Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хүн амын 30 хувь нь III тунд хамрагдахад халдварын тоо 80 хувь буурна

Ангилал
COVID-19 Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 42 секунд

Коронавирусийн халдварыг манай улс дотооддоо алдаад нэг жил орчмын хугацааг үдлээ. Халдварыг дотоодод алдсан тухайн үед бидний цорын ганц итгэл найдвар вакцин байсан юм. Зөвхөн манайх ч бус, цар тахлын анхны тохиолдол БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдэн, АНУ, Итали зэрэг орнуудад халдварын тохиолдол хэдэн саяар тоологдож эхлэх үед хүн бүр вакциныг л хүлээж байсан цаг саяхан. Түүнчлэн вакцин ч шил шилээ даран үйлдвэрлэгдэж эхлэн дэлхийн улс орнууд ковидын вакциныг "амь тариа" болгон хэрэглэж эхэлсэн.

Манай улс ч мөн ялгаагүй өнгөрсөн хавраас эхлэн вакцинжуулалтаа эхэлж, одоогийн байдлаар хүн амын 70 орчим хувь вакцины хоёр тунд хамрагдаад байна. Харин гуравдугаар тунгийн дархлаажуулалт наймдугаар сарын 30-нд албан ёсоор эхэлсэн. Дельта хувилбарын үед халдвар авах эрсдлээс хамгаалах хамгийн чухал арга бол III тун хэмээн албаныхан хэлсээр байтал иргэдийн идэвх сул байгаа нь хачирхалтай. Тодруулбал, нэмэлт тунгийн дархлаажуулалт эхлээд хоёр сар орчмын хугацаа өнгөрсөн ч хүн амын 10 орчим хувь нь хамрагджээ.

Гуравдугаар тунгийн үр дүн болон иргэдийн идэвх сул байгаа шалтгааны талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

-Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгаа нь тоон мэдээллээс харагдаж байна. Гуравдугаар тун хийлгэснээр ямар үр дүнд хүрэх вэ?

-Бүүстер тунг хийж буй хэд хэдэн шалтгаан бий. Хөл хорио тогтоохгүй байх, боловсролын байгууллага болон бусад бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохгүй хэвийн үргэлжлүүлэхийн тулд нэмэлт тунг хийж байгаа тул иргэд олон нийтийн дэмжлэг маш чухал.

Дельта хувилбарын эсрэг хамгийн гол зэвсэг нь III тун. Манай улсын хувьд нэмэлт тунд хамрагдаад 14 хоног өнгөрсөн иргэдийн дунд судалгаа хийж үзэхэд 0.1 хувь нь л халдварт өртсөн байгаа юм. Тэгэхээр III тун халдвараас сэргийлж чадаж байгаа гэдэгт итгэж болно.

Хоёрдугаарт, 0.1 хувийг эзэлж буй өвчлөл нь маш хөнгөн өвдсөн. Гуравдугаарт, Эрдэнэт, Оюу-Толгой, Хасбанк зэрэг байгууллагууд ажилчдынхаа 50-70 хувийг вакцины бүүстер тунд хамруулахад өмнөх сартай харьцуулахад тохиолдлын тоо нь 10-20 дахин буурсан жишээг бид харж болохоор байгаа юм.

-Дэлхий даяар хичнээн улс III тунд иргэдээ хамруулж байгаа вэ?

-АНУ, Их Британи, Израиль, Турк, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Унгар, Европын холбоо гээд олон орнууд хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор вакцин дахин хомстолж орж байгаа талаар олон улсын судалгааны байгууллагууд мэдээлж эхэлсэн. Тиймээс бидний хувьд хангалттай вакцинтай байгаа нь азтай хэрэг.

-ГУРАВДУГААР ТУНГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙГАА НЬ САЙН МЭДЭЭ-

-Лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар насанд хүрсэн иргэдийн 50 хувь нь III тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Израиль Улсын жишгээр наандаж хүн амын 30 хувь нь III тунд хамрагдах шаардлагатай болоод байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Хүн амын 30 хувь нь III тунд хамрагдахад халдварын тохиолдлын тоо 80 хувь руу буурах тооцоолол бий. Ерөнхий сайдын уриалгаар эхний ээлжинд зорилтот бүлгийн 50 хувийг III тунд хамруулах. Ингэснээр өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар зэрэглэлийг шар зэрэглэл болгон бууруулах чиглэл өгсөн. Сайн мэдээ дуулгахад, энэхүү шийдвэр гарснаас хойш III тунгийн дархлаажуулалт нэмэгдэж байна. Наймдугаар сараас хойш өдөрт 4000 орчим хүн вакцинжуулалтад хамрагдаж байсан бол Засгийн газрын шийдвэр гарснаас хойш 6000 гаруй хүн болж нэмэгдсэн байна.

III тунд чухам ямар шалтгаанаар хамрагдахгүй байгаа талаар иргэдээс тодруулахад "эргэлзээтэй" гэх ганц үгээр хариулах нь олон. Гэтэл дээр дурдагдсан баримтуудаас нэмэлт тунгийн ач тус Израиль зэрэг орнууд болнуудын жишээнээс тод харагдаж буй. Түүнчлэн вакцины III тунд хамрагдсанаар халдвар авах эрсдэлээс 98 хувь хамгаалагдаж байгаа тооцоолол бий.

Вакцинжуулалтын цэг дээр ажиллаж буй эмч, ажилтнуудын төлөөлөл болох Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч Ц.Уянгаас дархлаажуулалтын явцыг тодрууллаа.

-Гуравдугаар тунгийн дархлаажуулалт эхэлснээс хойш Улсын төв хоёрдугаар эмнэлэг дархлаажуулалтын цэгийг тасралтгүй ажиллуулсан. Өдөрт энэ цэг дээр хэдэн хүн вакцинд хамрагдаж байна вэ?

-Хавар вакцинжуулалт эрчимтэй явагдаж байх үед манай цэгт өдөрт 400-500 хүн вакцин хийлгэдэг байсан. Гуравдугаар тунгийн вакцинжуулалт эхэлснээс хойш өдөрт 200 орчим хүн вакцинжуулалтад хамрагдаж байна.

-ВАКЦИНЫ ХАРИУ УРВАЛЫГ ХҮЧТЭЙ МЭДЭРЧ БАЙГАА ХҮМҮҮС ХАЛДВАР АВБАЛ ТҮҮНЭЭС ИЛҮҮ ӨВДӨНӨ-

-Хоёр тун хийлгээд өвдсөн хүмүүс гурав дахь тун хийлгэх эсэх талаар ойлголт тааруу байна. Хоёр тун хийлгээд халдвар авсан ч гурав дахь тун тариулж болох зөвшөөрөл гарсан. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Хоёр тун тариулсан хэдий ч өвдөөд эдгэсэн бол 21 дээш хоногийн дараа гуравдугаар тун хийж болно гэсэн зөвшөөрөл гарсан. Манайхаас хийсэн судалгаагаар дархлаа тогтоц вакцин хийлгэснээс хоёр сарын дараагаас буурч эхэлдэг нь тогтоогдож байгаа. Тэгэхээр 2-3 сарын дараа давтан тун хийлгэх асуудал яригдаж байгаа. Нэг удаа вакцин хийлгэсэн л бол насан туршийн дархлаа тогтож байгаа гэх ойлголт байх шиг байна.

Нөгөө талаар вакцины хариу урвал бага зэрэг хүчтэй мэдэрсэн хүмүүс магадгүй халшраад байх шиг байна. Гэхдээ халдвар түүнээс илүү өвдөхийг ойлгох хэрэгтэй. Вакцин хийлгэснээр халдвар авах эрсдлээс тодорхой хэмжээгээр сэргийлэхээс гадна хүндрэл, нас баралтаас сэргийлж байгаа нь хамгийн чухал.

-ДЭЛХИЙ ДАХИНД III ТУН-

Дэлхийн томоохон орнууд вакцины III тунд иргэдээ хамруулсаар тодорхой үр дүнд хүрсээр буй. Үүний жишээ болгон III тунг хамгийн өргөнөөр хэрэглэж буй дэлхийн улс орнуудын статистик мэдээллийг хүргэж байна.

  • Израиль Улс хүн амынхаа 30 орчим хувийг III тунд хамруулахад халдварын тохиолдлын тоог 80 хувиар бууруулжээ. Тус улсад 60-аас дээш насныхан хоёр дахь тунгаа тариулснаас хойш таван сарын дараа нэмэлт тунг авсан тэдгээрийн халдвар авах магадлал 11 дахин, халдвар авсан ч өвлөл хүрдрэх магадлал 19 дахин бага байжээ.
  • Их Британид хийсэн нэгэн судалгаагаар Pfizer/BioNTech вакцины хоёр тун нь нэг сарын дараа 88 хувийн үр дүнтэй байсан бол таваас зургаан сарын дараа 74 хувийн үр дүнтэй болж буурчээ. Үүний зэрэгцээ Oxford/AstraZeneca вакцины үр нөлөө нь 77 хувиас 67 хувь хүртэл буурсан байна. Харин гурав дахь тун хийлгэсний дараа вакцины үр нөлөө эргээд 95-аас дээш хувь болон өссөн байна.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис олон нийтийн өмнө вакцины гуравдахь тариулж, нийт америкчуудыг вакцинд хамрагдахыг уриалав.

"Гуравдугаар тунгаа хийлгээд шинэ жилээ тэмдэглэе" хэмээн Ерөнхий сайдын хэлсэн нь хэт лоозонгийн шинжтэй мэт боловч агуулгын хувьд халдварын нөхцөл байдлын бодит тоон мэдээлэлд үндэслэсэн уриалга. Вакцинжуулалтыг дэлхий даяар дэмжиж буй. Түүнчлэн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим платформууд вакцинжуулалтыг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл, дүрс бичлэгийг ч нийтлэхийг хориглож байна. Манай орны өнөөгийн нөхцөлд хөл хорилгүйгээр халдварыг хумих ганц боломж вакцины III тун болохыг иргэд бид ойлгох хэрэгтэй. Ингэснээрээ бид өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалж нийгмийн хариуцлагаа үүрч буй үйлдэл болох юм.

Б.Амарбаясгалан

Вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхийг даалгажээ
Вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхийг даалгажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.