Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн цуврал тэмцээний Абу Дабигийн Их дуулга үргэлжилж байна. Уг тэмцээнд дэлхийн шилдэг 14 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлж, "Ulaanbaatar MMC Energy" баг Абу Дабигийн Их дуулгад оролцож байгаа юм.
Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг B хэсгийн эхний тоглолтоо “Токио-2020” олимпын наадмын аварга баг Латви Улсын “Riga”-тай хийж 21-16 харьцаатайгаар ялагдал хүлээв. Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо Саудын Арабын "Jeddah" багийн эсрэг хийж, 18-15 онооны харьцаатайгаар ялалт байгуулж, B хэсгийг II байраар Абу Дабигийн Их дуулга тэмцээний хасагдах шатанд шалгарчээ.
Хасагдах шатны тоглолтууд Монголын цагаар өнөөдрийн 20:00 цагаас эхлэх бөгөөд "Ulaanbaatar MMC Energy" баг хасагдах шатны эхний тоглолтоо Сербийн "Liman" багийн эсрэг хийнэ. Хэрэв "Ulaanbaatar MMC Energy" баг ялалт байгуулбал хагас шигшээд АНУ-ын "Princeton", Сербийн "UB" багуудын ялсантай нь тоглох юм.
“Улаанбаатар ММС энержи” багийн бүрэлдэхүүнд:
- Даваажамцын Дэлгэрням
- Энхбатын Дөлгөөн
- Готовын Цэнгүүнбаяр
- Цогтын Отгонжаргал гэсэн тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр хүч үзэх гэж байна.