ХБНГУ-ын Штуттгарт хотноо 2022 оны нэгдүгээр сард зохион байгуудлагдах СМТ 2022 аялал амралт зугаалгын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохтой холбогдуулан 2021 оны есдүгээр сарын 26-ны өдөр Монгол орныг сурталчлах германы хэвлэлийн төлөөлөгч нар ирсэн байна.
Уг үзэсгэлэн нь цар тахлын дараах хэвийн байдалд болох анхны үзэсгэлэн ба 300,000 хүн зорин ирдэг томоохон үзэсгэлэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын урилгаар Герман улсын үндэсний болоод Баваар бүс нутгийн зургаан сэтгүүлчийг Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан урьсан юм.
Дунджаар 45 сая хүнд хүрч, 145 сая гаруй давтамжтайгаар тараах материал боловсруулах нөөцтэй уг хэвлэлийн багтай урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж 2022 онд Монголд ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Германд болох үзэсгэлэнд амжилттай оролцоход энэхүү долоо хоногийн айлчлал нь чухал ач холбогдолтой.