Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөрдөстэй гал сөнөөгчийн гавъяаны амралтад гарахын өмнөх “АЛТАН ГАРАА“

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 18 секунд

Улаан алаг тэрэг уухичин яаравчилах шиг болж, галзуу улаан галруу зүрх зоригоо чангалж, авралын оч гялалзуулан орох гал сөнөөгчдийн алдар сууг сонсоогүй, дуулаагүй хүн ховор билээ. “Яаралтай” гэх ганцхан үг нь тэдэнд яаралтайгаас яаралтай сонсогдож нүд ирмэхийн зуур мөрдөстэй хувцсаа аврагчийн хувцсаар сольж нөхөдтэйгөө мөр зэрэгцсээр ажилдаа гарцгаана. Чухамдаа энэ албын онцлогийг мэдэж, бодитоор мэдрээгүй мөртөө “Амь насаа эрсдэлд оруулах мэргэжлийг яагаад сонгосон юм бол” хэмээн хэлэх хүмүүс цөөнгүй. Бид өнөөдөр гал сөнөөгчийн ажилдаа 23 жил үнэнчээр зүтгэж, онцгой албынхаа сүүлийн ээлжинд гарч буй Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63-р ангийн ахлах ахлагч Ж.Баярсайхантай та бүхнийг уулзуулж байна. Сүүлийн ээлж хийх өдрөө тэд “АЛТАН ГАРАА” хэмээн нэрийддэг аж.

АЛТАН гараагаа хийж буй Ж.Баярсайхан ажил, амьдралын анхны гараагаа 1999 оноос эхэлсэн бөгөөд анх Нийслэлийн гал түймэр унтраах Зэвсэгт хүчний 247-р ангид гал сөнөөгчөөр томилогдон ирж байжээ. Тус анги 2002 оны наймдугаар сарын 9-нд Нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн 63-р анги болон бүтэц бүрэлдэхүүний хувьд шинэчлэгдсэн байна. “Гал сөнөөгч хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд томилогдсоноос хойш цаг хугацаа хажуугаар урсаад л өнгөрсөн байна. Нэг л мэдэхэд АЛТАН ГАРАА хийх өдөр ирчихсэн байсан шүү” хэмээн Ж.Баярсайхан хоолой зангируулан хэлж байлаа.

Түүний багаас дурлаж сонгосон мэргэжил нь гал сөнөөгч мэргэжил байсан гэнэ. Энэ тухайгааа Ж.Баярсайхан “Манай таньдаг ах намайг хүүхэд байхад галаас хүн аварч байсан. Хүн аварч буй үйлдлийг хараад гал сөнөөгч болох хүсэл төрсөн юм. Ард иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлын төлөө ажиллана гэдэг утгаараа хамгийн буянтай ажил юм болов уу л гэж боддог” гэлээ.

Гал сөнөөгчид дуудлага, мэдээлэлд хамгийн түрүүнд очиж, ажилладаг учраас мэргэжлийн онцлогоос шалтгаалан сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн хүчин байх ёстой. Тэгвэл үүргээ гүйцэтгэх явцад сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг талаар тэрбээр “Иргэний эд хөрөнгө, байгалийн гамшиг, бүгдийнх нь эрсдлээс хамгаалах манаанд зогсдог учраас өдөр бүр л сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг. Сэтгэл зүйн бэлтгэлийг өглөө ээлж хүлээн авахаас эхлүүлээд хувцас хунараа бэлдэж, анхаарлаа зөвхөн ажил руугаа хандуулснаар төвлөрөхөд тусладаг. Шантрана, хүний амь эрсдэж байгааг харна, бодно гээд л хэцүү зүйлс их л гардаг байсан. Тухай бүрийг сэтгэл зүйгээ сайн бэлдсэний дүнд даван туулдаг байсан даа” хэмээв.

Одооний орчин үеийн байрнууд автомашины зогсоол муу, өөр машин орж зогсоход хэцүү байрлуулсан байдгаас яаралтай галын дуудлагын үед хугацаа алдах хүндрэлийг бий болгодог гэнэ. Гэхдээ “Галын тэргэндээ сууж, хаяг аваад цэргийн дохиогоо хангинуулан гал дээр очиж амжилттайгаар үүргээ гүйцэтгээд ирж байх шиг сайхан зүйл үгүй. Бид үүнийг чадсан юм чинь үүнээс цаадхыг чадна гэсэн итгэлээр өөрсдийгөө зоригжуулж байдаг” хэмээнэ. Ажлын нөхөд, албан үүргийнхээ талаар ярих бүрийд хөнгөхөн инээж, нүүрэнд нь баясал тодорч буй нь түүнийг мэргэжилдээ хайртай нэгэн болохыг эрхгүй тодорхойлох буй.

Харин түүнээс гал сөнөөгчөөр ажиллах хугацаанд хамгийн эрсдэл ихтэй нөхцөл байдалтай нүүр тулж байсан талаар асуухад “Эрсдэлтэй тохиолдлууд зөндөө гарч байсан. Сүнжинграндад гал гарч байхад хүчилтөрөгчийн баллон дэлбэрч байсан. Энэ тохиолдолд онцгой байдлын бид чинь аюулгүй байдлаа бүрэн хангасан байхад учирч болох эрсдлээс өөрийгөө хамгаалж чаддаг” гэлээ.

“Баярлалаа” гэх талархлын үгийг сонсоно гэдэг юу юунаас илүү шагнал"

“Баярлалаа” гэх талархлын үгийг сонсоно гэдэг юу юунаас илүү шагнал гэдэг. Тэгвэл амь нас, эд хөрөнгийг нь галын аюулаас авран хамгаалж буй онцгойгийнхон талархлын үг урмаар урамшиж, урам зориг авч байдаг аж. Ахлах ахлагч Ж.Баярсайхантай ийнхүү яриа дэлгэн суух зуурт тэрбээр ажил үүргээ гүйцэтгэж явах үед сэтгэл эмзэглэж, халаглах үе бишгүйдээ тохиолддог талаар хэлж байв

“Нэг дуудлага ер санаанаас гардаггүй юм. Гэр дотор гурван залуу байж байгаад өөрсдийгөө галаас авч гарсан мөртлөө настай хүн, хүүхэд хоёрыг гаргаагүй байсан. Гэрт үлдсэн хоёрыгоо аваад гарчихгүй дээ л гэж халагласан. Тухайн үед манай онцгой байдлын баг ажиллахаар очиход настай эмэгтэй, хүүхэд хоёр нас барсан байсан” гэлээ.

Гал сөнөөгч Ж.Баярсайхан өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа боловч хамгийн анхны өдөр ажиллаж буй мэт мэдрэмж төрж байна хэмээж байв. Тэрбээр хамгийн анхны дуудлагын талаар ийнхүү ярив. “Хамгийн анхны дуудлагаар таван ханатай гэр шатаж байсан. Гэрээс гарч буй утааг хараад яаж унтраана даа гэхээс эхлүүлээд их зүйл бодогддог юм билээ” гэв.

“Үр хүүхдүүдийнхээ бахархал болж явах сан гэж боддог”

“Албаасаа холдоно гэхээр сэтгэл хоосроод байна даа” хэмээн хэлж зогсох “ОНЦГОЙ” албан хаагч. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд түүний арыг дааж, хань ижлээ сэтгэл амар ажиллах нөхцлөөр хангаж ирсэн хүн бол түүний гэргий. Ж.Баярсайхан ой хээрийн түймэрт очиж ажиллах үед гэрээсээ сар гаруйн хугацаатай хол байдаг талаараа хэлж байсан юм. Тэрбээр “Хүний сайн яваа гэр бүлийнхэнтэй нь асар их холбоотой гэж боддог. Би гурван хүүхэдтэй. Эхнэрийнхээ тусламж дэмжлэгийн хүчээр сэтгэл амар ажил үүргээ гүйцэтгэж чаддаг. Хүүхдүүддээ ажил мэргэжлийнхээ онцлогийг ярилцаж, тайлбарлаж өгдөг учраас тэднийхээ бахархал болж явах юм сан гэж боддог” гэж байв.

Өөрийн мэргэжилдээ эзэн байж, хэний ч өмнө цэх зогсох нь хийсэн зүйлтэй хүний хамгийн том “бардамнал”. Гэхдээ гал сөнөөгчийн ажил бол баг хамт олны ажил байдгаараа бусад мэргэжлээс онцлогтой. Энэ талаар “Галыг бид нэг хүн шиг байсны дүнд түргэн шуурхай унтраадаг. Нэг ёсондоо, гал сөнөөгчийн ажил хамтын үйл ажиллагаанаас бүрддэг. Нэг салаа, бүлэг нэгдэн нийлж, галыг унтрааж ажилладаг нь бидний бахдал” гэлээ.

Онцгой албанд зүтгэхийн хажуугаар ангийнхаа тохижилт үйлчилгээнд гар бие оролцдог хичээнгүй нэгэн гэдгийг тус ангийн хамт олон хэлж байв. Онцгойгийнхний “айдас” өөрөө эрсдэлд орох вий гэхээс илүүтэй хэн нэгний хайртай хүн галд өртөх вий гэдэгт оршдог гэдгийг онцолж бичих нь зүй болов уу.

Ц.Янжиндулам

“Яармаг” худалдааны төвийн зүүн уулзвараас хойших 0.8 км замын ажил 85 хувьтай байна
“Яармаг” худалдааны төвийн зүүн уулзвараас хойших 0.8 км замын ажил 85 хувьтай байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.