Түлхүүр мэдээлэл:
- АНУ, БНХАУ-ын хэвлэлийн салбар хоорондоо сөргөлдөж эхэллээ.
- Хятад Улс Америкийн сэтгүүлч, сурвалжлагчдыг эх орноосоо гаргах арга хэмжээг авчээ.
- Майк Помпео энэ үйл явдлыг тун таагүй гэж нэрлээд, Бээжинг шийдвэрээ эргэн харахыг уриаллаа.
АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн намжих төлөвтэй байгаа. Харин хэвлэлийн салбар Бээжин, Вашингтоны хоорондох сөргөлдөөний шинэ талбар болж хувирлаа. Хятад Улс Америкийн сэтгүүлч, сурвалжлагчдыг эх орноосоо гаргах арга хэмжээг авч эхлээд байна.
Хятадын Гадаад Хэргийн яамнаас тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн "New York Times", "Washington Post" болон "The Wall Street Journal3 гэсэн гурван ч хэвлэлийн байгууллагын сэтгүүлчдээс сурвалжлах эрхийн бичгээ 10 хоногийн дотор хураалгахыг шаардсан байна. Харин АНУ-ын Төрийн бичгийн дарга Майк Помпео энэ үйл явдлыг тун таагүй гэж нэрлээд, Бээжинг шийдвэрээ эргэн харахыг уриаллаа.
Тэрбээр, "Чөлөөтэй хэвлэн нийтлэх дэлхий дахины боломж, чадавхыг хумиж байгаа Хятадын өнөөдрийн шийдвэрт би харуусаж байна. Илэн далангүй хэлэхэд, чөлөөтэй хэвлэн нийтлэх нь олон улсын хэмжээнд аюулт өвчний томоохон сорилттой тулгараад байгаа энэ цаг үед Хятадын ард түмэнд ч тун их ашигтай тусыг өгөх байсан, хаана мэдээлэл чөлөөтэй, ил тод байна тэнд иргэдийн амь насыг хамгаална." гэсэн байна.
АНУ шинэ коронавирус дэлхий дахинд аюул заналхийлэл учруулж байгаа энэ цаг үед Бээжин ийм шийдвэр гаргасанд харуусч буйгаа ийнхүү илэрхийлжээ. Хятадын Гадаад Хэргийн Яамнаас АНУ-ын хэвлэлийн байгууллагын ажилчдыг үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг мөн өгөхийг шаарджээ. Үүнээс гадна Америкийн хэвлэлийн байгууллагын төлөөлөгчдийг Хятадын тусгай захиргааны бүс болох Хонгконг болон Макаод ажиллахыг хориглох алхмыг Бээжин авчээ.
Хятад Улс гадаадын орны сэтгүүлч, сурвалжлагчдад 12 сарын хүчинтэй хугацаатай визийг олгодог. Өөрөөр хэлбэл, Хятад Улсад удаан хугацаанд ажиллах гаднын орны хэвлэлийн төлөөлөгчид жил тутам визээ сунгуулах ёстой болдог байна.
Эх сурвалж: BBC