Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: АТГ-ын шинэ дэд дарга Г.Азжаргал гэж хэн бэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 24 секунд

АТГ-ын дарга З.Дашдаваа хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу анх удаа дэд даргаа томилох гэж байна. Өнөөдөр томилгооны сонсголын зохион байгуулж, дэд даргаар томилох "визээ" дарууллаа. Уг нь Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар 6 жилийн хугацаатай томилуулдаг байсныг өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр болиулсан. Манайх шиг авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэг “цэцэглэсэн” газарт АТГ онцгой чухал субъект. Тэгвэл АТГ-ын шинэ дэд дарга Г.Азжаргалын талаарх зарим сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

Ерөнхийлөгчийн институтээс гадуур хийгдэх АТГ-ын дарга нарын анхны томилгоо

Хуулийн өөрчлөлтийг зарим хүмүүс ихээхэн эсэргүүцсэн. Ялангуяа Ерөнхийлөгчийн институт. Гэхдээ Үндсэн хуулиараа гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь Засгийн газарт хамаарна. Тиймээс гүйцэтгэх байгууллагынхаа удирдлагуудыг ЗГ өөрөө томилдог байх нь эрүүл үзэгдэл. Өнгөрсөн жилүүдэд ингэж чадаагүй тул Ерөнхийлөгчийн хүч, эрх мэдлийг нэмэгдүүлж орхисон. Үүний гороор элдвийн “хонгил” үүсэх, хэн нэгэн тэрхүү “хонгил”-ын түлхүүрийг атгах, шилжүүлэх зэрэг үзэгдлүүд гарах болов. Гэхдээ “хонгил”-ыг ганц АТГ-тай холбож үзвэл өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч АТГ тэргүүтэй томилгоо хийдэг хуулийн байгууллагуудаа дамнуулан “хонгил” үүсгэчихдэг гэж шүүмжлүүлдэг. Тиймээс хуулийн дагуу үүссэн ойлгомжгүй парадоксыг өөрчилж буй эхний томилгоог З.Дашдаваа хийх гэж байна.

Холбооны мөрдөх товчооны үндэсний академи төгссөн ГУРВАН төгсөгчийн нэг

Хууль өөрчлөгдсөнөөс хойш АТГ дотор болон гадуурх хуулийн байгууллагууд дундаас ДЭД ДАРГА болох сонирхолтой хүмүүс “эрчимжсэн”. Хэд хэдэн хүний нэр өнгөрсөн арванхоёрдугаар сард гарч байсан ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, уг томилгоо сонгууль өнгөртөл хүлээгдсэн. Өнгөрсөн тавдугаар сард Г.Азжаргалын нэр дээр тогтсон ч сонгууль дуустал нам дарсан юм. Мөн тэрбээр “АРИН-АП” сүлжээний үндэсний зохицуулагчаар ажилладаг. 2018 оноос хойш манай улс уг сүлжээний даргалагчийн статустай болсон юм.

Г.Азжаргал нь цагдаагийн байгууллагаас гаралтай. Мэргэжлээрээ ажилласан туршлагатай нэгэн бөгөөд Орос, Англи хэлтэй нэгэн аж. Одоогоор АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар тэрбээр ОХУ-д эрх зүйч мэргэжил эзэмшсэн. АНУ-д 2011 онд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-д Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр суралцсан. 2017 онд ОХУ-д Холбооны аюулгүй байдлын институцийг тус тус төгссөн. 2002 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2018 оноос хойш АТГ-д томилогджээ. Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа 4 удаа ЦЕГ-ын мэргэжлийн аварга болсон талаарх танилцуулгыг байнгын хороонд илгээжээ.

МИАТ-ийн “Дайны эрсдэлийн даатгал”, алтны сорьц өөрчилсөн Монголбанкны Эрдэнэсийн сантай холбоотой хэргүүдийн “АВТОР” Г.Азжаргал

Сонирхуулахад, 2011-2014 онд хамаарах хэд хэдэн том хэргүүдийг илрүүлсэн гэх “автор” нь Г.Азжаргал аж. Тодруулбал, Малайз, Сингапур, Хятад, Украин, Энэтхэг, Румын улсын иргэд олон улсын карт ашиглан Монголд залилан хийсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засагтай тэмцэх хэлтсийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа илрүүлж байжээ. 2009 оноос картын хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэж Монголд энэ төрлийн гэмт хэрэг эрчимжиж эхэлсэн. Ингээд нарийн тусгай ажиллагааны үр дүнд уг хэргийг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг таслан зогсоосон байдаг.

Мөн 2013 онд нийгэмд шуугиан тарьсан МИАТ-ийн “Дайны эрсдэлийн даатгал” гэх МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан хэргийг илрүүлж, нэг тийш болгосон ажлыг Г.Азжаргал хийсэн байдаг. Тодруулбал, уг хэрэгт холбогдуулан МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ялыг шүүхээс оноож байв.

Мөн тэрбээр, Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг олсон, Монголбанкны Эрдэнэсийн сантай холбоотой зохион байгуулалттай хэрэг зэрэг томоохон эдийн засгийн гэмт хэргүүдийг илрүүлж байсан нэгэн аж.

Г.Лхагвадорж

С.Энхболд: Цалин нэмэхийг салбарын сайдын хувьд дэмжинэ
С.Энхболд: Цалин нэмэхийг салбарын сайдын хувьд дэмжинэ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.