"No double standard" хөдөлгөөнийг зохион байгуулсан иргэн Д.Монголхүүг прокурорын байгууллагаас гаргасан гомдлын дагуу 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Тэгвэл энэ талаар иргэн Д.Монголхүү "Шүүхээс үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн хугацаанд бид нар хууль дээдлэх зарчмыг л шаардаж байсан. Хуулийн эрх тэгш байдлыг шаардсан. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, өмгөөлөгчтэйгөө явж очно. Үргэлжлүүлэн хоригдох юм байна. Ингэхдээ ямар нэгэн эсэргүүцэл, оргон зайлна гэсэн ойлголт байхгүй. Би Монгол улсын иргэн хүн учраас хуулиа дээдэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд цагдаа нартай үл ойлголцол үүссэн нь хуулийг шаардаж байсан. Цагдаа нар хууль бус шаардлагаа хууль ёсны шаардлага хэмээн тайлбарлаж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйл явдал болсон.
Би хорих 461-р ангиас гарч ирээд өнөөдрийг хүртэл өөрийнхөө гар утсыг олж аваагүй байгаа. Хорих 461-р анги руу явж байх замд намайг машинд харгалзаж явсан цагдаагийн алба хаагчдын нэг нь миний утсыг авсан. Чиглэлийн ахлагч нь эргэж ирэхэд гар утсаа асуухад мэдэхгүй байсан. Ингэхдээ хэргийн материалд гарч утас хураагдсан гэж хэлсэн юм. Иймэрхүү байдлаар миний гар утас хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Гар утсаа олоход мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөх хүсэлт тавих гэж байх үед шүүхээс 30 хоног үргэлжлүүлэн хорих гарсан.
Та бүхэн нэг зүйлийг маш сайн ойлгоорой. Хууль дээдлэх зарчим шаардаж байсан учраас бид хуулиа дээдэлж, шүүхийн шийдвэрээ дагаад явна. Ер нь Монгол Улсад Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн тухай асуудлууд ойлголоос нь холдуулаад байна. Хүний эрхийн тухай ойлголтыг мартуулах бүр үгүйсгэх хандлага руу явуулж байна. Бидэнд байгаа цорын ганц үнэт зүйл бол эрх чөлөө. Эрх чөлөө байхгүй бол таньд байгаа бүх зүйл утга учиргүй. Эрхээ мэддэг иргэн олон байгаасай" гэлээ.