Дэлхий даяар “COVID-19” халдварын тархалт дахин нэмэгдэх болсныг үл харгалзан нефтийн эрэлт өсөх төлөвтэй байгаатай холбоотойгоор нефтийн үнэ өсөж байна.
Тодруулбал, Нью-Йоркийн бирж дээр “WTI” маркийн нефтийн есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 33 центээр нэмэгдэж, нэг торх нь 73.95 ам.долларт хүрчээ. Мөн “Brent” маркийн нефтийн үнэ Лондоны биржид 28 центээр нэмэгдэж, 76.33 ам.долларт хүрсэн байна.
“Халдварын шинэ тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгааг үл харгалзан нефтийн зах зээл “Дельта” хувилбараас үүдэлтэй нөлөөг өнгөрсөн долоо хоногийн эхэн үеийнхтэй адил ноцтойгоор хүлээн авахгүй байгаа бололтой байна” гэж Германы “Commerzbank Research” судалгааны байгууллагын эрчим хүчний шинжээч Карстен Фрич баасан гарагт хэлжээ.
“Нефтийн эрэлт энэ оны хоёрдугаар хагаст эрс өсөх төлөвтэй байгааг ихэнх урьдчилан таамаглал харуулсаар байна. Өөрөөр хэлбэл, нефтийн зах зээл вирустэй хэрхэн дасан зохицохыг сурч байна гэж үзэж болох юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Мөн АНУ-ын нефтийн нөөц урьдчилан тооцоолж байснаас их хэмжээгээр буурсан нь нефтийн үнэ өсөхөд нөлөөлжээ.
Тухайлбал, АНУ-ын нөөц долоодугаар сарын 23-нд дууссан долоо хоногт 4.1 сая торхоор буурсан талаар тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг /EIA/ мэдээлсэн юм. Харин шинжээчдийн хувьд, нефтийн нөөцийг 2.5 сая торхоор буурна хэмээн тооцоолж байжээ.
Эрчим хүчний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт шатахууны нөөц 2.3 сая торхоор, нэрмэл түлшийн нөөц 3.1 сая торхоор буурсан байна. Ийнхүү тухайн долоо хоногт “WTI” маркийн нефть 2.6 хувиар, “Brent” маркийн нефть 3 хувиар өсжээ.
С.Сувдансондор