Навчис гундах үед эх нутгаа орхин амьдралын их "далайд" дөрөө жийхээр нийслэлийг зорьдог хүмүүс бол оюутан залуус билээ. Тэдэнд сурч боловсрох хийгээд, ажиллаж амьдрах орчин нь нэн чухал бөгөөд сэтгэл санааны байдалд нь хүртэл нөлөөлдөг аж. Дэлхий даяар өртөж буй тархсан цар тахлын сөрөг нөлөөнд орон нутгаас ирсэн залуус хүртэл өртөж “Оюутны байранд” нэг сар хорионд орж байсан түүхтэй.
Энэ жилийн хувьд их дээд сургуулийн хичээл ес дүгээр сарын 13-наас эхэлсэн. Оюутны байрны бүртгэл 9 дүгээр сарын 7-10 ны хооронд үргэлжилж "оршин суугчдаа" энэ сарын 10-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн юм. Дотуур байрын амьдрал эхлээд бараг 14 хоног болох гэж байна. Тиймээс бид дотуур байрны нөхцөл байдал, оюутнуудын эрүүл мэнд, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж буй талаар тодруулахаар МУБИС-ийн дотуур байрыг зорьсон юм.
Байрны гадаа очиход хогийн цэг нь төв хаалганаасаа нэг их холгүй, хог нь дүүрсэн харагдлаа. Хот суурин газрын ойролцоо хог хаягдлын цэг байх нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа цар тахлын энэ цаг үед бүр ч илүү эрсдэл дагуулна. Энэ талаарх судалгааг мэргэжлийн байгууллагууд хийхэд хог хаягдлын бүсээс таван километрээс ойр зайд хүн амьдрах нь амьсгалын замын өвчлөлд хүргэх эрсдэлтэй гэж гарчээ. Биднийг төдийгүй дэлхий дахиныг бүрхээд буй ковид амьсгалын замаар халддаг гэдгийг энд дахин сануулахад илүүц байх.
“Дотуур байранд халдварын тоо нэмэгдвэл ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна”
Тус дотуур байрны ажилтнаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Манай байр оюутнуудаа хүлээн авснаас хойш халдвар хамгааллын дүрэм журмаа сайтар биелүүлж, цаг тутамд ариутгал хийж байгаа. Давхар болгондоо нийтийн ариун цэврийн өрөө, нийтийн гал тогоотой. Тиймээс ариутгал маш сайн хийгдэж байгаа” гэв.
Байр болгонд 16 ор бүхий тусгаарлалтын өрөө бэлдсэн байгаа бөгөөд халдвар авсан оюутан олон байгааг дурдсан юм.
Жижүүрийн суудлын хажууд халуун хэмжигч байршуулан гараа ариутгахыг шаардаж оюутнууд зайгаа барин “томоотой” алхаж байгаа дүр зураг нүдэнд тусав. Тэднийг өнгөрч хоёр давхар руу гарахад урт коридор угтах бөгөөд дундуур нь хаалт хийж тусгаарласан байх аж.
Тус хаалтын талаар тус дотуур байрыг хариуцсан ажилтнаас тодруулахад “Энэ хаалтны цаана халдвар авсан оюутнуудыг тусгаарлаж байгаа. Эмнэлэг хүлээж авахгүй гэсэн учраас бид аль чадахаараа л ажиллацгааж байна. Бусад халдвар аваагүй оюутнууддаа дэглэмээ сахиж, болгоомжтой байхыг анхааруулж байгаа” хэмээв.
Эмнэлэг хүлээж авахгүй гэдгийг тайлбарлавал, оюутнууд бүгд орон нутгийн хаягтай. Ихэнх тохиолдол нь хүнд бус хөнгөн хэлбэрээр өвчилж буй. Нөгөө талаас эмнэлгийн хүрэлцээ нийслэлд үнэхээр ТЭГ заачихсан байгаа. Оюутнуудад битгий хэл дарга, цэргүүдэд хүртэл олдох нь хомс байгаа зүйл бол эмнэлгийн ор, эмч хоёр.
“Ядаж гурван хоногт нэг удаа өрөөнүүдийг ариутгадаг байх хэрэгтэй”
Амьдарч буй дотуур байрныхаа нөхцөл байдлын талаар дөрөвдүгээр дамжааны оюутан Д.Одонтуяа “Халдвар авсан оюутнуудыг бидэнтэй цуг байлгах нь оюутнуудын өвчлөлийг улам нэмэгдүүлнэ гэж бодож байна. Бидний найз нөхөд халдвар авч байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн хувьд хангалтгүй санагдаж байгаа. Өдөрт нэг удаа коридор л ариутгадаг. Ядаж гурван хоногт нэг удаа өрөө болгоныг ариутгадаг бол илүү үр дүнтэй байх” хэмээн байр сууриа хуваалцсан юм.
Байранд тусгаарлалтад байгаа хүүхдүүдийг өрхийн эмчтэй холбож эмчилгээг үргэлжлүүлж байгаа бөгөөд цаашдаа халдвар авсан хүүхдийн тоо нэмэгдвэл ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Тэглээ гээд байранд байгаа оюутнуудаа сэтгэл зүйг нь түгшээж, тэвдүүлж болохгүй гэдгийг сургуулийн захиргаанаас ажилчиддаа сануулж байлаа.
Оюутан залуусын хувьд гэр бүл, нутгаасаа хол олон сар оюутны байранд амьдрах шаардлагатай. Гэвч цар тахлаас болж хичээл сургуульдаа анхаарахаас илүүтэй, хэзээ халдвар авах бол гэсэн айдастайгаар өдөр хоногийг өнгөрөөж байна. Салбар яам нь тусгаарлах байр, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг асуудлуудад анхаарал хандуулахгүй бол нөхцөл байдал "амьдрал" дээр хэцүүхэн л байна шүү.
Б.Болортуяа