Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хурдан морь унаач робот бүтээсэн П.Энхмандах: Цолмонхүү робот бүрэн утгаараа бүтвэл олон хүүхдийг эрсдлээс хамгаална

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 15 секунд

Манай улсад 7000 гаруй унаач хүүхэд бий. Жил бүр тэдний дундаас 1-2 нь хурдан морины уралдааны үеэр болон үсэргээ, тарлах үеэр амиа алддаг. Мөн олон зуун хүүхэд гэмтэж, цөөнгүй нь хөгжлийн бэрхшээлтэй болдог байна. Хүүхдийн эрхийг хамгаалах эрх бүхий байгууллагын ажилтан нь "Энэ жилийн хувьд наадам сайхан боллоо. Долоохон хүүхэд л мориноос унасан" хэмээ ярьж байсан ч удаатай. Нэг талаар морио онгоцоор дагах, эрлийз, монголоор нь ялгах гээд хурдан морь дагасан асуудлууд цөөнгүйн дээр бизнес болсон гэж хэлж болно. Эндээс харахад хамгийн гол зүйл нь эрлийз, хурлыз адууны асуудал чухал биш, хүүхдийн амь нас эрүүл мэнд нэн чухал. Нэгэнт л өв соёлоо алдахгүй хурдан морины уралдаан байх ёстой гэж үзэж байвал бид гарц шийдэл хайх дэлхий нийтээ дагаад технологийн шийдлийг ашиглах цаг нь болжээ. Харин энэ шийдлийг тэртээ 2014 онд хэсэг залуу нийлж "Морь унадаг робот хүүхэд, робот жокей" хийж туршиж байжээ. "Цолмонхүү нэртэй" хурдан морь унадаг робот хийн туршиж байсан "Ухаалаг систем" компанийн захирал П.Энхмандахтай уулзаж ярилцлаа.

-Морь унадаг робот жокей хүүхдийг хэдэн онд санаачлан зохион бүтээж байсан бэ. Яг ямар учиртай төсөл хэрэгжүүлж байв?

-Морь унадаг жокей хүүхэд маань робот морь унадаг хүүхэд л гэж хэлж болно. Анх 2014 онд Сосорбурам гэдэг ах маань санаачлан эхлүүлж байлаа. Энийг бүтээчих юм бол хүүхэд мориноос унаж бэртэх, өвлийн хүйтэнд хөлдөх зэргээс бүрэн хамгаалж болохоор шинээ санаа байсан юм. Юуны түрүүнд хийгээд үзье гээд туршилтын загварууд гаргаж үзсэн байдаг. Тухайн үед 3D принтер, нүүрний хэсэг гээд хийхэд их төвөгтэй байсан. Гэхдээ эхний загварыг гаргаад туршиж үзсэн. Айхтар амжилт олоогүй. Санаа нь бол маш сайхан санаа байсан гэж хэлж болно. Цаашдаа ахиад үргэлжлүүлэн хийвэл илүү боловсронгуй байх юм болов уу гэж бас харж байгаа.

-Төсөл юунаас болж, тэр үедээ зогссон бэ?

-Мэдээж номер нэг асуудал бол хөрөнгө мөнгө байдаг шүү дээ. Тухайн үед техник хэрэгсэл татан авалт гээд их хэцүү байлаа. Бусдаар Монгол инженер залуус санаа болоод эхний хувилбараа гаргаад ирчихсэн байсан гэсэн үг. Бүр үсэргээн дээр уралдуулаад туршиж үзсэн ч тохиолдол байгаа. Тэр үедээ бол болж л байсан. Мэдээж бүрэн гүйцэд болоогүй байсан болохоор зарим нэг дутуу дулимаг зүйлс бол байсан.

- Хэрвээ танай багийн хийж байсан робот морь унаач хийгдсэн байсан бол өнөөдөр өргөн хэрэглэгдээд явж байсан байхдаа?

-Морь гэдэг өөрөө их мэдрэмжтэй ухаантай амьтан. Тэр морийг удирдаж байгаа хүүхэд бас их ухаантай. Харин роботод бол тийм ухаан байхгүй шүү дээ. Робот бол командын дагуу ажиллана. Амьд зүйлийг амьгүй зүйлээр удирдана гэдэг бол тухайн үедээ их төвөгтэй шийдэл байсан юм. Одоо бол өөр л дөө. Техник технолиги хэрэглэгдэхүүн өөр болсон энэ үед том том шийдлүүдээр хийж болно. Миний бодлоор долоон жилийн өмнө хийж байсан тэр төхөөрөмжийг ойр зуурын морины ажил буюу сунгаа, таран дээр ашиглаж болохоор. Тэртээ тэргүй сурсан морин дээр, дээр нь юм тогтож байхад л болно шүү дээ. Морины хөдөлгөөнөө мэдрэх зэргийг л хийж чадахгүй болохоос их зүгээр байсан юм.

2017-2018 оны хяналт шалгалтын дүнгээс үзэхэд нийтдээ 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, 1 хүүхэд тахир дутуу болсон гэсэн харамсалтай тоон мэдээ байна.

-Бусад улсад иймэрхүү робот хийж байсан байдаг уу? Судалж үзсэн үү?

-Катарт тэмээний уралдаан байдаг юм билээ. Тэнд тэмээ унадаг робот жокей зохион бүтээсэн байдаг юм билээ. Ямар учиртай вэ гэхээр ядуу буурай орноос хүүхэд хулгайлж тэмээ унуулдаг байж. Тэрнээс сэргийлж Олон улсын байгууллагаас тусламжаар тэмээ унадаг робот өгсөн юм билээ.

-Хурдан морины хүүхдийг роботоор сольж технологийн шийдлээр шийднэ гэдэг бол гайхалтай санаа. Гэхдээ технологийн шийдэл болохгүй байв уу. Хөрөнгө олох боломж байгаагүй юу?

-Тухайн үедээ хэдэн залуус нийлээд л боломжоороо хийж туршиж үзэж байсан. Хөрөнгө мөнгө тухайн үеийн технологийн шийдэл дээрээ гацаад зогссон зүйл. Санаа бол шинэлэг одоо ч эрэлттэй байгаа санаа гэж хэлж болно.

-Хөрөнгө мөнгөний дэмжлэг авах, технологийн шийдлээ зохицуулах хүсэлт гаргаж байсан уу?

-Яг л бор зүрхээрээ хийж байсан зүйл. Тэр үед хурдан морины хүүхдийн асуудал яг ч ийм хурцадмал байгаагүй юм л даа. Тэгэхээр хүмүүс тэр болгон хүлээж авахгүй гэсэн үг шүү дээ.Хамгийн байж болох сайнаараа л туршиж үзсэн. Яг хурдан морин дээрээ хүртэл роботоо унуулаад явуулж үзсэн.

-Туршиж үзэхэд ямар асуудал тулгарч байв?

-Хурдан морь яг гараан дээрээ очилгүй наана нь эргэчих гээд байдаг юм билээ. Тэгээд эргэх болоогүй байхад морь маань эргэж давхисан удаатай/ инээв/. Яг хүүхэд шиг мэдэрч жолоогоо татаж л чадахгүй байсан даа. Дахиад одоо нэмээд сайжруулах юм бол өмнө гарч байсан асуудлуудаа шийдэж чадна аа л гэж бодож байгаа. Яах уу бүх уяачид хэрэглэх боломжгүй ч гэсэн хүүхэд унах, бэртэх асуудлаас сэргийлэх цаашлаад нэмэлтээр ашиглахад боломжтой.

-Тухайн үедээ энэ санаагаа олон нийтэд танилцуулаад хэрэгжүүлж болоогүй юу?

-Тухайн үед яагаад тэгж сурталчилж, ил гаргаагүйгээ одоо ч мэддэггүй шүү. /инээв/.

-Роботоо хэрхэн программчилсан байсан бэ?

-Манай залуус их мундаг байлаа шүү дээ. Одоо ч хэвээрээ. Программчиллын болоод багийн ур чадварын хувьд программчилах бол асуудалгүй байсан л даа. Морио уралдаад дагаж явж байхдаа удирдлагаар удирдаад явж байсан. 500 метрийн зайд удирдлагаар жолоогоо удирдах, ташуурдах командаа өгдөг байсан.

-Дуу авиа гаргах уу. Жишээ нь “гүүглэх, гийнгоолох” гэх мэт?

-Дуу авиаг гаргаж болохоор байсан. Тэр үедээ арай л болхи байдлаар нэг зүйл ашиглаж байсан. Одоо бол жижиг жижиг төхөөрөмжүүд ашиглаад гоё гоё шийдэл нэмэх боломжтой.

-Хурдан морь унаач хүүхдийн асуудал эх захаа алдлаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа энэ төслөө эргэж нэг харах сайжруулах санаа бодол танд байна уу?

-Их сайхан санаа, сайн үйлтэй зүйл шүү дээ. Одоо хэрэгцээ шаардлага гарч ирж байгаа болохоор сайжруулах байх аа.

-Тухайн үедээ морь унадаг робот яг бүрэн зохион бүтээгдээд худалдаанд гарсан бол хэдэн төгрөгөөр борлогдох байсан бэ. Мөн хурдан моринд аль болох хөнгөн хүүхэд хэрэгтэй байдаг. Робот хэдэн кг жинтэй вэ?

-Нэг их өндөр үнэтэй болж байгаагүй. Нэг сая орчим төгрөг болж байсан. Одоо бол сайн хэлж мэдэхгүй байна. Монголдоо хийгдэж байгаа гэдэг үүднээсээ хямдхан л гарах, бүтээх байх. Гэхдээ Монгол Улс маш их хөгжсөний дараа л Үндэсний баяр наадмаа тэр чигээр нь роботооор морь унуулах боломжтой байх. Бусдаар бол унаачийн туслах, ажлыг хөнгөвчлөх, олон насны морь унаж байгаа хүүхдийг амраах үүднээс ашиглах зэрэг шат шатаар ахивал болохгүй зүйл байхгүй байх . Жингийн хувьд 4-5 кг жинтэй.

-Робот жокей унаачид ямар нэр өгсөн байсан бэ?

-Цолмонхүү гэдэг нэртэй шүү. Их бэлэгшээгээд санаачлагч Сосорбурам ах маань нэр өгсөн байдаг.

-Өөр танд нэмж роботын талаар өгөх мэдээ мэдээлэл байвал өгөөч?

-Мэдээж цаг хугацаа ихээхэн шаардана. Хөрөнгө мөнгө шаардагдана. Гэхдээ үнэхээр зохион бүтээгдчих юм бол уяач айлд байж байхад хэрэгтэй л зүйл. Цэнэглэнэ, эмээл унаагүй тохиолдолд унахгүй. Олом жирэм тасардаггүй юм бол байж л байна гэсэн үг. Туршлагатай уяачид бол өөрөө удирдаад ташуурдах ч гэдэг юмуу олон шийдэл санаа бол байна. Ташуурдахад минуттай байх уу, эсвэл автоматаар удирдлагаар удирдах уу ч гэдэг юм уу олон шийдэл байна.

Харин мартагдаж байсан зүйлийг маань сэргээж өглөө. Дараагийн наадмаар гэхэд манай загварууд ашиглагдаад явж байх боломжтой юм шиг санагдаж байна шүү. /инээв/

-Хэрвээ хийхээр шийдээд, хийх бол хөрөнгө мөнгөө хаанаас шийдвэрлэнэ хэмээн бодож байна?

-Олон нийтэд тулгамдаад байгаа асуудал болохоор төр засаг анхаарлаа хандуулах байх. Мөн хүүхдийн эрхийн байгууллагуудад төслөө танилцуулаад явах байх аа.

Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Х.Умаахан

АН: Ерөнхийлөгчийн шударга ёсны сэлэм Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хэрэгтэй байна
АН: Ерөнхийлөгчийн шударга ёсны сэлэм Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хэрэгтэй байна
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.