Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарчууд 100 жилийн найдвартай усан хангамжтай болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 53 секунд

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг Сонгинохайрхан уулын бэлд тавьж, бүтээн байгуулалтын ажил нь эхэллээ.

Бүтээн байгуулалтын ажлыг нээх ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Байгуулалтыг цаг хугацаанд нь эхлүүлэх боломжийг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргасан АНУ-ын ард түмэн, Засгийн газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, гүйцэтгэгч компани болох БНТУ-ын МАПА групп, Монголын мянганы сорилтын сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, бусад байгууллага, хамт олонд талархал илэрхийлж байна" гэлээ.

Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь Мянганы сорилтын Компакт гэрээ. Гэрээний хүрээнд ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлснээр нийслэлчүүд 100 жилийн найдвартай усан хангамжтай болохын зэрэгцээ усны шинэ соёл, шинэ боловсрол нэвтэрнэ гэдгийг тэмдэглэв.

Мөни энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “АНУ ардчилал хөгжиж байгаа орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засагт өрийн дарамт үүсгэхгүй байх үүднээс буцалтгүй тусламж үзүүлэхийг эрмэлзэж ирсэн. Цаашид гэрээг үргэлжлүүлэхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно” гэв.

“Бид Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулах, аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лаборатори, усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтэц байгуулах зэргийг ирэх таван жил орчмын хугацаанд хийх ёстой. Барилгын улирал харьцангуй богино, цар тахлын нөхцөл байдал хүндрэл учруулах хэдий ч гэрээг амжилттай хэрэгжүүлнэ” гэж Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос хэлэв.

93 сая ам.долларын өртөгтэй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2024 оны сүүлээр ашиглалтад орох бөгөөд нэг жил орчим хугацаанд туршилт, тохируулгын ажил хийх юм. Биокомбинат, Шувуун фабрик орчимд 30 гүний худаг гаргаж, жилд 50 сая хүртэл шоо метр ус татан авч цэвэршүүлэн нийслэлчүүдэд хүргэнэ.

Улаанбаатар хотын усны хэрэглээ 2023 он гэхэд одоогийн боломжит нөөцөөсөө давж, улмаар усны хомсдолд орж болзошгүй нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорац Компакт гэрээгээр олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг бүхэлд нь үүнд зарцуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс гадна Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжтай уялдуулан барьж, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ үйлдвэр Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэнэ. Цаашид саарал гэгдэх усыг аж үйлдвэрлэлийн олон салбарт ашиглах боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Э.Бат-Үүл: С.Баярцогтыг эргэж очиход бие бялдар нь Макгрегор шиг болчихсон байсан
Э.Бат-Үүл: С.Баярцогтыг эргэж очиход бие бялдар нь Макгрегор шиг болчихсон байсан
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Mining Week&Minepro-2024” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.