Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баярболд: ЭМЯ-ны зүгээс 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах байр суурийг илэрхийлээгүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 53 секунд

УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын дараагаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотой сэтгүүлчдийн сонирхсон асуултад холбогдох албаныхан хариуллаа.

-12-оос доош насныханыг дархлаажуулалтад хамруулах тал дээр судалгаа хийж байгаа юу?

ЭМЯ-ны газрын дарга Д.БАЯРБОЛД: 12-оос доош насны хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамраагүй байгаа. Харин томуу, томуу төст өвчнөөс сэргийлж 0-11 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн хамрагдалт 90 гаруй хувьтай байгаа юм. 12-оос доош насны хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулах тал дээр эрүүл мэндийн байгууллага, үйлдвэрлэгчдийн судалгааг маш анхааралтай ажиглаж байна. Одоогоор энэ насны хүүхдүүдэд вакцин хийнэ хэмээн шийдвэр гараагүй.

-Өнгөрсөн долоо хоногт 160 мянга орчим хүн тун устгагдсан гэх мэдээлэл байгаа. Вакциныг юуны учраас устгалд оруулж байна вэ?

-Пайзер вакцин нь зургаан хүн тунгаар нэг балкон савлагдсан байдаг. Вакцинжуулалт дуусахад гурван хүн тун үлдсэн бол түүнийг дараагийн өдөр хэрэглэх боломжгүй байдаг учраас тодорхой хэмжээний вакциныг устгалд оруулдаг.

-12 дугаар сарын 31 гэхэд 800 мянган хүн тун вакцины хугацаа дуусч, устгалд орно гэх мэдээлэл байгаа. Энэ тал дээр?

-Вакцин үйлдвэрлэгч болон ДЭМБ-аас вакцины технологи, үйлдвэрлэлтэй холбогдуулан шийдвэрүүд гарч байна. Өмнө нийлүүлэгдсэн вакцинуудын хугацааг гурван сараар нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа. 12 дугаар сарын 31 гэхэд төлөвлөлтөөрөө вакцин хийж дуусах төлөвтэй байгаа. Тогтоосон хугацаанд иргэд вакциндаа хамрагдах шаардлагатай.

-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудлыг ярьсан. Энэ хэр боломжтой байна вэ?

-Эрүүл мэндийн сайд болон БШУ-ны сайдын хамтарсан тушаал дээр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хамрагдалтыг авч үзсэн. 4-5 настнуудыг халдварын тархалт улбар шар болон улаан төвшинд байгаа нөхцөлд танхимаар болон зайнаас хичээллүүлэхээр заасан байгаа. Тархалтын төвшин буурч шар, ногоон төвшинд очиход 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулна гэж заасан. Одоогийн байдлаар дельта хувилбарын тархалт өндөр байгаагаас гадна томуугийн улирал эхэлж байгаа учраас ЭМЯ-ны зүгээс 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах байр суурийг илэрхийлээгүй байгаа.

Ё.Баатарбилэг: Төрийн албаны шалгалтыг улирал тутам зохион байгуулах хэрэгтэй
Ё.Баатарбилэг: Төрийн албаны шалгалтыг улирал тутам зохион байгуулах хэрэгтэй
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.