээр сарын 15-наас эхлэн томоохон эмнэлгүүд үндсэн тусламж үйлчилгээгээ түлхүү ажиллуулах төлөвлөлтийг хийж байгаа талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлсэн юм.
Тэрбээр "Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн тоо 38.3 хувиар буурсан. Энэ нь тохиолдлын тоо буурсантай шууд холбоотой. Ковид19-ийн оргил үед 22400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь сайн үзүүлэлт болж байна. Ор зохицуулах баг ажиллаж эхэлснээс хойш хугацаанд гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Нас баралт ч буурах хандлагатай байна. Нас баралт нь тохиолдлын тооноос хоцрогдолтой явдаг учраас өнөөдрийн батлагдаж буй тоотой шууд хамааралтай байдаггүй.
Энэ сарын 15-наас хойш томоохон эмнэлгүүдийн ковидын тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээг түлхүү ажиллуулах төлөвлөлтийг хийж байна" гэлээ.