Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн эцэг эхчүүдэд хамгийн их тулгамддаг асуудал бол яах аргагүй хүүхдийн дүрэмт хувцасны асуудал байдаг. Цар тахлын нөлөөнөөс үүдэн айл өрх, албан байгууллага, хувь хүн гээд бүгд эдийн засгийн хямралд орчихсон. Хэдий БШУЯ-наас хүүхдүүдийг дүрэмт хувцас өмсөх шаардалагагүй гэж мэдээлсэн ч дүрэмт хувцас авах нь зүй ёсны хэрэг болчихоод буй. Тиймээс амьдралын төвшин доогуур, өрх толгойлон амьдардаг, олон хүүхэдтэй өрхүүд болон хүүхдэдээ дүрэмт хувцас авч өгөх боломжгүй олон олон эцэг эхчүүдэд тус болох зорилгоор "Хүүхдийн төлөө" Сурагчдын дүрэмт хувцас солилцох, хандивлах групп"-ийг нээж, "Дүрэмт хувцсаа хандивлъя" хандивын аяныг эхлүүлээд буй Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Хамгийн түрүүнд аяны тухай ярилцъя гэж бодлоо. Та өөрийн санаачилгаар уг аяныг эхлүүлээд явж байгаа юм байна шүү дээ?
-Тийм ээ. БШУЯ-ны гаргасан тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллүүлнэ, мөн дүрэмт хувцас өмсөхгүй байсан ч болно гэсэн мэдээллийн дараа энэ аяныг санаачлахаар болсон. Ерөнхий боловсролын сургуульд явж байгаа сурагчдын гол онцлог бол яах аргагүй дүрэмт хувцас байдаг. Дүрэмт хувцас бол маш их ач тустай. Наад зах нь амьдралын түвшин харгалзахгүй бүх хүүхэд өмсөх боломжтой шүү дээ. Гэтэл дүрэмт хувцас өмсөхгүй байж болно гээд заачихаар таван өдөр хүүхдүүд өөр өөр хувцас өмсөх магадлалтай болчихож байгаа юм. Үүнээс үүдээд хүүхдүүдийн дунд өмссөн, зүүснээрээ өрсөлдөх, бие биенээсээ ялгарах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс миний хувьд энэ шийдвэртэй санаа нийлээгүй.
Анх "Хүүхдийн төлөө" Сурагчдын дүрэмт хувцас солилцох, хандивлах групп"-ээ хамаатан садан болон өөрийн ойр тойрны хүмүүсийн хүрээлэлд нээсэн. Гэтэл иргэдээс маш их хүсэлт ирж, хандивын аянд нэгдэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тиймээс энэ бол яах аргагүй эцэг эхчүүдэд тулгамдчихсан асуудал юм байна, хэрэгцээ шаардлага өндөр юм байна гэдгийг ойлгоод группээ нийтийн болгож өөрчилсөн байгаа. Энэ группт маань хүссэн хүн болгон орж ирээд формын хувцсаа хандивлах, хоорондоо солилцох боломжтой юм байна гэдэг ойлголтыг ч авсан. Үүнийг хараад группээ илүү идэвхжүүлье, групп дотроо солилцоод явж болоод байгаа юм чинь энэ группд нэгдэж чадахгүй байгаа, формын хувцас авч чадахгүй байгаа хүүхдүүдээ үүнд хамруулъя гэж бодоод өнөөдөр нэг постер гаргасан. Одоогоор группээ ганцаараа хөтлөөд, ажлаа ганцаараа зохион байгуулаад явж байгаа. Ингээд харахад хандивын аян гэдэг ганц хүний хийх ажил биш юм байна гэдгийг ойлгож байна.
-Хувь хүмүүс болон албан байгууллагуудаас хамтран ажиллах хүсэлт тавьж байгаа тухайгаа группдээ нийтэлсэн байсан шүү дээ?
-Одоогоор бол надад гурван байгууллага хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Хувь хүн гэвэл ойролцоогоор 3000 гаруй иргэн байгаа. Хандалтын хувьд ийм байгаа ч яг 3000 форм ирнэ гэж хэлж болохооргүй байна. Эндээс дор хаяж 300-500 ирвэл бас хандивын аян маань чамгүй сайн үргэлжилж байгааг харж болох байх.
-Одоогоор хэчнээн форм хандиваар цугласан байгаа юм бол?
-Миний хувьд өчигдөр өглөөнөөс эхлээд өөрөө цуглуулж авъя, бүртгэж авъя, боломжгүй байгаа хүүхдүүддээ өөрөө тараая гэж бодсон. Ингээд өчигдөр өглөө олон нийтэд зараа хүргэхэд өдөр нь манай ажил дээр 10 ширхэг форм цуглачихсан. Мөн дээр нь гэртээ ч цуглуулж байгаа. Хүмүүс ч мөн өөрийнхөө ойр байгаа, аль болох өгч болохоор газарт нь хүргээд өгье, эсвэл ирээд аваарай гэх зэрэг зүйлийг хэлж байгаа. Эндээс харахад хүмүүсийн сэтгэлзүй, хандлага өөр төвшинд оччихсон гэдгийг харж болж байгаа юм. Бүр нэг байраараа хамтраад уг аянд нэгдэх хүсэлт тавьж байгаа хүмүүс ч байна.
-Уг аян нь хэдэн сарын хэдэн хүртэл үргэлжлэх вэ?
-Мэдээж аян бол тодорхой хугацаа заасан байгаа. Зөвхөн өнөөдөр хандиваа цуглуулаад, маргааш өгчихнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тиймээс ямар ч байсан энэ сарын 20-ны өдрийг дуустал хандиваа цуглуулъя гэж бодож байна. Найман сарын 20-ны өдөр бол тав дахь өдөр байгаа. Бямба, ням гарагуудад хандиваар цуглуулсан формуудаа ялгах ажил хийгдэнэ. Харин даваагаас лхагва гарагуудад гэр хорооллуудад очоод түгээх ажлаа хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Хамрах хүрээ, зорилтот бүлгийн хувьд мэдээлэл өгвөл?
-Зорилтот бүлгийн хувьд бол амьдралын төвшин доогуур, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, дүрэмт хувцас авах боломжгүй хүмүүстээ хүрье гэж бодоод байгаа. Хүмүүс ч их хандаж байна. Тухайлбал, "Би гурван хүүхэдтэй, бага хүүхдээ хараад гэртээ байдаг. Том хоёртоо дүрэмт хувцас авах боломжгүй байна" гэдэг ч юм уу маш олон хүсэлт ирдэг юм байна. Тиймээс эдгээр хүмүүсээ ч мөн бичиж, тэмдэглэж аваад боломжтой бол хувцсыг нь өгнө гээд л явж байна.
Хамрах хүрээний хувьд бол одоохондоо Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын айлуудад биечлэн хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Би өмнө нь тус дүүргийн Гэр бүл, залуучуудын хэлтэст хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байсан юм. СХД-ийн хувь гэр хороолол илүү их төвлөрсөн, хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөн их ирдэг, дээр нь олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд их байдаг байсан болохоор тус дүүрэг рүү чиглэе гэж бодоод байна.
-Одоогоор нэлээдгүй форм цуглачихсан байгаа юм байна. Цаашдаа үүнээс ч олон форм цуглах магадлал өндөр байгаа шүү дээ. Тиймээс цугласан формоо угааж, цэвэрлэх ч гэдэг юм уу энэ ажлаа хэрхэн зохицуулъя гэж бодож байна?
-Хүмүүс их ухамсартай юм байна гэдгийг яг үүн дээрээс харсан. Формоо хандивлаж байгаа хүмүүс маань угаагаад, индүүдээд, цэвэрхэн уутан хийгээд яг л шинэ форм шиг болгоод авч ирж өгч байгаа. Үүнээс гадна миний зүгээс ч мөн хандивт нэгдэж байгаа хүмүүстээ угааж, цэвэрлээд авч ирэхийг хүсч байгаа. Хүмүүс форм хандивлаад байвал аваад л байна. Мөн хүүхдүүддээ тараахдаа давхар угааж, цэвэрлээд өмсөхийг сануулна даа.
-Групп дээр нь маш олон зарын чанартай мэдээллүүд яваад байна лээ. Үүн дээр ч мөн таны зүгээс байр сууриа илэрхийлсэн байсан?
-Тийм ээ. Өнөөдөр зар орж ирэх тохиргоог нь админы зөвшөөрөлтэй болгосон. Тэгэхгүй бол хүмүүс группийн маань, аяны маань утга учир, зорилгыг алдагдуулах гээд байсан юм. Мэдээж солилцох, хандивлах зорилготой группт форм зарах талаар мэдээлэл тавиад байх нь зохимжгүй шүү дээ. Яахав зарим хүмүүсийн хувьд тухайлбал, "Ахлах ангид орох гэж байгаа дунд ангийнхаа формыг зараад дээр нь мөнгө нэмээд ахлахын форм авах гэж байгаа хүүхдүүд" бас холбогдсон л доо. Гэхдээ хүн хүнд тааруулаад байвал гол зорилгоо алдах учир зарын чанартай мэдээллийг оруулахгүй болсон.
Дүрэмт хувцасны асуудал бол одоогийн нөхцөл байдалд, ялангуяа эцэг эхчүүдэд хамгийн их тулгамдаж байгаа, хэрэгцээ шаардлагатай асуудлуудын нэг болоод байгаа. Яагаад гэвэл, цар тахлын нөлөөнөөс үүдээд хоёр жил гаруйн хугацаанд өрхийн орлого зогсчихсон айл өрх маш их байна. Дээр нь бүх юмны үнэ нэмэгдчихсэн, үүнийгээ дагаад формны үнэ ч бага сагаар нэмэгдчихсэн байгаа учир худалдан авах чадвартай хүн цөөрсөн байх гэж хэлж болно.
Дээр нь миний энэ ажлыг буруу аргаар ашиглаад байгаа маш олон групп байна лээ. Миний нэрийг ашиглаад, хийсэн постерыг маань ашиглаад маш олон хуурамч мэдээлэл тараасан олон групп нээгдсэн байсан. Энэ нь бас нийгэмд буруу хандлага төрүүлэх вий гэж байж байна.
-Хандивын аяныг эхлүүлэхэд, мөн хэрэгжүүлэхэд хамгийн их тус нэмэр болж байгаа хүн хэн байна?
-Мэдээж миний гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон байна. Бүр ажлаас маань хоёр шүүгээ гаргаж өгөөд цугласан формоо хийгээрэй гэх жишээний. Мөн хандивын аянд нэгдэж байгаа хүмүүсийн хандив ялангуяа формтой болж байгаа хүүхдүүдэд маань тус нэмэр болж байна гэж харж байгаа. Дээр нь унаа машинаар туслана гэсэн хэд хэдэн хүн бий. Тиймээс эдгээр бүх хүмүүстээ маш их талархаж байгаагаа илэрхийлье.
-Дүрэмт хувцас нэмэгдэхийн хэрээр хандив хүрэх айлын тоо нэмэгдэнэ. Тэгэхээр одооноос айл өрхөө судлах хэрэгцээ шаардлага үүсч байна уу?
-Тийм шүү. Ингэхээр заавал хороодуудтай холбогдох, хамтрах, өрхийн судалгаа хийх шаардлагатай болж байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд формуудаа цуглуулъя гэсэн бодолтой байна. Төлөвлөж байснаас маань их цуглавал гурван хороондоо тараах боломжтой, бага цуглавал зөвхөн нэг хороондоо тараах боломжтой болчихно.
-Цаашдаа сайн дурын ажил, хандивын аян зохион байгуулах төлөвлөгөө бий юу?
-Байлгүй яахав. Хичээл эхлэхээр үдийн цайны асуудал дээр анхааръя гэж бодож байгаа. Зорилго, төлөвлөгөө маань цаашдаа өргөжих байх. Хүүхдийн төлөө сайн дурын үндсэн дээр энэ групп маань цаашид явагдана. Анхны ажил маань ингээд хандивын аянаар эхэлж байгаа ч цаашдаа хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдийг дэмжих, мөн эрүүл мэнд талаас нь анхаарах зэрэг ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна.
-Баярлалаа. Хандивын аян нь сайн үргэлжлээсэй хэмээн хүсье.
-Баярлалаа.
Иргэд та бүхнийг уг аянд идэвхтэй хамрагдаж, хүүхдийнхээ хувсыг далд даралгүй, хэрэгтэй хүмүүст нь хандивлахыг уриалж байна.