Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн. Энэ үеэрээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдсэн.
Тэгвэл энэ модыг хэрхэн яаж, ямар ажиллах хүчээр ургуулах талаар иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байна. Үүний сонирхолтой нэг өнцөг нь "2030 он хүртэл 8 жил байна. 1 жилд 125 сая мод, өдөрт 342 мянга, цагт 14 мянга, минутанд 237, нэг секунтэд 4 мод тарих нь байна" гэсэн тооцооллыг гаргажээ. Нээрээ л бидэнд мод тарихад 8 жилийн хугацаа байна. Секундэд 4 мод тарьж болох ч түүнийг арчлах уургуулах, хүн хүчний хүрэлцээ зэргийг нь хэрхэн шийдэх нь анхаарал татаж байна.