Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨШИГНИЙ АРД: Дөрвөн сайдад хариуцлага тооцож, Г.Сайханбаяр ЗХЖШ руу хүсэлтээрээ явж, үлдсэн нь “уснаас хуурай“ гарах шийдэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 27 секунд

Нөхөн сонгуулийг дуустал хүлээх ЧИГЛЭЛ авсан Ардын намынхан ирэх долоо хоногоос ордны улс төрөө дорвитойхон эхлүүлэхээр “араа шүдээ” хурцалж сууна. Өнгөрсөн зунжин битүү, хатуугаар хэл яриа өрнүүлж ирсэн сайдуудыг солих асуудлыг гишүүд эрчимтэйгээр хөндөж, Засгийн газар болон УИХ-ын түвшинд ярих нь нэгэнт тодорхой болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ээс ирсэн даруйдаа нөгөө хоёр өндөрлөгөө дуудаж ҮАБЗ-ийн хурал дээрээ сайдуудын хариуцлагыг ярьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл намрын чуулганы нээлтийн өдөр үдээс хойш болсон хаалттай чуулганы үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг байр сууриа бататгаж "Сайдуудад хариуцлага тооц" гэж чуулганы танхимд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хандаж байр сууриа тодорхой илэрхийлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Гэхдээ сайдуудыг солихоос биш, Ерөнхий сайдын байр суурь ганхахгүй гэдгийг онцолж байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар ирэх даваа гарагт болох бүлгийн хурлаас эхэлж сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ярихаар болжээ. Чуулган эхэлсэн даруйд гишүүд бужигнуулах гэсэн боловч юу ч гэсэн нөхөн сонгууль дуустал “галаа” зогсоох даалгавар дээрээс ирсэн.

ДӨРВӨН САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭХНИЙ ХУВИЛБАР

Цэвэр гишүүдийн шахалтаар хийгдэх гэж буй уг улс төрийн акцад нэн түрүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар өрсөлдөгчгүйгээр багтсан хэмээн эх сурвалжууд онцлов. Дээр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нэмэгдэх магадлалтай хэдий ч, түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр гэдгийг нь мартаж болохгүй. Харин нөхөөсөнд хариуцлагын “сэлэм”-д өртөх хүнээр саяхан түлшний асуудлаар “хэрэг” тарьсан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нэрлэгджээ. Товчоор бол Л.Халтар, Н.Уртнасан, С.Энхболд гурав дээр Г.Ёндон, Н.Тавинбэх хоёрын нэгийг нэмээд нийтдээ дөрвөн сайдад хариуцлага тооцож, танхимаас гаргахаар эхний байдлаар тохирчээ.

УЛС ТӨРИЙН “БЯРГҮЙ”, “ДАН ДЭЭЛТЭЙ” З.МЭНДСАЙХАН, Ч.НОМИН НАР Ч АСУУДАЛД ОРЖ МАГАДГҮЙ

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүд дөрөвхөн сайдыг “жагсаалаас” гаргаснаар асуудлыг өндөрлүүлэхийг хүсэхгүй байгаа аж. Ерөнхий сайдыг танхимаа авч үлд, гэхдээ хариуцлага алдсан дөрвөн сайд дээр нэмээд Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Соёлын сайд Ч.Номин нарыг чөлөөлөх асуудлыг оруул гэж улайрцгаажээ. Хэрвээ Н.Тавинбэх сайд эхний дөрөвт багтахгүй бол энэ хоёр эрхэм дээр нэмэгдэх болно. Хэн хэн нь өнгөрсөн хугацаанд үлбэгэр сайдын дүрийг улс төрд “бүтээсэн”. Сайдуудын асуудлыг ярих болсон том шалтгаануудын нэг бол улс төрийн “бяргүй”, салбартаа ахиц гаргаагүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй Ерөнхий сайдад хамаг “гал”-аа үүрүүлсэн зэрэг асуудлууд юм.

Г.САЙХАНБАЯР САЙД ХҮСЭЛТЭЭРЭЭ АЖЛАА ӨГЧ, ЖАНЖИН ШТАБТ ОЧНО

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноосоо хойш ЗХЖШ-д дорвитой томилгоо хийгээгүй. Энэ томилгооны салхийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хагалах бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Сайханбаяр сайд өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх гэнэ. Тэрбээр сайдын суудлаа өгөөд ЗХЖШ-ын даргаар томилогдож, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед томилогдсон Д.Ганзориг даргыг чөлөөлөх аж. Уг томилгоо аль өнгөрсөн зун л яригдаж эхэлсэн боловч сайдуудын асуудалтай хамт оруулахаар өнөөдрийг хүртэл дарсан гэх.

“ДАВХАР ДЭЭЛТЭЙ” САЙДУУД БОЛОН Б.МӨНХБААТАР, А.АРИУНЗАЯА, Б.БАТЦЭЦЭГ НАР “УСНААС ХУУРАЙ” ГАРНА

“Давхар дээлтэй” гишүүн сайдууд болох Х.Нямбаатар, С.Амарсайхан, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар болон Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар танхимдаа үлдэж ажиллах төлөвтэй байна. Гишүүн сайд нарыг хөдөлгөчихвөл Засгийн газрын асуудал сайд нарын түвшинд бус бүхлээрээ яригдах аюултай. Ер ч нь бүхлээр нь хөдөлгөчих санаархал 70-аад оныхон дунд оршсоор байгаа. Харин гаднаас томилогдсон сайд нараас энэ гурав үлдэх нь баталгаатай гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Чухамхүү улс төрийн нөхцөл байдал яваандаа хэрхэн эргэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тэд асуудал бага тарьсан гэдгээс илүүтэй улс төрийн ар, тохироо нь засагт үлдээж буй гэвэл үнэнд харьцангуй ойртож очих байх. Б.Батцэцэг сайдын хувьд УИХ-ын дарга Г.Занданшатартай ойрхон. Баянхонгорын гаралтай тэд өнгөрсөн сонгуулиар дөрөө харшуулж нутгаа зорьсон ч, экс Ерөнхийлөгчийн “тоглолтод” орж Ганбаа тэргүүтэнд ялагдсан. А.Ариунзаяа сайдыг Ардын намын номер нэг болох генсек Д.Амарбаясгалантай ойрхон гэж саарал ордынхон сэм “шивнэлддэг”. Үнэхээр ч генсек бол энэ цаг үед Ардын намд үзүүлэх нөлөө, цар хүрээгээрээ том фигур. Б.Мөнхбаатар сайдын хувьд аль ч төрд нүүртэй. Аль нэг тийшээ орж хувираад байдаггүй. Төвийг сахидаг бурхан лугаа адил улс төрийн дүр нь түүнийг Ардын намын аль ч фракц засаглаж явахад сайд, дэд сайд, ямар нэгэн даргын албан тушаалаас буулгаагүй. Гэхдээ мань эрийн суурь үндсийг нь сөхвөл яалтчгүй хуучин хотын фракцын чимээгүй хэрнээ нөлөөтэй дүрүүдийн нэг.

За, ямартаа ч Засгийн газарт салхи орох нь баталгаатай болов. Харин асуудал тарьсан дөрвөн сайд уу, бяргүй бөгөөд улс төрд нөлөөгүй гаднаас орж ирсэн олон сайдууд уу гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй юм. Эрх баригчид дунд одоогоор дөрөв, эсвэл олон гишүүн бус сайд гэдэг хувилбар “хөшигний ард” яригдаж байна. Энэ хувилбаруудын нэг дээр тохирсон цагт, Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу сайдуудаа өөрөө чөлөөлж, шинэ хүмүүсээ томилно. Харин дээр цухас дурдсан шиг 70-аад оны ах нар нь Л.Оюун-Эрдэнийн засгийг энэ удаад бүхлээр хөнтөрч арай л дийлэхгүй болов уу.

Гэхдээ сайдуудад хариуцлага тооцохоос өөр арга байхгүй. Учир нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хүртэл энэ чиглэлд нэгдчихээд байна шүү дээ.

Г.Лхагвадорж

ОУХМ Э.Даваачимэг хүрэл медалийн төлөө барилдана
ОУХМ Э.Даваачимэг хүрэл медалийн төлөө барилдана
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.