"Токио-2020" Паралимпын наадамд Монгол Улсын 11 тамирчин хурд, хүч, авхаалж самбайгаа сорин дэлхийн дэвжээнд өрсөлдөх гэж байна. Өнөөдөр манай тамирчдын тэмцээн уралдааны салхийг хагалан байт харваа, жүдогийн тамирчид тэмцээндээ оролцоно. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн Паралимпын онцлог, Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулилт хангагдсан байдал болон бусад сэдвээр Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн Пара спортыг хариуцсан мэргэжилтэн С.Чинбаттай ярилцлаа.
-"Токио-2020" Паралимпын наадамд оролцож буй Монголын эхний тамирчид өнөөдөр тэмцээндээ оролцох гэж байна. Бэлтгэл сургуулилт хэрхэн хангагдсан бэ?
-Өнөөдөр "Токио-2020" паралимпын наадамд оролцож байгаа манай улсын тамирчдын эхний тэмцээнүүд жүдо бөх болон байт харвааны төрлөөр эхлэх гэж байна. Тамирчид маань тэмцээндээ орохдоо бэлэн байгаа. Энэ жил цар тахлын нөхцөл байдал хүнд байна. 2019, 2020 онд манай улсын тамирчид тэмцээн уралдаанд бага оролцсон. Хамгийн сүүлд байт харвааны тамирчид паралимпт оролцох эрхийн тэмцээнд оролцож эрх авснаар Токиог зорьсон. Жүдо бөхийн хувьд Н.Алтанцэцэгийн нэр долдугаар сарын 18-нд ирснээр жүдогийн төрөлд оролцох гурван бөхийн нэр тодорхой болсон. Бэлтгэл сургуулилтын хувьд халдварт өвчнөөс шалтгаалан амаргүй нөхцөлд байсан ч сүүлийн зургаан сарын хугацаанд тасралтгүй хийсэн. Энэхүү бэлтгэлийн заал, тоног төхөөрөмжийг Биеийн тамир, спортын улсын хорооноос хангаж өгөн ажилласан. Тэмцээн уралдаанаас бусад бэлтгэл сургуулилтыг хангалттай хэмжээнд хийсэн гэж үзэж байна.
-"Токио-2020" олимпын наадамд манай улсаас 43 тамирчин оролцож, улсын түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон олимпын наадам болж өндөрлөсөн. Паралимпын наадмыг 11 тамирчин зорьсон нь мөн ижил амжилт уу?
-Тийм. Өмнөх паралимпын наадмуудад манай улсаас дөрвөөс таван тамирчин оролцдог байсан бол энэ жил 11 тамирчин оролцож байна. Эдгээр тамирчид олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон оноогоо түүсний хүчээр паралимпын наадамд оролцож байгааг дурдах хэрэгтэй. Онцлох спортын төрөл гэвэл пара таеквондогийн төрөлд Монгол Улсын тамирчид анх удаа оролцож байна.
-11 тамирчдаа бүгдийг нь медаль аваасай хэмээн хүсэж, дэмжиж байгаа нь тодорхой. Гэхдээ монголчууд бид олимпын наадмын жүдо болон чөлөөт бөхийн тамирчид, боксчиддоо илүү их найдлага тавьдаг. Паралимпын наадамд оролцож байгаа тамирчдын хувьд?
-МУГТ Э.Содномпилжээ өнгөрсөн 2016 оны Риогийн паралимп наадмаас хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаа бататгах, цаашлаад медалийн өнгөө хувиргах зорилготой байгаа. Пара жүдо төрлөөр манайх өмнө медаль авч байсан туршлагатай. Энэ утгаараа жүдогийн тамирчиддаа мөн найдлага тавин пара жүдо бөхийн холбооноос хичээн ажиллаж гурван тамирчны бэлтгэл сургуулилтыг сайн хийсэн гэж үзэж байгаа. Мөн таеквондогийн төрөлд хэдийгээр анх удаа оролцож байгаа ч манай хоёр тамирчны сүүлийн гурваас дөрвөнд жилд үзүүлсэн амжилт дэлхийд чансаагаараа тэргүүн эгнээнд бичигдэж байгаа учраас медаль хүртэх боломж илүү бий гэж харж байна.
-Паралимпын тамирчдын нийгмийн амьдрал ямар түвшинд байдаг вэ. Давхар ажил эрхлэлгүй бэлтгэл сургуулилтаа тогтмол хийгээд амьдрах боломж бололцоо хэр сайн хангагдсан байдаг вэ?
-Пара спортын долоон төрлөөр нийт 50 гаруй тамирчид байдаг. Тэд маань сарын 1.2-1.5 сая төгрөгийн цалин авдаг. Бэлтгэл, сургуулилт, тэмцээн уралдааны зардлыг Засгийн газраас гаргаж өгдөг. Тиймээс тамирчдын ар гэрийн болон нийгмийн амьдрал боломжийн хэмжээнд байдаг гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас энэ удаагийн олимпын наадам болон паралимпын наадамд оролцох эрх авсан бүх тамирчдад буюу нийт 54 тамирчинд тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. Энэ нь тамирчдад тэмцээнд ороход тодорхой хэмжээнд урам зориг өгсөн байх гэж харж байна.
-Паралимпын наадмыг Монгол Улсад шууд дамжуулахгүй байгаа. Та бүхэн наадмын эргэн тойрон дахь мэдээ мэдээллээ хэрхэн олон нийтэд хүргэж байна вэ?
-Биеийн тамир, спортын улсын хорооноос албан ёсны хэвлэлийн төлөөлөгч болох МҮОНРТ-ийн сэтгүүлч паралимпын наадмыг сурвалжилж байгаа. Түүнээс гадна спортын хэд хэдэн сэтгүүлч нар тэндээс мэдээ, мэдээлэл бэлтгэж байгаа гэж дуулсан. Өдөр тутмын мэдээ мэдээллийг манай Биеийн тамир, спортын улсын хорооны албан ёсны сайт, цахим хуудсуудаараа дамжуулан олон нийтэд хүргэж байгаа.
-Монголын тамирчид хэзээ эх орондоо ирэх вэ?
-Есдүгээр сарын 6-нд манай тамирчид багш дасгалжуулагч болон хамт явсан бусад хүмүүсийн хамт ирнэ.