“Токио-2020” зуны олимпын наадам эхлэхэд хоёр хоногийн хугацаа үлдээд байна. Монгол Улсыг төлөөлж, ээлжит зуны олимпын наадамд оролцох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гавьяат дасгалжуулагч С.Тулгаар ахлуулсан эмэгтэй шигшээ баг Япон Улсын Токио хотод очсон.
Японыг зорьсон шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтсан юм. Тэгвэл олимпын наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт хийж Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг олимпын наадмаас хассан. Тодруулбал, Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам нар олимпод оролцохоор болжээ.
Хасагдсан тамирчдын ар гэр болон найз нөхөд цахим орчинд шуугиан тариад байсан бол энэ асуудалд Монгол Улсын 3x3 багийн дасгалжуулагч С.Тулга тайлбар хийлээ. Тэрбээр “Өмнөговь аймагт хийсэн бэлтгэлийн үеэр Д.Ганзулын нуруу нь татсан. Токиогийн олимпод оролцох тамирчдаа сонгох үеэр нуруу, өвдөгний бэртэл нь дахиад сэдэрсэн. Одоо гайгүй байгаа. Б.Болор-Эрдэнэ Токиод ирэхээс долоо хоногийн өмнө Д.Ганзултай мөргөлдөөд хамраа хугалчихсан. Олимпод оролцуулах боломжийг эрэлхийлээд Токиод авч ирсэн юм.
Энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Хоёр жилийн бэлтгэл, ур чадвар, амжилтыг нь харгалзаж байгаад тамирчдаа сонгосон. Дасгалжуулагч хүн хамгийн сайн тамирчнаа хэзээ ч хасахгүй. Бэртэл, гэмтлийг яалтай билээ. Ганзул, Болор-Эрдэнийн гэр бүлээс, найз нөхдөөс нь уучлалт гуйя. Бэртлийн улмаас оролцуулах боломж үнэндээ гарсангүй. Хэнийг нь ч хасаагүй.
Одоо олимпод оролцохоор сонгогдсон дөрвөн тамирчин ямар ч буруугүй. Сайдын, даргын охин биш. Жирийн айлын хүүхдүүд. Манай багийн охидууд руу зарим хүн их дайрч, сошиалаар элдэв юм бичиж байна. Том тэмцээний өмнө тамирчид руу битгий дайраарай. Уг нь ийм зүйл ярихгүй байя гэж бодож байлаа.
Монгол Улс сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод оролцохоор болсон нь өөрөө том амжилт. Элдэв цуу яриа тараан, бидний дунд битгий яс хаяарай. Хэрвээ алдаа дутагдал байгаа бол бүх хариуцлагыг би хүлээнэ" гэсэн юм.