Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буянтогтох: Хавдрын үсэрхийллээ заавал БНСУ, Хятад руу очиж үзүүлэх шаардлагагүй, Монголд “ПЭТ-СТ“ аппараттай болсон

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 48 секунд

Хавдрын эрт үеийн оношилгооны төхөөрөмж болох ПЭТ-СТ аппаратын нээлт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт боллоо. Энэхүү аппаратны ач тус болон Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл ямар хэмжээнд байгаа талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтохтой ярилцлаа.

-ПЭТ-СТ аппарат гэж юу вэ?

-ПЭТ-СТ гээд энэхүү аппарат нь цөмийн оношилгооны нэг хэлбэр, компьютерт томографийг цацраг идэвхт бодисыг хослуулж ашиглах аппарат юм. Хавдрын үсэрхийллийг биеийн аль хэсгүүдэд хүрснийг тодорхойлдог дэвшилтэт технологи юм. Энэ аппарат өмнө Монгол Улсад байгаагүй. Цоо шинээр Монголд нэвтэрч буй технологи ойлгож болно.

-Монгол Улсын хэмжээнд анх удаа энэхүү аппаратыг нэвтрүүлж байгаа гэлээ. Иргэд өмнө нь энэ аппаратанд орохын тулд гадны улсыг зорьдог байсан хэрэг үү?

-Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт энэ аппарат суурилагдаж байгаа. Өмнө нь энэ төрлийн тусламж, үйлчилгээг авахын тулд иргэд БНСУ, Хятад зэрэг улсууд руу явдаг байсан. Иргэд зөвхөн аппаратны өртгийг төлөөд зогсохгүй, ихэнх тохиолдолд гэр бүлийн асран хамгаалагчтайгаа хамт яван маш их зардал гаргадаг байсан. Харин өнөөдөр эх орондоо энэхүү үйлчилгээг авах бүрэн бололцоо нээгдлээ.

-ПЭТ-СТ аппаратыг Монгол Улсын эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэлсэн нь ямар үр дүнтэй вэ?

-ПЭТ-СТ аппарат ашиглалтад орсноор хавдрын тусламж үйлчилгээнд маш том ахиц гарна. Жишээлбэл, хагалгааны өмнө аппаратанд орсноор үсэрхийлэл нь аль шатандаа байгааг бүрэн илрүүлэх боломжтой. Хагалгааны далайц ямар байхыг тооцоолно. Эмчилгээний өмнөх үед өндөр ач холбогдолтой. Хоёрдугаарт, хагалгааны дараа болон хими эмчилгээ, туяа эмчилгээ хийлгэсний дараа эмчилгээний үр нөлөөг шалгадаг. Өөрөөр хэлбэл бүрэн эмчлэгдсэн эсэхийг хянах боломжтой. Хавдрын тусламж үйлчилгээний аль ч шатны чанарт томоохон дэвшил авч ирсэн аппарат суурилагдаж байгаа нь энэ юм.

-Хавдрын талаар ярьж байгаагийнх, Монголд хавдарын өвчлөл ямар хэмжээнд байгаа вэ?

-2020 оны байдлаар нийт 6700 орчим шинэ хавдарын тохиолдол бүртгэгдсэн. Нийт хавдрын 32 хувийг элэгний хавдар эзэлж байна. Өнгөрсөн жилийн тухайд 2200 орчим элэгний хорт хавдрын шинэ онош бүртгэгдсэн. Үүний дараагаар ходоодны хорт хавдар орж байна. Ходоодны хорт хавдраар жилд 1200 орчим хүн өвчилдөг. Нийт хавдрын 17 орчим хувийг эзэлнэ. Гуравдугаарт, уушги, гуурсан хоолойн хавдар орж байна. Дөрөвдүгээрт, умайн хүзүүний, түүний дараагаар улаан хоолойн хавдар орж байна. Эдгээр нь нийт хавдрын 70 гаруй хувийг эзэлдэг.

-Хавдрын улмаас нас барах тохиолдлын талаар?

-Монгол Улсын нийт нас баралтын тэргүүлэх төрөл нь зүрх судасны улмаас нас барсан тохиолдлууд орж байгаа. Түүний дараагаар хавдрын шалтгаантай нас баралтууд орно. Жилд 4600 орчим хүн хавдрын улмаас нас барж байна. Зарим төрлийн хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байгаа. 10,000 хүнд ногдох өвчлөл болон нас баралтаар дээгүүр ордог. Элэгний болон ходоодны хорт хавдрын өвчлөлөөр бид дэлхийд тэргүүлэх хэмжээнд байна. Монгол Улсын Засгийн газраас элэгний хорт хавдрыг бууруулах, эрт үед нь илрүүлэх зорилгоор Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ онд хоёрдугаар шатыг нь хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна.

-Нас баралт өндөр байгаа нь эрт илрүүлэгтэй холбоотой юу?

-Нас баралт өндөр байгаа нь эрт илрүүлэгтэй шууд холбоотой. Нийт хавдрын 27,6 хувь нь эрт үедээ оношлогдож байгаа. Үлдсэн 72,4 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Хавдрын хувьд хожуу шатандаа оношлогдох нь эргээд эмчилгээний үр дүнд хамгийн муу үр дагавартай юм. Эмчилгээ авахаасаа хожимдсон хойно оношлогдож байна гэсэн үг.

-Ямар хавдар хожуу, ямар хавдар эрт шатандаа оношлогддог юм бэ?

-Хавдрын тэргүүлэх таван төрлийн хувьд уушгины хорт хавдар хамгийн хожуу оношлогддог хавдар болоод байна. Эмчилгээ авахад хэт хожимдсон үедээ энэ хавдар илэрч байна. Элэгний хорт хавдрын хувьд 76 хувь нь хожуу шатандаа илэрч байна. Хамгийн эрт шатандаа оношлогдож байгаа нь умайн хүзүүний хорт хавдар. 50 орчим хувь нь эрт шатандаа оношлогдож байна. Үүнээс үзэхэд, эмэгтэйчүүд эрчүүдийг харьцуулахад эрүүл мэнддээ илүү анхаардаг нь харагдаж байгаа. Жилдээ ядаж л нэгээс доошгүй эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж байгаатай холбоотой. Ихэнх хавдрын хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү хувийг эзэлж байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 насаар бага байна.

БТСУХ: Паралимпын наадамд оролцож буй 54 тамирчдыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулсан
БТСУХ: Паралимпын наадамд оролцож буй 54 тамирчдыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.