Засгийн газар ирэх оны төсвийн жилд гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгох, шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ хүрээнд гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс шаарддаг баримт бичгийн тоог бууруулах, биет үзлэг, шалгалтын давхардлыг арилгах, барааг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэхээр төлөвлөжээ.
Үүнтэй холбогдуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.