Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боомтын захиргааны орлогч П.Билгүүн: Задгай тээврийг эхлүүлэх хүсэлтийг удаа дараа тавихад Хятадын талаас боломжгүй гэх хариуг өгсөн

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
15 минут 3 секунд

No description available.

Замын-Үүд Эрээн болон бусад боомтуудын өнөөгийн нөхцөл байдал, тээвэрлэлтийн зохион байгуулалт болон задгай тээвэр тойрсон асуудлуудын хүрээнд Хилийн боомтын захиргааны орлогч дарга П.Билгүүнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд Эрээний боомтын тээвэрлэлтэд хязгаарлалт тогтоосон гэх мэдээлэл гарсан. Эл мэдээллийг ГХЯ үгүйсгэсэн. Эрээний боомтын нөхцөл байдал ямар байна вэ. Хязгаарлалт тогтоосон зүйл үнэхээр байхгүй юу?

-Олон нийтийн цахим сүлжээгээр тээвэрлэлтэд хязгаарлалт тогтоосон мэтээр ташаа мэдээлэл гарсан. Нэгдүгээр сарын 11-нд Замын-Үүд Эрээний боомтын үйл ажиллагаа чингэлэг тээврээр явагдаж эхэлснээс хойш зогсолт хийсэн нэг өдөр ч байхгүй. БНХАУ-ын зарим баярын өдрүүдэд хуулиар зөвшөөрөгдсөн хоёр улсын хэлэлцээрийн дагуу амарч, үргэлжүүлэн үйл ажиллагаа нь хэвийн явагдсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд Замын-Үүд Эрээний боомт хаагдсан удаагүй.

-Өдөрт хэчнээн чингэлэг тээврийг солилцож байна вэ?

-Чингэлэг тээврийн тоо өдөрт 70-80 хооронд хэлбэлзэж байна. Ямар процесс явдаг талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь зөв байх. Замын-Үүд Эрээний боомтын дундын бүсэд Хятад болон Монголын талын чингэлэг солилцох талбайг бий болгосон байгаа. Үдээс өмнө хил нээгдэх үед Хятадын талаас Монголын талд байршуулах чингэлгийг дундын бүсэд байршуулж талбайн ариутгалаа хийгээд гардаг. Хятадын тал бүрэн ажиллаад гарсаны дараагаар Монголын тал орж, дундын бүсэд байршуулсан чингэлэг, импортны автомашины татан авалтуудыг хийж талбайн ариутгалаа хийнэ. Ийм л процесс үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, Хятадын талаас дундын бүсэд хэчнээн чингэлэг, импортын автомашин байршуулсан байна түүнийг нь Монголын тал татан авч, Замын-Үүдийн боомтоор оруулж ирж байгаа гэсэн үг.

-Чингэлгийн тоог нэмэгдүүлэх хүсэлтийг тавьж байгаа юу?

-Хятадын тал цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хатуу шаардлагыг тавьсан хэвээр байгаа. Одоогийн нөхцөлд чингэлэг солилцох замаар л үргэлжилж байна. Хятадын талаас чингэлэг солилцох талбайг өргөтгөж байгаа бөгөөд тавдугаар сарын дундуур дуусахаар байгаа. Ингэхдээ Хятадын тал талбай өргөтгөх ажлыг хийж дууссаны дараагаар манай улс хийнэ гэсэн үг. Хоёр талын зүгээс талбай өргөтгөх ажлаа хийчихвэл өдөрт орж ирэх чингэлгийн хэмжээ нэмэгдэх боломжтой. Энэ байдлаас харвал, зургаадугаар сарын дундаас хойш өдөрт орж ирэх чингэлгийн тоо нэмэгдээд явна.

-Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог зарим төрлийн бараа бүтээгдэхүүний экспортыг сэргээж байгаа талаар ГХЯ-наас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд боомтод ямар зохион байгуулалт, зохицуулалтыг хийх вэ?

-Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 28-ны коронавирусийн халдвар Эрээнд бүртгэгдсэнтэй холбоотойгоор хил хаагдсан. Үүнтэй холбоотойгоор төмөр замаар орж ирж байсан хөдөө аж ахуйн дайвар бүтээгдэхүүн, бордоо, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийг түр хугацаанд хил нэвтрүүлэхгүй байхаар Хятадын талаас мэдэгдсэн. Улмаар задгай вагоноор нүүрс оруулах асуудлыг Хятадын талд удаа дараа тавьсан. Ийнхүү тавдугаар сарын 27-нд задгай вагоноор эрчим хүчний нүүрс, үр тарианы импорт экспортын тээвэрлэлтийг сэргээх талаар мэдэгдсэн. Тэгэхээр удахгүй задгай вагоноор эрчим хүчний нүүрс, үр тарианы экспортууд гарч эхэлнэ.

-Нэг дор 5 мянга гаруй жолоочийг дундын бүс рүү оруулаад тээвэрлэлт хийлгэх боломж нь хомс-

No description available.

-Өнгөрсөн хугацаанд задгай тээвэртэй холбоотойгоор тээвэрчид нэлээдгүй удаа эсэргүүцлээ илэрхийлж, Засгийн газар, ЗТХЯ-нд шаардлага хүргүүлсэн хариу өгөхгүй байгаа талаар мэдээлсэн. Ер нь задгай тээврийг эхлүүлэх тал дээр манай талаас дорвитой авч буй арга хэмжээ авч чадахгүй байна гэх шүүмжлэл ихээр өрнөж байна?

-Задгай тээврийн асуудалтай холбоотойгоор Замын-Үүдийн жолооч нарын төлөөлөл болсон хэд хэдэн холбоодууд бий. Тухайн холбоодуудтай ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төв болон манай газраас байнгын холбоотой байж, холбогдох мэдээллүүдийг нь өгч байгаа.

Жолооч нарын тавьсан шаардлагын дагуу ГХЯ-аар дамжуулан Хятадын талд хоёр ч удаа задгай тээврийг эхлүүлэх талаар хүсэлт тавьсан. Одоогоор заадгай тээврийг эхлүүлэх боломжгүй байна гэх тайлбарыг өгсөн.

Задгай тээвэр гэдэг нь Хятадын хилээр орж тээвэр хийнэ гэсэн үг шүү дээ. Одоохондоо энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг.

Хоёр улсын хилийн тухай хуулийн хэлэлцээрийн дагуу явагддаг зүйл учраас манай улс дангаараа шийдвэр гаргаад тээвэр явуулах боломжгүй. Учир нь Хятадын тал хилээ хаачихана. Ер нь төрийн байгууллагуудын аль болох нэг жолооч, нэг машин ч болтугай тээвэр эрхлээсэй гэх бодлого барьж байгаа. Гэхдээ бид ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хатуу чанга дэглэмд байгааг ойлгох хэрэгтэй.

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 27 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ нь Замын-Үүд боомтын хилийн хяналт шалгалтын байгууллагыг 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл тусгай горимд тогтоосугай хэмээн тогтоол. Цар тахлын улмаас Замын-Үүдийн бүсийг тусгай горимд шилжүүлчихсэн байгаа. Тусгай горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор дундын тээврийг төрийн албан хаагчдаар гүйцэтгүүлж байсан. Ингэхдээ дундын бүсээс Замын-Үүд рүү чингэлэг тээврийг тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлж байсан юм.

Жолооч нарын тавьсан шаардлагын дагуу тавдугаар сарын 16-наас эхлэн жолооч нарын төлөөлөл болсон ТББ-уудтай гэрээ байгуулан 20 жолоочоор импортын автомашины татан авалтыг хийлгэж байна. Мөн жолооч нарын автомашинуудыг чингэлэг тээврийн үйл ажиллагаанд оролцуулаад хилийн цэргийн жолооч нараар богинийн тээврийг нь хийлгэж байгаа юм.

Тэгэхээр шат дараатайгаар жолооч нарын асуудлыг шийдвэрлэж л байна гэсэн үг. Тэнд байгаа 5 мянга гаруй жолоочийг нэг дор дундын бүс рүү оруулаад тээвэрлэлт хийлгэх боломж нь хомс.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 170 мянга 516 тонн бараа материал хилээр орж ирсэн. 1805 импортын машин орж ирсэн байна. Нийт Замын-Үүд Эрээний боомтоор 8429 чингэлэг орж ирсэн. Тэгэхээр чингэлэг, бараа бүтээгдэхүүн чөлөөтэй орж ирж байгаа.

-Чингэлэг тээвэр тээвэрчдийн ажлын байрыг булааж байна гэх байр суурийг жолооч нар илэрхийлсээр байгаа?

-Бид юу ч ярьж болно. Ямар ч байдлаар тээвэрлэлтийн зохион байгуулалт тал дээр ажиллахыг үзнэ. Манай улсын боломж нь задгай тээвэр. Аль ч тээвэр дээр. Бүх чиглэлээр чингэлэг тээврээр солилцоно гэчихсэн тохиолдолд бид хүнд байдалд байгаа юм. Хятадын тал маш хатуу байгаа учраас чингэлэг тээвэр гэх байр сууриа барьсаар байгаа. Бид энэ байдалд нь тохируулж ачаа бараагаа татан авах нь чухал. Хэрвээ бид чингэлгээр бус задгай тээврээр ачаа бараагаа авна гээд Хятадын тал хилээ хаачихвал татан авах тал дээр бүр ч асуудал үүснэ шүү дээ.

-Чингэлгийн сугалаа Хятадын талд зохион байгуулагддаг-

-Чингэлгийг хилээр оруулахад сугалаа зохион байгуулдаг талаар мэдээлэл байдаг. Энэ тал дээр?

-Түүнийг Хятадын тал өөрсдөө зохион байгуулдаг. Сугалааг ямар зарчмаар явуулж байгааг бид хэлж мэдэхгүй. Нээлттэй байлгах зарчмын хүрээнд хийж байгаа гэх мэдээллийг Хятадын талаас өгсөн. Аль компанийн, хэний, ямар бараа бүтээгдэхүүнтэй чингэлгийг байршуулсан бэ гэдгийг Монголын тал орж ирсэн хойно нь л мэдэж байгаа.

-Бүтээн байгуулалтын улирал ирж байгаатай холбоотойгоор материал, сэлбэг хэрэгслийг хилээр оруулахад жаахан хугацаа алдаад байх шиг л байна. Тухайлбал, Дарханы замын ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг хилээр оруулж ирэхгүй байгаагаас хүндрэл үүсч байгаа талаар албаныхан хэлсэн. Энэ чиглэлд бараа бүтээгдэхүүнийг саадгүй оруулж ирэхэд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Бүтээн байгуулалтын буюу томоохон тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх тал дээр асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, чингэлэгт багтдаггүй, задгай вагон дээр тавиад оруулж ирэх боломжгүй төхөөрөмжүүд байдаг. Дарханы замтай холбоотой зарим тоног төхөөрөмжүүд урд хил дэр гацсан зүйл байгаа. Гэхдээ яаралтай оруулж ирэх чиглэлд ЗТХЯ Эрээний боомтын холбогдох албадуудтай холбогдож ажиллаж байгаа. Удахгүй оруулж ирэх байх. Ер нь том оврын чингэлэгт багтахгүй ачаа барааг яаралтай оруулж ирэх асуудлыг Хятадын талд тавьж байна. Түүнээс биш бусад бараа материал гацсан, удаасан асуудал байхгүй.

-Гашуунсухайт чиглэлийн задгай тээвэр тавдугаар сарын 31-нээс эхэлнэ-

No description available.

-Гашуунсухайт боомтоор тээвэрлэлт, зохион байгуулалтын хувьд ямар нөхцөл байдалтай байгаа вэ?

-Зөвхөн Монгол гэлтгүй БНХАУ-тай хиллэдэг бүхий л оронд л өндөр хатуу шаардлагыг тавьж байгаа. Ханги, Гашуунсухайт боомтуудад ч өнөөдрийг хүртэл чингэлэг тээвэр нь явж байна. Харин Хятадын талтай ярилцсаны үр дүнд Гашуунсухайт чиглэлийн задгай тээвэр тавдугаар сарын 31-нээс эхэлнэ. Бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Тавдугаар сарын 25-наас эхлэн уртын тээвэр буюу Өмнөговь аймгийн Цогтцэций уурхайгаас Цагаанхад хүртэлх тээвэр эхэлж байна. 100 машинаар туршилтыг эхлүүлж байгаа. Халдвар хамгааллын дэглэм болон бусад зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж чадвал цаашид уртын тээврийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дундын тээврийг хийхгүй байсан. Гашуунсухайт Ганцмодны боомтоор гаргаж байгаа нүүрсүүд нь өмнө зарагдсан байсан нүүрс гэсэн үг шүү дээ. Үүнийг гаргаж дуусч байгаа. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал маш өндөр шаардлагыг тавьж байна. Хятадад ковидын нөхцөл байдал хүнд байгаа. Иймд хил гаалиа бүрэн нээх асуудал одоохондоо шийдэгдээгүй байна.

-Задгай тээвэр эхлэхтэй зэрэгцээд жолооч нартаа ямар шаардлагыг тавих вэ?

-Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг гэх томъёоллоор явдаг. Өөрөөр хэлбэл 20 хүртэлх жолоочтой нэг баг үүсгэж, кемп дээр тусгаарлаж халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулдаг. Жолооч нар кемпт байрлаж, хуваарийн дагуу тээвэрлэлтэд гардаг зохион байгуулалтад байгаа. Задгай тээвэр мөн адил ийм байдлаар зохион байгуулалтад орно.

-Цаашид хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлд Боомтын зөвлөлтэйгөө хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын стратегийн гол ач холбогдол өгч байгаа асуудал бол боомт. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудад өртгөтгөл шинэчлэлийн ажлуудыг хийж байна. Мөн Гашуунсухайт боомтод Эрдэнэс Тавантолгой, Энержи, орон нутгийн Таван толгойн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд чингэлэг тээврийн терминал байгуулагдсан. Монгол Улсад байгагүй чингэлэг тээврийн терминал байгуулагдсан. Тээвэрлэлт лүйл ажиллагааг явагдаж байгаа. Мөн ухаалаг тээврийн асуудал холбогдох боомтууд дээр бүтээн байгуулалтын ажлуудыг хийх талаар Засгийн газарт танилцуулга хийж байгаа. Шивээхүрэний боомтод чингэлэг тээврийн терминалыг байгуулахаар ажиллаж байна. 10 гаруй боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээд явж байна. Ингэснээр цаашид орц гарцын асуудал, нэвтрэлтийн хүчин чадал нэмэгдэх байдлууд бий болно. Гэхдээ бүтээн байгуулалтын ажилд хугацаа шаардагдана. Замын-Үүд, Гашуунсухайтын боомтуудын өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг ойрын хугацаанд дуусгахаар ажиллаж байна.

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сард зарим боомтуудад PCR аппаратуудыг суурилуулах талаар мэдээлсэн. Одоогийн байдлаар аппарат суурилуулагдаж эхэлсэн зүйл бий юу?

-БНХАУ-ын буцалтгүй тусламжаар эмнэлгийн тоног төхөөрөмж, таван PCR аппаратыг МУ-д өгч байгаа. Гадаад харилцааны шугамаар ГХЯ, Бээжин дахь Элчин сайдын яам Хятадын талтай ярилцаад тус тусламжийг үзүүлэхээр болсон. Монгол Улсад нийлүүлэгдэхээр замдаа гарсан байгаа. Орж ирэхээр нь таван PCR аппаратыг холбогдох боомтуудад тавина гэх төлөвлөгөөтэй байна. Сангийн яам болон Хилийн боомтын захиргааны санаачилгаар Гашуунсухайт Ганцмод боомтод ашиглагддаг шинжилгээний аппараттай яг адил хоёр аппаратыг 2022 оны нэгдүгээр сард оруулж ирсэн. Өмнөговь аймгийн ЗДТГ-тай харилцан ажиллаад, Гашуунсухайт боомтод хоёр иж бүрэн лаборатори бий болгосон. Тэгэхээр шинжилгээний зөрүүтэй байдал тал дээрх асуудал арилна гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

ШУУД ҮЗЭХ:

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Зөвшөөрөл хүссэн иргэн, ААН-ээс төрд байгаа мэдээллийг ШААРДАХГҮЙ
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Зөвшөөрөл хүссэн иргэн, ААН-ээс төрд байгаа мэдээллийг ШААРДАХГҮЙ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.